Цэс

Холбоо барих

Инфографик: Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга


Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ  удаа Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай  хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.

Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдоржоос 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан.

Хууль батлагдсанаар Монгол Улсын хууль тогтоомжид үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг сахиулах тусгайлсан чиг үүргийг хэрэгжүүлэхээр заасан боловч төрийн захиргааны албан хаагчийн ангилалд хамаарч байсан Гадаадын иргэн, харьяатын газрын албан хаагчдыг төрийн тусгай албан хаагчийн ангилалд хамааруулан дээрх чиг үүргийг хэрэгжүүлэх нөхцөл, боломжийг бүрдүүллээ.

Гадаадын иргэн, харьяатын газар төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх төрийн байгууллага болсонтой холбогдуулан тус байгууллагын албан хаагчдад тэргүүн зөвлөх, эрхэлсэн зөвлөх, ахлах зөвлөх, зөвлөх цолыг олгох бөгөөд албан хаагчийн албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, цолны, докторын, мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох журам, хэмжээг Засгийн газар тогтоохоор зохицууллаа.


Мөн гадаадын иргэний оршин суух үнэмлэх хэвлэх, олгох үйл ажиллагааг Гадаадын иргэн, харьяатын газар бие даан хэрэгжүүлэхээр хуульчлагдсан бөгөөд үйлчилгээний хөлсний орлогыг байгууллагын нийтийн мэдээллийн дэд бүтэц, түүнийг ашиглах, хөгжүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, албан хаагчийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд зориулан дараагийн жилийн төсөвт тусгаж санхүүжүүлэхээр баталлаа.

Түүнчлэн гадаадын иргэний улсын хяналтын байцаагчийн хилийн боомтод ажилласан нэг жилийг нэг жил 3 сар ажилласанд тооцох зохицуулалтыг нийт албан хаагчдад хамаарахаар өөрчлөн тусгалаа.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг мөн хэлэлцэн баталсан.

Хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах үүднээс 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хуулийг дагаж мөрдөхөөр баталсан болно.

 

Улсын Их Хурлын Тамгын газар

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл