Үндсэн хуулийн цэцийн хуралдааны
танхим 13.45 цаг
танхим 13.45 цаг
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа даргалж, гишүүдэд Н.Жанцан, Т.Лхагваа, Д.Наранчимэг /илтгэгч/, Ц.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Н.Болортунгалагийг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд өргөдөл гаргагч иргэн Н.Ариунболд, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нар оролцов.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн “Өмгөөлөгч багшлах, эрдэм шинжилгээний болон өмгөөллийн хуулийн этгээд, Хуульчдын холбоонд хамаарахаас бусад ажил, албан тушаалыг хавсран эрхлэхийг хориглоно.” гэсэн заалт Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг... эрхэлсэн ажил...-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно”, Арван зургадугаар зүйлийн 4/ дэх заалтын “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах... хувийн аж ахуй эрхлэх эрхтэй ...” гэснийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.
Нэг. Нийслэлийн Баянгол дүүргийн 15 дугаар хорооны оршин суугч, иргэн Н.Ариунболд Үндсэн хуулийн цэцэд гаргасан өргөдөлдөө:
“Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын иргэн нь өмгөөлөгчөөр ажиллах бол багшлах, эрдэм шинжилгээний хуулийн этгээд, өмгөөллийн хуулийн этгээд, түүнчлэн Хуульчдын холбоонд хамаарахаас бусад аливаа ажил, албан тушаалыг эрхлэх боломжгүй болсон байгаа нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4/ дэх заалтаар баталгаажсан хүний эрхийг зөрчсөн байна.
Аливаа улсын иргэн нь тухайн улсынхаа төрийн болон төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлэн ажил, хөдөлмөр эрхэлж байгаа бол тухайн иргэний зарим эрхийг хязгаарлаж, харин түүний оронд нь төрөөс цалин хөлс болон нийгмийн бусад аливаа халамж, боломжийг бусад хүнээс илүүтэй олгодог нийтлэг жишиг байдаг. Энэ нь төр ба түүний нийтийн эрх зүйн үйл ажиллагааны онцлог, шалтгаан, хараат бус байх шаардлагатай урган гардагтай холбоотой байдаг билээ.
Дээр дурдсан хязгаарлалт нь хуульд зааснаар болон гэрээний үндсэн дээр төрийн чиг үүргийг хэрэгжүүлж байгаа зарим хүнд ч хамааралтай байдаг. Тухайлбал манай улсад төрийн чиг үүргийг хуульд заасны үндсэн дээр хэрэгжүүлж байгаа нотариатч иргэний тухайд дээр дурдсан хязгаарлалт хамааран үйлчилдэг. Тухайлбал Нотариатын тухай Монгол Улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт “Нотариатч нь төрийн нэрийн өмнөөс хөндлөнгийн гэрчийн үүрэг гүйцэтгэж, эд хөрөнгийн болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бус харилцаанд оролцож байгаа этгээдэд эрх зүйн зөвлөгөө өгөх чиг үүргийг хэрэгжүүлнэ.”, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Нотариатч багшлах, эрдэм шинжилгээний ажил эрхлэхээс өөр ажил, албан тушаал хавсран гүйцэтгэхийг хориглоно” гэж заасан байдаг.
Харин өмгөөлөгч нь хуульчийн мэргэжлийн туслалцаа үзүүлж, шүүхийн өмнө өмгөөлөл үйлдэхдээ хууль бусаас бусад төрлийн үйлдлийг өмгөөлүүлж байгаа этгээдийн ашиг тусын тулд хийх боломжтой байдаг. Өмгөөлөгч нь зөвхөн өмгөөлүүлж байгаа этгээдийн өмнө эрх эдэлж, үүрэг хүлээн, өмгөөлөл үйлдсэнийхээ төлөө тухайн этгээдээс үйлчилгээний хөлсийг харилцан тохиролцсоноор хүлээн авдаг ба төрөөс ямар нэг цалин хөлс, урамшуулал нийгмийн хамгаалал авдаггүй.
Ийм байтал нийтийн эрх зүйн хүрээнд буюу “төр”-д ажиллаж түүгээр цалин хөлс, нийгмийн хамгааллаа “хариуцуулсан” хүнтэй өмгөөлөгч хүнийг адилтгаж зарим эрхийг хязгаарласан нь тухайн өмгөөлөгч хүний Үндсэн хуулиар баталгаажсан “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, хувийн аж ахуй эрхлэх” эрхийг хуулиар хязгаарласан нь Үндсэн хуульд нийцэхгүй байна.
Өмгөөллийн үйл ажиллагаа нь зөвхөн тухайн үйлчлүүлж байгаа этгээдийн ашиг тусын тулд, хуулийн хүрээнд хийгдэх ёстой байдаг ба энэ нь өмгөөлөгчийг бусад аливаа байгууллага ажил, албан тушаал эрхэлхэд саад болох нөхцөл байдал биш юм.
Нэгэнт хараат бус байх зарчим бүхий төрийн чиг үүргийг хэрэгжүүлдэггүй тул өмгөөлөгч нь өмгөөллийн үйл ажиллагааны зэрэгцээгээр буюу үйлчлүүлэгчийг хохиролд учруулахгүйгээр төрөөс бусад аль нэг байгууллага, аж ахуйн нэгжид ажил, албан тушаал эрхлэх, цалин хөлс авах эрхтэй гэж үзнэ.
Иргэн Н.Ариунболд би “өмгөөлөгч”-ийн ажил эрхэлдэг. Миний бие нийтийн эрх зүйн хүрээнд ямар нэгэн шийдвэр гаргах эрх хэмжээ, үүрэг байдаггүй. Энэ ч утгаараа төрөөс эдийн болон нийгмийн хамгааллын ямар нэг давуу байдал авдаггүй. Иймд өөрийгөө болон гэр бүлээ тэжээн тэтгэх, санхүү эдийн засгийн байдлыг хангах үүднээс өмгөөлөгч ажлынхаа хажуугаар өөр ажил, хөдөлмөрийг цалинтай эрхлэх цаашлаад итгэл үнэмшлийнхээ төлөө эвлэлдэн нэгдсэн олон нийтийн байгууллага, төрийн бус байгууллагад хөлстэй, хөлсгүй ажил эрхлэх эрхтэй.
Маргаан бүхий хуулийн заалт нь хувийн эрх зүйн этгээд өмгөөлөгч иргэнд “өмгөөллийн ажил” эсхүл “өөр бусад” ажлын аль нэгийг сонгох сонголтын тулгалт хийж байгаа нь дээр дурдсан хүний эрхийг хязгаарлаж байгаагаас гадна тухайн хүнийг эрхэлсэн ажлаар нь ялгаварлаж байгаа шинж агуулж байна.
Өргөдлийн шаардлага: Хуульчийн эрх зүйн байдлын тухай хулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт “Өмгөөлөгч багшлах, эрдэм шинжилгээний болон өмгөөллийн хуулийн этгээд, Хуульчдын холбоонд хамаарахаас бусад ажил, албан тушаалыг хавсран эрхлэхийг хориглоно.” гэж заасан нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг... эрхэлсэн ажил ...-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно”, Арван зургадугаар зүйлийн “Монгол Улсын иргэн дараах эрхийг баталгаатай эдэлнэ: ...4/ ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах... хувийн аж ахуй эрхлэх эрхтэй...” гэж заасныг болон Үндсэн хуулийн бусад зүйл заалтыг зөрчсөн эсэхийг тогтоолгох.” гэжээ.
Хоёр. Монгол Улсын Их Хурлын даргын 2013 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 200 дугаар захирамжаар Цэцийн дунд суудлын хуралдаанд оролцохоор томилогдсон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин Үндсэн хуулийн цэцэд гаргасан тайлбартаа:
“...Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасан “Өмгөөлөгч багшлах, эрдэм шинжилгээний болон өмгөөллийн хуулийн этгээд, Хуульчдын холбоонд хамаарахаас бусад ажил албан тушаалыг хавсран эрхлэхийг хориглоно.” гэж заасан нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг эрхэлсэн ажил...-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно.”, Арван зургадугаар зүйлийн 4/ дэх заалтад “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах цалин хөлс авах, хувийн аж ахуйн эрхлэх эрхтэй.” гэж заасан нь Үндсэн хуулийг зөрчөөгүй гэж үзэж түүнд дараах үндслэлийг гаргаж байна:
Хүний эрх түүний дотор халдашгүй эрхийг хангах баталгаа болдог өмгөөлөл, хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх чиг үүргийг институцийн хувьд бэхжүүлэх, бие даасан хараат бус байдлыг бэхжүүлэх, сонирхлын зөрчлөөс ангид байх боломжийг бүрдүүлэх нь төрийн өөрийн үндсэн үүрэг мөн, хууль зүйн салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд энэ асуудал онцгой анхаарлын төвд байж, хуульч мэргэжилтний сахилга хариуцлагыг сайжруулах, мэргэжлийн нэр хүндийг нэмэгдүүлэх, олон нийтэд итгэл даах чадварыг нэмэгдүүлэх, хууль зүйн үйлчилгээг чанартай болгох асуудлыг бодлого болгон Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлан гаргасан.
Энэхүү өөрчлөлтөөр өмгөөлөгч хуульч мэргэжилтний үйл ажиллагаанд баримтлах зарчим, нэгдсэн стандартыг тогтоосны дотор чиг үүргээ хэрэгжүүлэхэд тавигдах зарим хязгаарлалтыг тогтоосны нэг нь мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн заалт юм. Өмгөөлөгч хэдийгээр хувийн эрх зүйн этгээд хэдий ч хувь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шүүхийн өмнө сэргээн тогтоох, хамгаалахад чиглэгдсэн үйлчилгээ үзүүлдэг этгээдийн хувьд түүнд хуулийн тусгай зохицуулалт, хязгаарлалт байх ёстой.
Иргэн Н.Ариунболдын өргөдөлд дурдсанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгээр өмгөөлөгчид давхар ажил, албан тушаал хавсран эрхлэхийг хориглохоор заасан нь ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хязгаарласан, түүнчлэн өмгөөлөгчийн ажил, эсхүл өөр бусад ажлын аль нэгийг сонгох сонголтын тулгалт хийж байгаа асуудал биш бөгөөд харин ч түүнд эрх, үүргээ хэрэгжүүлэх хууль зүйн боломжийг буюу хараат бус, сонирхлын зөрчлөөс ангид ажиллах, асуудалд бодитой хандах, үйлчлүүлэгчийн өмнө хариуцлага хүлээх эдийн засгийн чадвартай байх боломжийг бүрдүүлэхэд чиглэгдсэн гэж үзэж байна. Өмгөөлөгч нь өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ мэргэжлийн алдаа гаргаж иргэнийг хохироосон бол хохирлыг барагдуулах, хариуцлага хүлээх бүрэн чадамжтай байх, түүнд өөр ажил, албан тушаал хавсран эрхлэх байдлаар бусад хүчин зүйл нөлөөлдөггүй байхыг харгалзан үзсэн. Энэ агуулгаараа Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн заалт нь Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэсэн төрийн үүргийг, Арван зургадугаар зүйлийн 14/ дэх хэсэгт ”Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ...хууль зүйн туслалцаа авах...” иргэний эрхээ хэрэгжүүлэх баталгааг бий болгоход чиглэгдсэн гэж үзэж байна.
Дээр дурдсаныг үндэслэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн “Өмгөөлөгч багшлах, эрдэм шинжилгээний болон өмгөөлийн хуулийн этгээд, Хуульчдын холбоонд хамаарахаас бусад ажил, албан тушаалыг хавсран эрхлэхийг хориглоно.” гэсэн заалт нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 4/ дэх заалтыг зөрчөөгүй гэсэн тайлбарыг үүгээр Танд уламжилж байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭЛ:
1. 1958 оны 6 дугаар сарын 25-ны өдөр баталж, 1960 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүчин төгөлдөр болсон Алагчилахгүй байх (ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлт) тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 111 дүгээр конвенцийн 1 дүгээр зүйлийн 2-т “Тодорхой ажлын онцлогтой холбоотой тавигдах шаардлагад үндэслэсэн ялгаварлах, хавчин гадуурхах, эсхүл давуу байдал олгох үйлдлийг “алагчилах” хэмээх ойлголтод хамааруулахгүй” гэж зааснаас үзэхэд тодорхой ажил, албан тушаал, мэргэжлийн онцлогтой холбоотойгоор хуулиар зарим хязгаарлалт, нэмэлт шаардлага, шалгуур тогтоож болохоор байна.
2. Өмгөөлөгчийн гүйцэтгэж байгаа мэргэжлийн үйл ажиллагааны онцлогтой холбогдуулан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт “өмгөөлөгч багшлах, эрдэм шинжилгээний болон өмгөөллийн хуулийн этгээд, хуульчдын холбоонд хамаарахаас бусад ажил, албан тушаалыг хавсран эрхлэхийг хориглоно” хэмээн зааж хязгаарлалт тогтоосон нь Үндсэн хуулийн зөрчлийн шинж агуулаагүй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС
ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:
1. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн “Өмгөөлөгч багшлах, эрдэм шинжилгээний болон өмгөөллийн хуулийн этгээд, Хуульчдын холбоонд хамаарахаас бусад ажил, албан тушаалыг хавсран эрхлэхийг хориглоно.” гэсэн заалт Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг... эрхэлсэн ажил...-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно”, Арван зургадугаар зүйлийн 4/ дэх заалтын “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах... хувийн аж ахуй эрхлэх эрхтэй ...” гэснийг тус тус зөрчөөгүй байна.
2. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.
ДАРГАЛАГЧ Ж.АМАРСАНАА
ГИШҮҮД Н.ЖАНЦАН
Т.ЛХАГВАА
Д.НАРАНЧИМЭГ
Ц.САРАНТУЯА