Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ удаа Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.
Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, Х.Булгантуяа, Б.Баттөмөр нар 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан.
Хууль батлагдсанаар дараах зохицуулалтыг хэрэгжүүлэх бодит нөхцөл боломж бүрдсэн. Үүнд:
Эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын хэрэглээнээс гарсан хаягдал бохир усанд олон төрлийн халдвартай, химийн бодис ихээр агуулсан тул төвлөрсөн бохир усны системд нийлүүлэхийн өмнө заавал урьдчилан цэвэрлэх стандарттай бөгөөд энэхүү урьдчилан цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг мэргэжлийн бус байгууллага хариуцсанаас шалтгаалан урьдчилан цэвэрлэх байгууламжийн технологи ажиллагаа алдагдах, цэвэрлэгээний түвшин шаардлага хангахгүйд хүрч улмаар хаягдал усаар дамжин хүн амд халдварт өвчин тархах эрсдэлтэй байна. Иймд эмнэлэг, үйлдвэрийн хаягдал бохир усыг цэвэрлэх байгууламжийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх нөхцөл бүрдсэн.
Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогын Зорилт 6-д “ 2050 он гэхэд хүн амын 90 хувийг стандартын шаардлага хангасан, баталгаат усаар хангах” зорилт дэвшүүлсэн. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд аймаг, орон нутгийн оролцоог нэмэгдүүлэх зохицуулалтыг оруулсан.
Хууль тогтоомжуудад орхигдоод байгаа нэг зохицуулалт бол хот суурин газрын гадаргын болон хөрсний ус зайлуулах асуудал юм. Энэ талаар аль нэг хуульд тодорхой заагаагүй бөгөөд 2014 онд Зам, тээврийн сайдын 77 дугаар тушаалаар “Хот, тосгоны нутаг дэвсгэр, зам талбайгаас бороо, цасны усыг зайлуулах ажлын зурагт төсөл, тооцооны норм /БД 40-302-13/” батлагдсан байдаг. Хэдийгээр Монгол Улсын хот, суурин газрын гадаргын болон хөрсний ус зайлуулах систем тусдаа байхаар төлөвлөгддөг боловч сүүлийн жилүүдэд шинээр баригдаж байгаа хотхон, хорооллуудад гадаргын болон хөрсний ус зайлуулах систем тусдаа төлөвлөгдөхгүй орхигдсоноос төвлөрсөн шугамд нийлүүлж байна. Энэ нь цэвэрлэх байгууламжийн ачааллыг нэмэгдүүлж, үйл ажиллагааг доголдуулдаг тул энэ асуудлыг зохицуулах боломж бүрдсэн.
Цэвэр, бохир усны гадна шугам сүлжээнд гэмтэл, осол гарсан үед түүнийг засварлахын тулд машин механизм ашиглах зай талбайг тооцоолон хамгаалах зурвасыг тогтоодог хэдий ч үүнийг хуулийн зохицуулалтаар хангаснаар хэрэгжих нөхцөл нь бүрдэх юм.
Орон нутгийн нийтийн аж ахуйн байгууллагын удирдлагууд байнга солигдож, мэргэжлийн бус баг бүрдэх улмаар ус хангамж, ариутгах татуургын талаар төрөөс хэрэгжүүлэх бодлого чиглэл алдагдах эрсдэл учирч байна. Иймд орон нутгийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагад тухайн чиглэлээр мэргэшсэн хүнийг хот, суурины ус хангамж, ариутгах татуургын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн тухайн орон нутгийн удирдлага томилж, чөлөөлөх зохицуулалтыг оруулсан.
Хот, суурин газрын ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг төрөөс хараат бусаар зохицуулах, олон улсын нийтлэг жишигт нийцүүлэх шаардлагыг хангаж уг асуудлыг хариуцах байгууллагыг “Хороо “ болгон нэрийг өөрчилсөн.
Энэхүү хууль батлагдсанаар хүн амын унд ахуйн усны үйлчилгээ болон цэвэрлэх байгууламжуудын үйл ажиллагаа сайжирч, улмаар хөрсний бохирдол, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах, эрүүл аюулгүй орчинд ажиллах, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Улсын Их Хурлын Тамгын газар