Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ удаа Монгол Улсын шүүхийн тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.
Монгол Улсын Засгийн газраас 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан.
Цаг хугацааны хувьд хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй шүүгчийн туслахууд Монгол Улсын шүүхийн тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан хугацаа буюу 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт заасан шаардлага хангах боломжгүй болоод байна.
Мөн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй шүүгчийн туслахуудыг ажлаас чөлөөлсөн тохиолдолд шүүхэд шүүгчийн туслахын хүний нөөцийн хомсдол үүсэж, улмаар шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөл алдагдахад хүрээд байна.
Хууль санаачлагч дээр дурдсан шалтгааны улмаас Монгол Улсын шүүхийн тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлд “Монгол Улсын шүүхийн тухай хууль (Шинэчилсэн найруулга) хүчин төгөлдөр болохоос өмнө шүүхэд ажиллаж байгаа хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл аваагүй шүүгчийн туслах Монгол Улсын шүүхийн тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн 89.1-д заасан шаардлагыг уг хуулийг дагаж мөрдсөнөөс хойш хоёр жилийн хугацаанд хангана.” гэж заасан хугацааг “гурван жил” болгож өөрчлөх зохицуулалтыг хуульд тусгалаа.
Энэ хууль батлагдсанаар Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан шүүгч туслахтай байх, шүүхийн шүүн таслах ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах, улмаар иргэдийн шүүхээр үйлчлүүлэх эрх зөрчигдөхөөс сэргийлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй хэргийн оролцогчдын эрхийг хангаж, шүүн таслах ажиллагааны хэвийн үйл ажиллагаа хангагдаж байна.
Улсын Их Хурлын Тамгын газар