Цэс

Холбоо барих

Зөвлөлдөх санал асуулгад оролцогчид “Иргэний болон улс төрийн эрх, хариуцлага” сэдвээр хэлэлцлээ

Улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, үндэсний зөвшилцлийг хангах "Зөвлөлдөж шийдье" улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны зөвлөлдөх уулзалт өнөөдөр /2023.02.14/ нээлтийн арга хэмжээний дараа “Иргэний болон улс төрийн эрх, хариуцлага” сэдэвт нэгдсэн хэлэлцүүлгээр эхэлсэн юм.


Зөвлөлдөх уулзалтын нэгдсэн хэлэлцүүлэгт зөвлөлдөх санал асуулгын үндсэн сэдвүүдийн үндэслэл шаардлагын талаар эрдэмтэн судлаачид, мэргэжлийн хүмүүс тэнцвэртэй мэдээлэл өгөх зохицуулалттай бөгөөд энэ хүрээнд МУБИС-ийн Сургалт, хамтын ажиллагааны газрын дарга, доктор (Ph.D), дэд профессор Н.Мягмарцоож, Удирдлагын Академийн Эрх зүйн тэнхмийн эрхлэгч, доктор (Ph.D), дэд профессор А.Алтанзул нар илтгэл тавьж, мэдээлэл өглөө.


Мэдээллийн эхэнд доктор, дэд профессор Н.Мягмарцоож, 1990 оноос монголчуудын сонгож авсан ардчилсан тогтолцооны нэг чухал зүйл болох улс орны өмнө тулгамдсан тодорхой асуудлыг иргэд нь хоорондоо ярилцдаг, тодорхой шийдвэрт нөлөөлдөг, оролцдог байх зүйлийг бий болгох гэж урт хугацааг туулсан хэмээсэн. Тэрбээр, Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль энэхүү тогтолцоог бий болгоход чухал үүрэг гүйцэтгэсэн хэмээн үздэгээ илэрхийлсэн юм.

Илтгэгчид иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, эрх чөлөөг хангах, тайван жагсаал цуглаан зохион байгуулах эрхийг хязгаарлахгүй байх, гадаадын улс оронд оршин суугаа иргэдийн сонгох, сонгогдох эрхийг бодитоор хэрэгжүүлэх, гадаадад төрсөн монгол хүүхдүүдийн давхар иргэншлийн асуудлыг шийдвэрлэх, төрийн үйл ажиллагааг иргэд, олон нийтэд нээлттэй болгох, төрийн албан хаагчдын хөрөнгө, орлогын мэдүүлгийн зэрэгцээ зарлагын мэдүүлгийг давхар авдаг болох зэрэг олон суурь асуудлын талаар дутагдалтай болон сул талтай нь тэнцвэртэйгээр танилцуулав.

Үргэлжлүүлэн Зөвлөлдөх санал асуулгад оролцогчид 54 жижиг хэсэгт хуваарилагдан дээрх асуудлыг хөндлөнгийн нөлөөгүйгээр өөр хоорондоо ярилцсан бөгөөд эргэн нэгдсэн хэлэлцүүлгийн танхимдаа цуглан хэсэг бүрээс гарсан асуултууддаа экспертүүдээс хариулт авснаар нэгдсэн хэлэлцүүлэг түр завсарлалаа.

Үдээс хойш оролцогчид экспертүүдээс асуулт асууж хариулт авах бөгөөд “Парламентын ардчилал” сэдвээр үргэлжлүүлэн хэлэлцэнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл