Цэс

Холбоо барих

Инфографик:Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн танилцуулга

Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ  удаа Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.

Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан.

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль нь 7 бүлэг 26 зүйлтэй бөгөөд төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн бүтээгдэхүүнийг заавал биржээр худалдахаас гадна дараах зарчмын зохицуулалтыг тусгасан.


Үүнд:

Ÿбиржээр арилжаалах бүтээгдэхүүний нэр төрөл, ангиллыг Засгийн газар батлахаар;

Ÿуул уурхайн бүтээгдэхүүнийг тогтоосон хугацаанд, тохиролцсон нөхцөлөөр биет байдлаар ирээдүйд нийлүүлэх болон төлбөр гүйцэтгэх гэрээний төрөл болох Форвард гэрээг;

Ÿбиржээр арилжаалах уул уурхайн бүтээгдэхүүнийг Монголын хөрөнгийн биржийн дэд бүтэц, боловсон хүчнийг ашиглан арилжаалах боломжтой болсон бөгөөд энэ тохиолдолд Засгийн газрын шийдвэрээр гүйцэтгэхээр;

ŸСпот гэрээгээр арилжаалах бүтээгдэхүүн нь биржийн итгэмжлэгдсэн терминалд байршиж, бүртгэгдсэн байхаар;

Ÿарилжааны гэрээний үүрэг хариуцлагыг тухайн арилжаанд зуучилсан брокер хариуцах зэрэг өөрчлөлтийг тусгасан.

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль батлагдсанаар уул уурхайн бүтээгдэхүүний нийлүүлэгч, худалдан авагчийг холбох найдвартай тогтолцоо бий болж, зах зээлийн бодитой ханш тогтох, арилжааны болон гэрээ, хэлцлийн мэдээлэл олон улсын зах зээлд нээлттэй зарлагдсанаар хөрөнгө оруулагчид найдвартай мэдээллээр хангагдах, улмаар Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар нэмэгдэнэ.

Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ, борлуулалтын хэмжээ ил тод болсноор арилжаанаас тооцох татвар хураамжийг үндэслэлтэй тогтоох нөхцөл бүрдэж улсын төсвийн орлого нэмэгдэнэ. Мөн уул уурхайн бүтээгдэхүүнийг нийлүүлэх гэрээний үүргийн хэрэгжилт баталгаатай болж арилжаанд оролцогчдын эрсдэл буурах, хөрөнгө оруулалтын таатай орчин бий болох ач холбогдолтой.

Мөн Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны төлбөр тооцоо Монгол Улсын банк санхүүгийн байгууллагаар дамжин хийгдэж, гадаад валютын орлого нэмэгдэж, ханш тогтворжих, таатай нөхцөл бүрдэнэ.

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуультай хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиудыг баталсан.

     Улсын Их Хурлын Тамгын газар

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл