Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга С.Батбаатар өнөөдөр (2023.03.16) НҮБ-ын Хүн амын сангийн Хятад дахь суурин төлөөлөгч бөгөөд Монгол Улсыг хариуцсан захирал, хатагтай Жастин Коулсонтой уулзлаа.
НҮБ-ын Хүн амын сан УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороотой олон жилийн туршид эрүүл мэнд, хөдөлмөр, жендэрийн тэгш эрх байдал, залуучуудын хөгжил, нөхөн үржихүйн эрүүл мэнд зэрэг асуудлуудын хүрээнд хамтран ажиллаж ирсэн. Ийнхүү УИХ-ын бүтцийн байгууллагатай 2017-2022 онуудад Монгол Улсын нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр хамтран ажиллаж ирсэн бол 2023 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр УИХ-ын Тамгын газар Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн Суурин төлөөлөгчийн газартай анх удаа хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байгаа юм.
Монгол Улсыг дэмжих НҮБ-ын 7 дугаар хөтөлбөрийн хүрээнд 5 зорилт дэвшүүлж байгаа бөгөөд уг хөтөлбөр 2027 он хүртэл үргэлжилнэ. Энэ хүрээнд өсвөр үе, залуучуудын бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, жендэрийн тэгш байдал болон хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, хүн амын динамик хөгжлийн чиглэлээр түншлэлийг бэхжүүлэх чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Уулзалтын эхэнд УИХ-ын Тамгын газрын дэд дарга С.Батбаатар НҮБ-ын Хүн амын сангийн Хятад дахь суурин төлөөлөгч бөгөөд Монгол Улсыг хариуцсан захирал, хатагтай Жастин Коулсонг Монгол Улсад анх удаагаа зочилж байгаад талархлаа илэрхийлж, хоёр байгууллагын хамтын ажиллагаа өнгөрсөн хугацаанд үр дүнтэй, амжилттай үргэлжилж ирснийг онцоллоо. Тухайлбал Залуучуудын хөгжлийг дэмжих тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхэд хамгааллын тухай, Эх,хүүхдийн эрүүл мэндийн тухай, Жендэрийн эрх тэгш байдлын тухай зэрэг холбогдох цөөнгүй хууль батлагдсаныг дурдав. Мөн НҮБ-ын Хүн амын сангийн 7 дугаар хөтөлбөрийн 5 зорилтыг харахад орон нутаг, цаашлаад улсын хэмжээний бодлого, хөтөлбөрүүдийг сайжруулах, байгууллагын чадавхыг бэхжүүлэх, тогтолцоог сайжруулах зэрэгт голлон анхаарсан байна. Тиймээс хамтын ажиллагаа илүү далайцтай, үр дүнтэй болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Хатагтай Жастин Коулсон өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлж ирсэн хамтын ажиллагаагаа тэлж, энэ жил хамтран ажиллах хэрэгжүүлэгч байгууллагаар сонгогдсонд баяртай байна. НҮБ-ын хүн амын сангийн улс орныг дэмжих 7 дугаар хөтөлбөрийн хүрээнд өндөр ач холбогдолтой хамтын ажиллагаа болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн Монгол Улс НҮБ-ын хүн амын сангийн мандатын хүрээний асуудал буюу бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, залуучуудын хөгжил, жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг зэрэг хүн амын хөгжлийн асуудлаар хүчин чармайлт гаргаж, бүс нутагтай манлайлан ажиллаж байгааг онцоллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.