Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Батлутын санаачилгаар Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран Газрын багц хуулийн төсөл, Геодези, зураг зүйн тухай, Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх хэлэлцүүлгийг Орхон аймагт 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр зохион байгууллаа.
Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, Монгол Улсын Их Хурлын даргын 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 191 дүгээр захирамжаар Газрын багц хуулийн төсөл, Геодези, зураг зүйн тухай, Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Улсын Их Хурлын 21 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг байгуулсан бөгөөд тус Ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байгаагаа дурдаад одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Газрын тухай хууль 2002 онд батлагдсанаас хойш нийт 32 удаа нэмэлт, өөрчлөлт орсныг онцолсон.
Мөн өнөөдрийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн явцад газартай холбоотой олон талт харилцааг зохицуулахад хүндрэлтэй байна. Өөрөөр хэлбэл, 20 жил шинэчлээгүй газрын тухай хуулийг багцаар нь шинэчилж, нийгэм, эдийн засгийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох шаардлагатай байна гэв.
Энэхүү багц хуулийн төслүүдийн талаарх хэлэлцүүлгийг 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс өнөөдрийг хүртэл 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэг, Төрийн ордон, Хэнтий, Дархан-Уул аймагт танхим болон цахимаар зохион байгуулсныг Д.Батлут гишүүн тэмдэглээд уг арга хэмжээнд нийт 10000 гаруй иргэн оролцож, хуулийн төслүүдтэй холбоотой нийт 5300 орчим санал ирсэн. Хэлэлцүүлгүүдээс гарсан саналуудыг хууль тус бүрээр нэгтгэн ажлын хэсгийн хурлаар хэлэлцүүлэхээр ажиллаж байна. Мөн хуулийн төслийг d.parliament.mn цахим сайтад байршуулж, иргэд олон нийтийн саналыг авч байгааг дурдлаа.
Дараа нь Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын Газар зохион байгуулалтын хэлтсийн дарга Ц.Ихбаяр, Геодези зураг зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Л.Золзаяа, Барилга, хот байгуулалтын яамны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбат нар дээрх хуулийн төслүүдийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, хэлэлцүүлэгт оролцогчидтой санал солилцсон.
Хуулийн төслийн танилцуулгад, Газрын тухай хуульд долоон давхардал, 29 зөрчил, 25 хийдэл илэрснийг дурдаад газрын харилцааг 200 гаруй хууль, эрх зүйн актаар зохицуулж байна. Улсын Их Хурлын 2018 оны 54 дүгээр тогтоолоор Иргэний хуулийн суурь зохицуулалт, үзэл баримтлалд нийцүүлэн Газрын тухай болон Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгасан гэж байлаа.
Газрын тухай багц хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд газрын нэгдсэн төлөвлөлтөөр дамжуулан салбар хоорондын уялдааг хангах, зорилтот бүлгийн иргэдэд амины орон сууц, гэр, хашаа барих зориулалтаар тэргүүн ээлжинд газар олгох, иргэн хуулийн этгээд газраа цахим биржээр нээлттэй эдийн засгийн эргэлтэд оруулах, өмчилж авсан газраа шилжүүлэх, худалдаа үйлчилгээний зориулалтаар ашиглах, олон өмчлөгчтэй барилгын доорх газрыг өмчлөгч нарт нь дундын мэдлийн газрын эрхээр олгох, газрын маргаан таслах зөвлөлийг байгуулж, маргаан шийдвэрлэх үйл ажиллагааг түргэн, шуурхай болгох зэрэг зохицуулалтуудыг тусгасан. Мөн газрын багц хуулийн төслөөр нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх, иргэн, хуулийн этгээдэд нөхөх олговор олгох эрх зүйн орчин бүрдэнэ гэж төслийн танилцуулгад дурдаж байлаа.
Хэлэлцүүлэгт оролцогчдоос 30 гаруй иргэн төслийн зүйл, заалттай холбоотой асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, газрын багц хуулийн төслийн онцлог зохицуулалт, газрын харилцаатай холбоотой орон нутагт тулгамдаж байгаа болон хот төлөвлөлтийн асуудал, гадаадын иргэнд дуудлага худалдааны анхны үнээр газар ашиглуулах талаар, газрын асуудлаарх орон нутгийн эрхийг хязгаарласан эсэх, аймаг дундын отрын бүс нутгийн болон 18 нас хүрсэн Монгол Улсын иргэнд газар эзэмшүүлэхтэй холбоотой зохицуулалтын талаар илүүтэй лавласан.
Мөн тусгай хамгаалалтад авах газрыг орон нутгийн иргэдээр хэлэлцүүлдэг байх, иргэнд газрыг өмчлүүлэхдээ тэргүүн ээлжинд зорилтот бүлэгт олгохоор тусгаж байгаа нь тэгш бус байдлыг бий болгохвий хэмээн санал хэлж байв.
Түүнчлэн аймаг, нийслэлийн хилийн цэсийн маргаан малчдын өвөлжөө, хаваржаа, отрын бүс нутаг, тариаланчид, малчдын газрын маргааныг хуулийн төсөлд хэрхэн зохицуулахаар тусгасан талаар тодруулахын зэрэгцээ тусгай хамгаалалттай газар нутгийг газрын нэгдмэл сангийн ангиллаас хасах болсон шалтгаан, багийн Засаг дарга нарын эрх хэмжээг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг холбогдох албаны хүмүүсээс тодруулж, байр сууриа илэрхийлсэн.
Ташрамд дурдахад, уг хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат, Засаг дарга С.Батжаргал, Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ахлах зөвлөх Ш.Ариунжаргал, Барилга, хот байгуулалтын яамны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбат, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батсайхан болон Орхон, Булган аймгийн сумдын Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, багийн Засаг дарга, малчид, иргэдийн төлөөлөл, ногоочид, тариаланчид зэрэг нийт 250 гаруй хүн оролцов.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо