Цэс

Холбоо барих

Инфографик:Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хэмжил зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт

 

Инфографик:Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хэмжил зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт батлагдсан хуулиудын танилцуулга

Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ  удаа Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хэмжил зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт батлагдсан хуулиудын танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.

Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хууль (Шинэчилсэн найруулга)-д нийцүүлэн боловсруулсан 85 хууль, Улсын Их Хурлын 1 тогтоолыг Улсын Их Хурлын чуулганы 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан.

Улсын Их Хурлын 2022 оны 35 дугаар тогтоолоор зөвшөөрлийн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт болон Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль, Хэмжил зүйн тухай хуулийг Зөвшөөрлийн тухай хуульд нийцүүлэх чиглэлээр хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, холбогдох хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгасан.

Монгол Улсад зөвшөөрлийн харилцааг зохицуулж байгаа нийт 160 гаруй хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаагаас 40 гаруй хууль тухайн салбарын зөвшөөрлийн харилцааг нарийвчлан зохицуулж байна.

Зөвшөөрлийн тухай хуулийн зөвшөөрөл олгох, сунгах, шинээр бий болгоход баримтлах зарчим, хэрэгжүүлэх хүрээ, зөвшөөрлийн ангилал, зөвшөөрлийн хугацаа, зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох нийтлэг зохицуулалтад нийцүүлэн нийт 84 хууль, Улсын Их Хурлын 1 тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Үүнд:

1/Зөвшөөрлийн зорилго, эрсдэлийн түвшнийг харгалзан зөвшөөрөлд тавигдах нөхцөл, шаардлагын стандарт, техникийн зохицуулалтыг тогтоох, дагаж мөрдүүлэх зохицуулалтыг Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд нэмж тусгасан. Зөвшөөрөл эзэмшигч энэ хуульд заасан техникийн зохицуулалтыг дагаж мөрдөх үүрэгтэй бөгөөд зөрчсөн тохиолдолд Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болсонд тооцох үндэслэл болно.

2/Хэмжих хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, суурилуулах, засварлах үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагын чадавхыг үнэлэх, хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэхэд тавих шаардлагыг тогтоох стандартыг батлуулж, мөрдүүлэх зэрэг асуудлыг Хэмжил зүйн тухай хуульд нэмж тусгасан. Хуульд өөрчлөлт оруулснаар хэмжил зүйн хяналт шалгалтын үр дүнг сайжруулах, хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлнэ.

3/Зөвшөөрөлтэй холбоотой харилцааг зохицуулж байгаа 84 хуульд заасан зөвшөөрөл олгох, сунгахад тавигдах нөхцөл, шаардлагыг Зөвшөөрлийн тухай хуулийн ангилал, зөвшөөрлийн жагсаалт, зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд, зөвшөөрлийн хугацаа, зөвшөөрөл эзэмшигчид тавигдах нийтлэг шаардлагад нийцүүлэн хуульчилсан. Эдгээр хуульд өөрчлөлт оруулахад тухайн салбарын онцлог зохицуулалтыг харгалзан үзлээ.

4/Зөвшөөрлийн тухай хуульд заасан хүн, хуулийн этгээд хуулиар хориглосон, зөвшөөрөлтэйгөөр эрхлэхээс бусад үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх, зөвшөөрөл эзэмшигчийн эрхийн хязгаарлалтыг хуулиар тогтоох, зөвшөөрөл эзэмшигчид тавигдах нийтлэг шаардлага, эрх, үүргийг дээрх хуулиудын холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүргийг баталгаажуулсан.

5/Зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдэд хүлээлгэх хариуцлага, эрх бүхий этгээдийн бүрэн эрх, зөвшөөрөл олгох эрх шилжүүлэх, зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг хязгаарлах, лиценз, бүртгэл явуулахыг хориглох зэрэгт холбогдох хуулиудын зүйл, хэсэг, заалтыг нийцүүлэв.

6/Зөвшөөрөлтэй холбоотой харилцааг зохицуулж байгаа хуулиудын зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох журмын зохицуулалтыг Зөвшөөрлийн тухай хуульд нийцүүлэн өөрчилж, хүчингүй болсонд тооцохоор хуульчилсан.

7/Зөвшөөрлийн тухай хуульд заасан зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэх журам, зөвшөөрөл олгох тухай шийдвэр гаргах, зөвшөөрлийн баримт бичиг бүрдүүлэх, зөвшөөрлийн хугацааг сунгах, зөвшөөрлийг дуудлага худалдаа, сонгон шалгаруулалтын журмаар явуулахыг хуульд нэмж тусгасан.

8/Зөвшөөрлийн тухай хуулиар зөвшөөрөлтэй холбогдсон харилцааг зөвшөөрлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэх бөгөөд уг сан зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох шийдвэрээс гадна зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэх явцын талаарх мэдээллийг иргэн, аж ахуйн нэгжид нээлттэй, ил тод байлгах нэмэлт зохицуулалтыг эдгээр хуулиудад тусгасан.

9/Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зөвшөөрөл олгохтой холбогдсон улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг зөвшөөрлийн ангилал, хяналт тавихтай уялдуулсан бөгөөд зарим төрлийн зөвшөөрөл олгох, сунгахтай холбоотой улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоосон. Зөвшөөрөл олгох, сунгахад улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлөх, зөвшөөрөл олгоогүй тохиолдолд хураамжийг буцаан олгох зохицуулалтыг дээрх хуулиудад нэмж тусгасан.

Хууль хоорондын нийцлийг хангах зорилгоор Зөвшөөрлийн тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталж, Зөвшөөрлийн тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө Улсын Их Хурлын хэлэлцүүлгийн шатанд байгаа Боловсролын ерөнхий хуулийн, Газрын ерөнхий хуулийн, Геодези, зураг зүйн тухай хуулийн, Кадастрын тухай хуулийн, Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдтэй холбогдуулан эдгээр хуулиар зохицуулж байгаа зөвшөөрлийн харилцааг одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа тус тусын хуулиар зохицуулна. Энэ хуулийг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд дагаж мөрдөнө.

Зөвшөөрлийн тухай хууль (Шинэчилсэн найруулга)-д нийцүүлэн 84 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэхэд ач холбогдолтой юм.

 

Улсын Их Хурлын Тамгын газар

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл