Цэс

Холбоо барих

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хувилбарын танилцуулга

       Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулах Ажлын хэсэг төслийн заалт бүр дээр иргэд, судлаачдын санал, олон орны туршлага зэргийг нарийвчлан судлаж төслийн заалтуудыг томъёолж байгаа билээ. Энэхүү төслөөр УИХ-ын хариуцлагыг нэмэгдүүлэн зарим онцгой эрхээсээ татгалзан эрх мэдлийн тэнцвэрийг хангах, шүүгчийн томилгоог улс төрөөс хараат бус байлгах, шүүх засаглалын бие даасан байдлыг бэхжүүлэх, хариуцлага тооцох тогтолцоог бий болгох зэрэг асуудлыг хөндөж байгаа юм. Мөн түүнчлэн мэргэшсэн төрийн албан хаагчийн ажлын байрыг баталгаажуулан улс төрийн шалтгаанаар болон сонгуулийн үр дүнгээр халахыг хориглох, орон нутгийн түвшинд хэт намчирхан улстөржих явдлыг хязгаарлах заалтуудыг оруулж байгаа юм.

    Та бүхэнд хүргэж байгаа 2018 оны 4 дүгээр сарын 20-ны  энэхүү хувилбарт улс төрийн намын санхүүжилт, намын чиг үүрэг, хариуцлагын талаарх заалтуудыг шинэчлэн томъёолсон байна. Ажлын хэсэг ойрын өдрүүдэд хуралдаж Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагатай холбоотой заалтуудыг хэлэлцэх болно.

 

Төсөл

2018.4.20

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСӨЛ

                         I.  УЛСЫН ИХ ХУРАЛ БОЛОН ГИШҮҮНИЙ ХАРИУЦЛАГА

Нэг. Улсын Их Хурлын гишүүний хариуцлагатай холбоотой заалт:

1.1.Санал хураалтад өөрийн биеэр оролцох, бусад гишүүний өмнөөс санал өгөхийг хориглох

27.7.Улсын Их Хурлын гишүүн чуулганы болон Байнгын хорооны хуралдаанд биеэр оролцож санал өгнө. Улсын Их Хурлын гишүүн бусад гишүүнийг төлөөлж санал өгөхийг хориглоно.

1.2.Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд оролцоогүй гишүүнийг эгүүлэн татах

29.4.Улсын Их Хурлын гишүүн чуулганы болон Байнгын хорооны хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй цагийн нийлбэр нь тухайн ээлжит чуулганы нийт хугацааны гуравны нэгээс хэтэрсэн бол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна.

1.3.Улсын Их Хурлын гишүүний насны доод хязгаарыг нэмэх

21.3.Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын гучин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно.

 Хоёр. Улсын Их Хурлын хууль тогтоох ажлын чанар, хариуцлагатай холбоотой 1992 оны заалтын уг эхийг сэргээх:

2.1.   Улсын Их Хурал хууль тогтоох байнгын буюу тасралтгүй ажиллах байгууллага байх нөхцөл шалгуурыг хангах                                                                                                                                                      

27.2.Улсын Их Хурлын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа далан таваас доошгүй ажлын өдөр чуулна.

                    /1992 оны Үндсэн хуулийн уг эхийг сэргээв/

2.2.   Асуудлыг олонхиор шийдэх ардчиллын зарчмыг хангаж, төлөөллийн үүрэг, ач холбогдлыг нэмэгдүүлэх

27.6. Үндсэн хууль, бусад хуульд өөрөөр заагаагүй бол Улсын Их Хурлын нийт гишүүний дийлэнх олонхи нь хүрэлцэн ирснээр чуулганыг хүчинтэйд үзэж, чуулганд оролцсон нийт гишүүний олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ.

                  /1992 оны Үндсэн хуулийн уг эхийг сэргээв /

2.3.Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллахыг хориглох:

29.1.Улсын Их Хурлын гишүүн нь Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол албан үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй.

              /2000 онд оруулсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой орсон заалт/

                               II.   УЛСЫН ИХ ХУРАЛ “ОНЦГОЙ” БҮРЭН ЭРХЭЭСЭЭ ТАТГАЛЗАЖ,  ПАРЛАМЕНТЫН ЗАСАГТ НИЙЦҮҮЛЭХ

Нэг. Улсын Их Хурал сайд нарыг томилдог томилгооны эрхээсээ татгалзаж, Ерөнхий сайдад шилжүүлж байгаа заалт:

 3.1.Засгийн газар бие даан танхимаар ажиллах, хариуцлага хүлээх боломж бүрдэх

39.3.Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнийг томилсон, чөлөөлсөн, огцруулсан шийдвэрийг Ерөнхийлөгч болон Улсын Их Хуралд танилцуулснаас хойш Ерөнхийлөгч 72 цагийн дотор уг шийдвэрийг батламжилна.

3.2.Засгийн газар танхимаар ажиллах болон Ерөнхий сайд хариуцлага хүлээх зарчимтай нийцүүлэх зорилгоор “Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь нэгэн зэрэг огцорвол” Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцордог жишгийг зогсоох

43.2.Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно.

Хоёр. Улсын Их Хурал төсвийн эрх мэдлээ хязгаарлах заалт:

2.1.Улсын төсвийг дураараа өөрчилж төсвийн сахилга батыг алдагдуулдаг буруу жишгийг зогсоох:

25.1.7.Улсын Их Хурал улсын төсвийг хэлэлцэн батлах явцдаа Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр зардлын шинэ төрөл үүсгэх, зарлага нэмэгдүүлэх, улсын төсвийг 2 хувиас дээш алдагдалтай батлахыг хориглоно.

Гурав. Улсын Их Хурал өөрөө тарах шийдвэр гаргах эрхээсээ татгалзаж, Ерөнхийлөгчид шилжүүлж байгаа заалт:

22.2.Монгол Улсын Ерөнхийлөгч дараахь тохиолдолд Улсын Их Хурлыг тараах шийдвэр гаргана:

1/Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэн;

2/Улсын Их Хурлын анхдугаар чуулган хуралдсанаас хойш 45 хоногийн дотор Ерөнхий сайдыг томилоогүй, эсхүл Ерөнхий сайдын бүрэн эрх нь хугацаанаас өмнө дуусгавар болсноос хойш 21 хоногийн дотор Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй.

Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг бүрэн эрхийн хугацаанаас нь өмнө тараах зарлиг гаргахдаа Улсын Их Хурлын сонгуулийн товыг тогтоох бөгөөд сонгуулийн санал хураалт явагдах өдөр нь тарааснаас хойш 60 хоногт багтана.

Ийнхүү тарах шийдвэр гаргасан бол шинэ сонгогдсон гишүүдээ тангараг өргөтөл Улсын Их Хурал бүрэн эрхээ эдэлнэ.

Дөрөв. Ерөнхий сайдыг огцруулах процессийг нарийсгаж, 39 гишүүний саналаар огцруулдаг болгох заалт:

43.4.Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг өргөн мэдүүлсэн тохиолдолд Улсын Их Хурал арван тав хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэнэ.

Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжсэн бол шинэ Ерөнхий сайдыг томилох асуудлыг долоо хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэнэ.

Тав. Засгийн газрын гишүүн бүр Улсын Их Хурлын гишүүнээр давхар ажиллахыг хязгаарлаж, давхар дээлийг 1/3 болгох заалт:

39.1.Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын нийт гишүүний гуравны нэг нь Улсын Их Хурлын гишүүн байж болно.

Зургаа. Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 5 дугаар дүгнэлттэй холбоотой заалт:

21.4.Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцоо, журмыг хуулиар тогтооно.

Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн жилд Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулж үл болно.

                          III.   ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХ, САХИЛГА ХАРИУЦЛАГА, ШУДАРГА ЁСЫГ ТОГТООХТОЙ ХОЛБООТОЙ ПАРЛАМЕНТЫН

ХЯНАЛТ ТАВИХ ЧИГ ҮҮРГИЙГ БЭХЖҮҮЛЭХ

Нэг. Улсын Их Хурал хяналтын чиг үүргээ үр нөлөөтэй хэрэгжүүлэх:

28.3.Улсын Их Хурал нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар хянан шалгах түр хороо байгуулж болно. Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь, эсхүл Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлэг уг хороог байгуулах тухай саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал дахь олонхи, цөөнхийн бүлгийн тэгш төлөөлөл оролцуулсан түр хороог Улсын Их Хурал байгуулна.

28.4.Хянан шалгах түр хороо байгуулах, ажиллах журмыг хуулиар тогтооно.

                              IV.   НАМЫН ЧИГ ҮҮРЭГ, САНХҮҮЖИЛТ, ҮЙЛ АЖИЛЛАГАА ХУУЛЬ ДЭЭДЛЭХ ЗАРЧИМД СУУРИЛСАН

                                                             ХАРИУЦЛАГАТАЙ ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОХ

 

Нэг. Намын санхүүжилт, намын чиг үүрэг, хариуцлагыг дээшлүүлэхтэй холбоотой заалт:

19.1.Нам бол иргэдийн улс төрийн хүсэл зориг, нийтлэг ашиг сонирхлыг илэрхийлж, сонгогдсон төлөөлөгчдөөрөө дамжуулан улс төрийн бодлогыг тодорхойлоход оролцох чиг үүргийг хэрэгжүүлж, үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулна.

19.2.Нам Үндсэн хууль зөрчсөн, улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал болон үндсэн хуульт байгууллын эсрэг үйл ажиллагаа явуулсныг Үндсэн хуулийн цэц хянан шийдвэрлэсэн бол уг намыг Улсын дээд шүүх татан буулгана.

19.3.Намын үйл ажиллагаа, санхүүжилтийн үндсэн зарчим, журам, ил тод байдал, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх болзлыг хуулиар тогтооно. 

               V.   ШҮҮГЧИЙН ТОМИЛГООГ УЛС ТӨРӨӨС ХАРААТ БУС БАЙЛГАХ, ШҮҮГЧИЙН ХАРИУЦЛАГА,

                                                 ШҮҮХЭД ИТГЭХ ИРГЭДИЙН ИТГЭЛИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ

Нэг. Шүүгчийн хараат бус байдал, шүүхийн бие даасан байдлыг бэхжүүлэх заалт:

1.1.    Шүүгчийн томилгоог ил тод болгож, хугацаажуулж, шүүгчээр томилохоос Ерөнхийлөгч татгалзах үндэслэлээ олон нийтэд мэдээлдэг, шүүгчийн томилгооны төлөө эрх бүхий байгууллага, албан тушаалтан хариуцлага хүлээдэг тогтолцоог бий болгох, бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгчийг “томилох” бус шүүгч нар өөрсдөө “сонгодог” болох

51.2.Шүүхийн ерөнхий зөвлөлөөс бүх шатны шүүхийн шүүгчийг томилуулах саналаа Ерөнхийлөгчид хүргүүлнэ. Ерөнхийлөгч Улсын дээд шүүхийн шүүгчийг томилох саналаа Улсын Их Хуралд танилцуулснаас, бусад шатны шүүхийн шүүгчийг Шүүхийн ерөнхий зөвлөл санал болгосноос хойш 10 хоногийн дотор томилно. Ерөнхийлөгч Үндсэн хуульд заасан шаардлага хангаагүйгээс бусад тохиолдолд шүүгчийг томилохоос татгалзахыг хориглох бөгөөд шүүгчийг томилохоос татгалзвал татгалзсан үндэслэлээ нийтэд мэдээлнэ.

Бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгчийг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс 3 жилийн хугацаагаар сонгоно. Ерөнхий шүүгчийг нэг удаа улируулан сонгож болно.

1.2.Улсын Их Хурал Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүний тоог хуулиар өөрчлөх замаар улс төрийн нөлөө оруулдаг эрсдлийг бүрэн хаах

49.3.Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллах бөгөөд арван нэгэн гишүүнээс бүрдэнэ.

49.5.Шүүхийн ерөнхий зөвлөлийг дараах журмаар байгуулах бөгөөд зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно:

1/Ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнд Ерөнхийлөгч болон Улсын Их Хурлаас томилогдсон хоёр хүн, Засгийн газраас томилогдсон нэг хүн, хяналтын шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс сонгогдсон нэг, давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс сонгогдсон хоёр, анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс сонгогдсон гурван шүүгч тус тус орно.

2/Ерөнхий зөвлөлийн Улсын Их Хурлаас томилогдсон болон Ерөнхийлөгчөөс томилогдсон, анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс сонгогдсон тус бүр нэг гишүүн орон тооны байх бөгөөд бүх гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна. Ерөнхий зөвлөлийн даргаар орон тооны гишүүний аль нэгийг дөрвөн жилийн хугацаагаар гишүүдийн олонхийн саналаар сонгоно.

1.3.    Бүх ажил мэргэжлээс зөвхөн шүүгч л “цогц чадамж”-тай (integrity) байхыг хүн төрөлхтөн өдгөө шаардаж байгаатай холбоотой шүүгчийн насны доод хязгаарыг нэмэх, анхан шатны шүүхийн шүүгчээр жинхлэн томилогдохоос өмнө туршилтын хугацаагаар ажиллах, Улсын дээд шүүхийн шүүгчийг хугацаатай томилох нь шударга, ёс зүйтэй, шилдэг шүүгчийг сонгох, шүүхэд итгэх иргэдийн итгэл нэмэгдэх, шударга шүүхээр шүүлгэх иргэний үндсэн эрх баталгаажих

51.3.Хууль зүйн дээд боловсролтой, мэргэжлээрээ арваас доошгүй жил ажилласан, Монгол Улсын дөчин таван нас хүрсэн иргэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр арван жилийн хугацаагаар томилно. Нэг удаа улируулан томилж болно.

Хууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан, Монгол Улсын гучин таван нас хүрсэн иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болно. Анхан шатны шүүхийн шүүгчийн туршилтын хугацаа хоёр жил байна.


                         VI.   ТӨРИЙН  АЛБАН ХААГЧИЙГ  УЛС ТӨРИЙН ШАЛТГААНААР БОЛОН СОНГУУЛИЙН ҮР ДҮНГЭЭР ТӨРИЙН АЛБАНААС ХАЛАХ, ЧӨЛӨӨЛӨХИЙГ ХОРИГЛОХ, ШУДАРГА, ШАТЛАН ДЭВШИХ ЗАРЧИМД СУУРИЛСАН ХАРИУЦЛАГАТАЙ ТОМИЛГООГ БИЙ БОЛГОХ

46.4.Төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, сонгуулийн үр дүнгээр болон хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас халах, чөлөөлөхийг хориглоно. Төрийн жинхэнэ алба нь мэргэшсэн, тогтвортой байх, шатлан дэвших зарчимд үндэслэх бөгөөд түүний хэрэгжилтэд төрийн албаны төв байгууллага хяналт тавина.


                        VII.     ОРОН НУТГИЙН ТҮВШИНД УЛС ТӨРИЙН НАМААРАА ТАЛЦАН ХЭТ УЛС ТӨРЖИХ БАЙДЛЫГ ЗОГСООЖ,

НУТГИЙН УДИРДЛАГЫН ЗАРЧМЫГ БЭХЖҮҮЛЭХ

Нэг. Хотын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх заалт

57.1.Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэл, хотод, аймаг нь сум, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд, хот нь хороонд хуваагдана.

Хоёр. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд улс төрийн намууд нэр дэвшүүлж оролцохгүй байх, иргэдийн төлөөллийн үүргийг нэмэгдүүлэх заалт 

59.3.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд улс төрийн нам нэр дэвшүүлж оролцохгүй бөгөөд баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлаас сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нийслэл, аймаг, хотын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг тус тус сонгож иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг байгуулна. 

Гурав. Сум, дүүргийн Засаг даргын сонгуульд улс төрийн нам нэр дэвшүүлж оролцохгүй байх, иргэн зөвхөн өөрийн нэрийг дэвшүүлэхтэй холбоотой заалт

60.2.Нийслэл, аймаг, хотын Засаг даргыг Ерөнхий сайд, баг, хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилж, чөлөөлнө. Сум, дүүргийн Засаг даргыг иргэд дөрвөн жилийн хугацаагаар шууд сонгож, нийслэл, аймгийн Засаг дарга батламжилж, мөн хуульд заасан үндэслэлээр чөлөөлж, огцруулна.  Сум, дүүргийн Засаг даргын сонгуульд улс төрийн нам нэр дэвшүүлж оролцохгүй бөгөөд иргэн зөвхөн өөрийн нэрийг дэвшүүлнэ.

Дагаж мөрдөх хугацаа: Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 12.00 цагаас эхлэн, Ерөнхийлөгчтэй холбоотой заалтыг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 12.00 цагаас эхлэн улс даяар дагаж мөрдөнө.

 

 

АЖЛЫН ХЭСЭГ

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл