Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар манай улсад айлчилж буй Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд, хатагтай Сушма Сваражийг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд түүх, соёлын олон зууны хэлхээ холбоо, найрсаг харилцаатай, гуравдагч хөрш Бүгд Найрамдах Энэтхэг Улстай тогтоосон харилцаа Стратегийн түвшинд амжилттай өргөжин хөгжиж буйг тэмдэглээд, хатагтай Сушма Сваражийн айлчлал хоёр орны харилцааны түүхэнд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаа илэрхийллээ.
Тэрбээр 2015 онд БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Модигийн Монгол Улсад хийсэн айлчлалыг онцолж, энэхүү айлчлалын дараа хоёр улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чиглэлээр олон чухал арга хэмжээ хэрэгжиж байгааг тэмдэглэлээ. Түүнчлэн энэ өдрүүдэд Улаанбаатар хотноо Монгол, Энэтхэгийн хамтын ажиллагааны хамтарсан хорооны VI хуралдааныг хоёр орны Гадаад харилцааны сайд нар даргалан хуралдуулж, зорилгоо амжилттай хэрэгжүүлсэнд баяр хүргэлээ.
Хатагтай Сушма Свараж “Зуу гаруй жилийн түүхтэй Монголын парламентын тэргүүнтэй уулзаж байгаадаа баяртай байна. Миний хувьд Монгол Улсад анх удаа ирж байгаа бөгөөд БНЭУ-ын Гадаад хэргийн сайдын хувьд 42 жилийн дараа болж буй айлчлал юм. Бид түүх, соёлоор ойр дөт байгаад зогсохгүй бурхны шашнаар дамжуулан оюун санааны хувьд салшгүй хэлхээ холбоотой болсон ард түмэн. Үүн дээр нэмээд биднийг ардчиллын үнэт зүйл, эрчимт хөгжлийн ирээдүй орчин цагт нэгтгэж байна” хэмээн онцоллоо.
Тэрбээр УИХ-ын дарга М.Энхболдыг БНЭУ-д албан ёсоор айлчлахыг урьсан тус улсын парламентын доод танхим Лок Сабхагийн дарга Сумитра Махажаны урилгыг дамжуулсныг талархан хүлээж авлаа.
Уулзалтын үеэр хоёр улсын парламент дахь найрамдлын бүлгүүдийн үйл ажиллагааг дэмжих, харилцааг цаашид өргөжүүлэх, гишүүдийг харилцан айлчлуулж туршлага солилцох, Тамгын газар хооронд нэгэнт тогтсон хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь чухал гэж үзэж байгаагаа санал нэгтэй тэмдэглэв. Хатагтай Сушма Свараж УИХ-ын Тамгын газрын ажилтнууд Энэтхэгт сургалтад хамрагддагийг тэмдэглээд, энэ арга хэмжээг цаашид үргэлжлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.
УИХ-ын дарга М.Энхболд хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагаа 1962 оноос эхэлсэн бөгөөд 2016 онд Хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурсан нь чухал ач холбогдолтой болсныг онцлов.
Сайд, хатагтай Суши Савараж, УИХ-ын дарга М.Энхболд нар боломжит түвшнээс хоцорч байгаа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, илүү олон салбар, хүрээг хамруулан өрнүүлж, харилцан ашигтай, үр өгөөжтэй төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх нь чухал байгааг тэмдэглэлээ. Хатагтай Суши Свараж Монгол, Энэтхэгийн хамтын ажиллагааны хамтарсан хорооны VI хуралдааны үеэр Сайд Д.Цогтбаатар бид хоёр энэхүү асуудлыг дэлгэрэнгүй хэлэлцэж, олон талт хамтын ажиллагааны механизмыг бүрдүүлж, цогц байдлаар асуудалд хандах нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн. Хөдөө аж ахуй, техник технологи, эрүүл мэнд, боловсрол гээд бүхий л салбарт боломж нөөц байна гэлээ.
УИХ-ын дарга М.Энхболд Монгол Улс мал сүргээсээ жилд 1.0 сая шахам тонн сүү авдаг ч түүнийхээ ердөө 8-10 хувийг үйлдвэрийн аргаар боловсруулж байгаа нь тун чамлалттай үзүүлэлт юм. Тиймээс сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг кластерийн чиглэлээр хөгжүүлэхэд Энэтхэг Улстай хамтран ажиллах боломжтой гэж үзэж байна гэв. Түүнчлэн хоёр орны харилцаанд чухал ач холбогдолтой нефть боловсруулах үйлдвэрийн төслийг богино хугацаанд, үр дүнтэй хэрэгжүүлэх, иргэний нийгмийн байгууллагууд болон аймаг, орон нутаг, нийслэл хотуудын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Гадаад хэргийн сайдын хувьд дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Мөн буддын шашны чиглэлээр суралцах өргөн боломжийг монгол залууст олгосоор байдагт нь Энэтхэгийн Засгийн газар, ард түмэнд талархал илэрхийлээд, тэдгээр залуусын амжилттай сурч, амар тайван амьдрах нөхцөл боломжийг хангах, эрүүл мэнд болон нийгмийн бусад асуудалд анхаарлаа хандуулахыг хүссэн юм.
Хатагтай Сушма Свараж эдгээр саналыг бүрэн дүүрэн дэмжиж байгаагаа илэрхийлээд, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр холбогдох яамд хамтран судалгаа дүгнэлт хийж, чиглэл зорилгоо цаг алдалгүй нарийвчлан тодорхойлж, ажил хэрэг болгох талаар хоёр талаас хүчин чармайлт тавих нь чухал юм хэмээн уулзалтын төгсгөлд тэмдэглэлээ.
Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол, Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Б.Ундармаа, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Монгол Улсаас БНЭУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Ганболд, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг нарын зэрэг албаны хүмүүс байлцлаа.
УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
2018.04.25