Цэс

Холбоо барих

Засгийн газарт чиглэл өгөх тухай Өргөдлийн байнгын хорооны 2017 оны 02 дугаар тогтоолд өөрчлөлт оруулахаар тогтов

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2018.04.25/ 14 цаг 40 минутад 55,6 хувийн ирцтэйгээр эхэлж, Өргөдлийн байнгийн хорооны 2017 оны 02 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсох мөн УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хорооны хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэхээр төлөвлөснийг Байнгын хорооны дарга М.Оюунчимэг танилцууллаа.

Хуралдааны эхэнд, УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг хийсэн мэдээлэлдээ, тус Байнгын хороонд Туул голын бохирдлын асуудлаар 6 мянга орчим иргэнээс ирүүлсэн өргөдлийн дагуу сүүлийн 2 жилийн хугацаанд ажлын хэсэг байгуулан ажиллаж, газар дээр нь очиж танилцах, байнгын хорооны хэлэлцүүлэг, хурлыг хэд хэдэн удаа зохион байгуулж Туул голыг бохирдлуулж байгаа хүчин зүйлүүдийг тодорхойлон Засгийн газарт болон холбогдох яам, нийслэлд үүрэг, чиглэл өгснөөр өнөөдөр тодорхой үр дүнд хүрээд байна. Тухайлбал, “Төв” болон “Харгиа” цэвэрлэх байгууламжуудын хөрөнгийн асуудлыг Засгийн газартай хамтран улсын төсөв, гадаадын зээл тусламжийн дэмжлэгтэйгээр шийдвэрлүүлсэн. Цаашид арьс, ширний үйлдвэрүүдийг үйлдвэрийн шинэ бүс рүү шилжүүлэх арга хэмжээг үе шаттай зохион байгуулах, Туул голын сав газрын тусгай хамгаалалтын бүсэд голын хайрга, элс, шавар олборлох үйл ажиллагааг зогсоох, Туул голын эргийн дагуу онцгой болон энгийн хамгаалалтын бүсэд барьсан хашаа, орон сууц, барилга байгууламж болон бусад обьектыг буулгах ажлыг эхлүүлэхээр ажиллаж байна гэлээ.



Ингээд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар түгээмэл тархацтай ашигт малтмалын хуулийн хэрэгжилт, хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олголтын өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийв. Тэрээр, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаар тогтоолын 1 дүгээр заалтаар түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах эрх зүйн орчинг боловсронгуй болгох талаар Улсын Их Хурлаар шийдвэр гаргах хүртэл хугацаанд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохгүй байх чиглэл өгсөн. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 01/443 дугаартай “Тогтоол хэрэгжүүлэх талаар чиглэл өгөх тухай” албан тоотоос хойш УУККС-д ямар нэгэн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийг орон нутгаас бүртгээгүй бөгөөд өмнө нь гаргасан өргөдлийг шийдвэрлэсэн бүртгэл байна. Ашигт малтмал, газрын тосны газрын зүгээс түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар олгогдсон нийт 245 түгээмэл тархацтай ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийн хувийн хэргийг тухайн орон нутагт нь шилжүүлэх ажлыг зохион байгуулсан. Харин УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаар тогтоолын 2 дугаар заалтаар түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох, цуцлах бүрэн эрхийг Ашигт малтмал, газрын тосны газарт буцаах талаар холбогдох хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх гэж заасны дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас Эрдэс баялгийн салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах хуулийн багц төслийг боловсруулан ажиллаж байгаа ба тус ажлын хүрээнд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн асуудлыг шийдвэрлэхээр зорьж байгаа болно хэмээн танилцуулав.

Салбарын сайдын мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, тодруулга авав. Тухайлахад, УИХ-ын гишүүн А.Сүхбат хөрсийг маш ихээр бохирдуулж буй хүчин зүйлсийн нэг бол автомашины хаягдал аккумулятор, үүнд хэрхэн хяналт тавьж ажилладаг талаар тодруулав. Ажлын хэсгээс өгсөн тайлбарт, хаягдал аккумуляторыг худалдан авах эрх бүхий 3 аж ахуйн нэгж байдаг ба иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын дагуу шалгалт хийж, зөрчлийг арилгуулсан, мөн хөрсний шинжилгээ хийхэд зохих түвшинд байгаа нь тогтоогдсон гэв.


УИХ-ын гишүүн Л.Энхболд, Туул голын бохирдолтой холбоотой асуудал анхаарлын төвд байгаа нь үнэн, гэтэл бүтээн байгуулалтын ажил эхэлж байгаа энэ үед түгээмэл тархацтай ашигт малтмал олборлолтын зөвшөөрлийг цуцлах нэрээр зарим аж ахуйн нэгжүүд хохироод байна. Үүнд хуулийн зохицуулалтыг хэрхэн хийж буй талаар тодруулж байлаа.

Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг хэлэхдээ, гол, мөрөн, ундрагын эхээс хайрга, дайрга олборлохыг хориглосон болохоос уулын энгэр зэрэг бусад газраас хориглоогүй болно. Үүнийг зөв ойлгох хэрэгтэй. Учир нь Туул гол орчмоос хайрга, дайрга олборлохыг хориглох үүднээс зарим аж ахуйн нэгжийн лицензийг цуцалсан нь буруу үйл ажиллагаа явуулж байна. Үүн дээр холбогдох байгууллага анхаарч ажиллахыг Ажлын хэсгийн гишүүдэд үүрэг өгөв.

Хэлэлцэх буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Туул голын дагуух баригдсан 895 обьектыг буулгах санал хэлж байсан бол УИХ-ын гишүүн Ц.Гарамжав тусгай зөвшөөрлийг ердийн ашигт малтмалын тухай хуулиар зохицуулах нь зүйтэй. Түүнчлэн УИХ-ын гишүүн А.Сүхбат ашигт малтмал олборлох нэрийдлээр Сэлэнгэ аймагт олгогдсон лицензийн тоог эргэн харах хэрэгтэй гэсэн санал хэлж байлаа.

Ингээд УИХ-ын гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг хуралдааныг дүгнэж, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаар тогтоолын 1.1 дэх дэд заалтад өөрчлөлт оруулах тухай санал хураалгахад УИХ-ын гишүүдийн олонхийн дэмжлэг авлаа.

“1.1.Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох асуудлыг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх,” гэж заасан байна.

Үргэлжлүүлэн УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хорооны хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцлээ.

УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Өргөдлийн байнгын хорооны хийх ажлын төлөвлөгөө нь Улсын Их Хурлын хууль тогтоох болон УИХ-ын бусад шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих гэсэн гурван чиг үүргийн хүрээнд 28 ажил төлөвлөсөн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг хийх ажлын төлөвлөгөөнд агаарын бохирдолтой холбоотой асуудал тусгах санал гаргасныг Байнгын хорооны дарга дэмжснээр өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл