Цэс

Холбоо барих

Мал сүргийн хаваржилт, хаврын тариалалтын бэлтгэл ажил, нөөцийн махны худалдааны талаарх мэдээллийг сонслоо

Улсын Их Хурлын 2023 оны Хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2023.01.06/ үдээс хойшхи нэгдсэн хуралдааны “Ерөнхий сайдын мэдээлэл”-ийн цагт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун мал сүргийн хаваржилт, хаврын тариалалтын бэлтгэл ажил, нөөцийн махны худалдааны талаар танилцууллаа.

Тэрбээр мэдээлэлдээ, улсын хэмжээнд 15 аймгийн 64 сум зудтай, зудархуу өвөлжсөнөөс өнөөдрийн байдлаар нийт нутгийн 30 орчим хувьд 23.0 см хүртэл зузаан цастай, таван аймгийн 11 суманд зудын, есөн аймгийн 18 суманд зудархуу байна гэлээ. 2022 онд Монгол Улсад нийт 71.1 сая мал тоолуулсны 9.5 сая нь отроор өвөлжжээ. Он гарсаар 564.5 мянган толгой том малын зүй бусын хорогдол гарсан нь нийт малын 0.8 хувь болоод байгаа юм. Мал сүргийн хамгийн их хорогдолтой нь Увс /111336/, Сүхбаатар /72528/, Завхан /71673/, Архангай /69874/, Ховд /34944/ аймгууд байна.

Мал төллөлт эхэлснээс хойш өнөөдрийн байдлаар 200.0 мянга орчим төл хүлээн аваад байгааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд мэдээлэлдээ онцолж, хаваржилтын байдал сайнгүй байгааг мэдээллээ. Цаг агаарын аюулт үзэгдлийн үед Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Шуурхай штаб аймгуудтай өдөр тутам холбогдон мэдээ, мэдээлэл солилцон мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган, Улсын онцгой комисс, тус комиссын Нэгдсэн Шуурхай штаб, Онцгой байдлын ерөнхий газартай нягт хамтран ажиллаж байгааг тэрбээр дурдсан юм. Энэ сарын 8-10 өдрүүдэд Ховд,  Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Дорнод, Дорноговь, Дундговь, Сүхбаатар, Төв аймгийн нутгаар цас орж салхины хурд 16-24 м/с, зарим үед 27-34 м/с хүрч, цасан болон шороон шуурга шуурч цаг агаарын онц аюулт үзэгдлийн хэмжээнд хүрсэн байна. Үүний улмаас Дундговь,  Дорнод аймгуудад  таван иргэн төөрч, есөн аймгийн 15 суманд нийт 41 айлын гэр, нэг саравч, 27 айлын хашаа  нурж, 10 байшингийн дээвэр хуурчээ. Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутагт Мандалговь-Тавантолгой чиглэлийн 220 кВ-ийн цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур багана унасныг хэвийн ажиллагаанд оруулсан байна.

Сайд мэдээлэлдээ өвөлд бэлтгэсэн ажлын талаар дурдаж, малчид 1.1 сая тн өвс, 15.0 мянган тн сүрэл, 88.0 мянган тн ногоон тэжээл, 32.4 мянган тн үйлдвэрийн тэжээл, 47.9 мянган тн гар тэжээл, 13.1 мянган тн дарш, 92.2 мянган тн хужир, шүү бэлтгэснээс одоогийн байдлаар 20.0 орчим хувь нь үлдээд байгааг танилцуулсан юм. Мөн аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 27.5 мянган тн өвс, 11.8 мянган тн тэжээл бэлтгэж, зарцуулсан байна.

Өнгөрөгч намар 20.0 сая малыг эдийн засгийн эргэлтэд оруулсан буюу хүнсэнд хэрэглэжээ.  Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс үхрийн 8000 тн түүхий, 5000 тн дулааны аргаар боловсруулсан мах экспортлохоор баталсан. Мөн адуу, хонь, ямааны түүхий болон дулааны аргаар боловсруулсан махыг бодлогын гэрээний үндсэн дээр тоо хэмжээг хязгаарлахгүйгээр экспортлохоор баталсны дагуу БНХАУ, ОХУ, Япон, Казакстан, Киргизстан, Узбекстан, Азербайжан, Иран, Арабын нэгдсэн Эмират, Катар, Гонконг, Вьетнам улсууд руу гаргаж байна. 2022 онд 16.1 мянган тн, 2023 он гарсаар 17.3 мянган тн мах, дайвар бүтээгдэхүүн экспортлоод байгаа ажээ.

Амьд малын экспортын хэмжээ 2022 оны 10-12 сард 2.4 сая ам.долларын өртөг бүхий 28,503 толгой байсан бол он гарснаас хойш 2.1 сая ам.долларын өртөг бүхий 23,440 толгойд хүрсэн байна.

Газар тариалангийн салбарт 2023 онд улсын хэмжээнд 369.0 мянган га-д улаанбуудай, 69.0 мянган га-д малын тэжээл, 66.0 мянган га-д тосны ургамал, 19.8 мянган га-д төмс, 12.2 мянган га-д хүнсний ногоо, 7.9 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 586.5 мянган га–д тариалалт хийхээр төлөвлөн, 350.0 мянган  га-д уринш боловсруулж бэлтгэхээр  ажиллаж байгаа талаар сайд танилцуулав. Хөдөө аж ахуйг дэмжих сангаас энэ хаврын тариалалтад нийтдээ 10.0 мянган тонн  улаанбуудайн үр олгохын  дотор 5.0 мянган тонн элит үрийг ОХУ-аас авахаар тооцож байгаа аж. Мөн хүлэмжийн аж ахуйд тариалах нарийн ногооны үр худалдан авах ажлыг зохион байгуулж байна. “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан хөрөнгө оруулалт, эргэлтийн хөрөнгийн зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгох юм. Үүний хүрээнд жилийн 5.0 хувийн хүүтэй 110.0 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл олгохын 90 тэрбумыг үр тарианы үйлдвэрлэлд, 20.0 тэрбумыг хүнсний ногооны үйлдвэрлэлд чиглүүлнэ. Мөн газар тариалангийн үйлдвэрлэлийн барилга байгууламж болох зоорь, агуулах, үр тарианы үтрэм, өвлийн хүлэмж барих, услалтын ситем байгуулахад зориулан 232.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл олгоно. Түүнчлэн техник, технологийн шинэчлэл хийх, механикжуулалтыг сайжруулах зорилгоор тухайн жилд худалдан авсан техник, тоног төхөөрөмжийн үнийн дүнгийн 50 хувийг тариаланчдад буцаан олгох, бордоог хөнгөлөлттэй нөхцөлөөр өгөх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж эхлээд байна.

Нөөцийн махыг энэ сарын 15-ны өдрөөс эхлэн үхрийн 1.0 кг ястай махыг 10700 төгрөг, хонины ястай махыг 8600 төгрөг, ямааны ястай махыг 6400 төгрөгийн үнээр нийслэлийн есөн дүүргийн 431 хүнсний дэлгүүрээр худалдан борлуулж эхлээд байна.

Сайдын мэдээлэлтэй холбогдуулж, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл үг хэллээ. Тэрбээр, Монгол Улсын нийт газар нутгийн 70 хувь буюу 110 сая га газрыг малын бэлчээрийн зориулалтаар ашигладаг боловч 65 хувь нь талхлагдсан, 100 000 га нь цөл болчихсон учраас олон газарт мал төллөх боломжгүй байна хэмээн онцлон дурдаад, цөлжилт, бэлчээрийн даац, малын өвчлөл, түүхий эдийг эрүүлжүүлэх вакцин, туулга угаалга, чанаржуулах, үүлдэр угсаа, чанарлаг байдал, бэлчээрээ хамгаалах, отор, хаваржаа, өмчлөл зэрэг асуудалд урьд урьдынхаасаа илүү анхаарч хурдтай ажиллах шаардлагатай байна гэлээ. Мөн тэрбээр, түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоо, стандартыг мөрдүүлэх, улмаар боловсруулан экспортлох боломжийг дэмжиж, уламжлалт нүүдлийн мал аж ахуйгаа урагшлуулах, хүндээ, малчдадаа, тариаланчдад ээлтэй бодлого дутагдалтай байгааг сануулав. Иргэд сонгогчид, малчид тариаланчид эрх баригч намаас урьд өмнөх сонгуулиудад амласан арьс ширийг дотооддоо боловсруулдаг болох, махны экспортын хэмжээг 150 000 тонн хүргэх гэх мэт амлалтуудыг сануулж, нэхэж буйг тэрбээр тэмдэглээд, боловсруулалтыг нэмэгдүүлэхдээ хүчилж хаах биш хөгжих боломжийг хувийн хэвшил, бизнес эрхлэгчдэдээ олгох, уламжлалт нүүдлийн мал аж ахуй, ургацын богино улирлын тариалалт зэрэг хязгаарлагч хүчин зүйлүүдийг уялдуулах, салбарт явуулж байгаа төрийн ойлгомжгүй бодлогыг халах, бодлого зохицуулалтыг сайжруулах, нутгийн брэндинг, эдийн засгийн бүсүүд, тухайлбал, Төв аймгийн Жаргалант, Борнуур, Сэлэнгийн Баянгол, Зүүнхараа тойрсон төмсний, Архангай, Өвөрхангай, Булган аймгийг дамнасан Орхоны хөндийн айргийн, Баянхонгор, Хөвсгөл, Архангай дагасан сарлагийн, Өмнөговь Дундговийг дагнасан тэмээний гэх мэт бүсүүдийг бий болгох зэрэг олон асуудлыг хөндлөө. Мөн нөөцийн махны борлуулалт, нийлүүлэтийг зах зээлийг либералчлах, чөлөөт эдийн засгийг дэмжих зэрэг зорьж буй эдийн засгийн загвар, тэмүүлэлтэйгээ уялдуулж, зах зээлийн гольдрол, зарчим руу нь оруулж, эрүүлээр хөгжих бололцоо бий болгох шаардлагатайг онцоллоо.

Мал сүргийн хаваржилт, хаврын тариалалтын бэлтгэл ажил, нөөцийн махны худалдаа, борлуулалтын талаар Засгийн газраас Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд хийсэн мэдээлэлтэй холбогдуулан гишүүн Ц.Туваан, О.Цогтгэрэл, Б.Пүрэвдорж, Н.Ганибал, Ж.Батсуурь нар асуулт асуулаа. Гишүүд мал сүргийн хорогдол, хаврын хүндрэлтэй холбоотойгоор өвс тэжээлийн үнийн хөөрөгдөл, бэлчээрийн талхлагдлыг бууруулах талаар явуулж буй бодлого, газар тариалан эрхлэгчдэд үрийн, үнийн хөнгөлөлтүүд олгосоор байхад гурилын үнэ өссөөр байгаа, хүнсний ногоо тариалагчдын усжуулалтын системийн хөрөнгө оруулалтыг хэрхэн шийдвэрлэх, нөөцийн махны нийлүүлэлтийг махны худалдааны салбартай хэрхэн уялдуулж, нийцүүлж буй болон экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр хийж буй ажил, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр ямар алхмууд хийгдэж байгаа зэрэг олон асуулт тавьж, хөдөө аж ахуйн салбарт гарч байгаа бодлогын өөрчлөлтийн талаар тодруулга, хариулт авсан юм.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулууны мэдээлэлтэй холбогдуулан иргэдээс www.d.parliament.mn цахим системээр ирүүлсэн асуултыг Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир танилцуулж, хэлэлцүүллээ. Иргэн н.Доржбатаас, энэ хавар нийт малын хэдэн хувь нь хорогдох талаар тооцоо судалгаа хийсэн эсэх, хэрхэн сэргийлэх, хор хохирлыг бууруулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар асуусан байна. Мөн, Дорнод, Сүхбаатар аймгийн иргэд тариалалтыг хэдэн га-д хийхээр төлөвлөсөн, дотоодын хэрэгцээгээ хангах эсэх талаар, Баян-Өлгий аймгийн иргэд мал аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортлоход эрүүл ахуйн асуудал чухлаар тавигддагтай холбоотойгоор мал эмнэлгийн үйлчилгээ, санхүүжилтийн талаар асуужээ. Түүнчлэн иргэн н.Энхболд, малчдын мах, махан бүтээгдэхүүн хямд, арьс шир, дайвар нь үнэгүй шахам байгаад дүгнэлт хийж махны экспортыг нэмэгдүүлэх талаар Засгийн газраас гаргасан шийдвэр, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа болон цөлжилт, бэлчээрийн даацыг зохицуулж буй бодлого, мал сүргийн үүлдэр угсаа, чанарыг сайжруулах талаар хэрхэн анхаарч буй талаар www.d.parliament.mn цахим системээр дамжуулан асуусан байна.

Иргэдийн тавьсан асуултуудад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун болон тус яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ, Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн, Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Тунгалаг нар хариуллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл