Цэс

Холбоо барих

“Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын Зөвлөлдөх уулзалтыг нээж, УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үг

 

  Эрхэмсэг хатагтай, ноёд нар аа,

  Хүндэт зочид оо,

Та бүхнийхээ энэ өдрийн амар амгаланг айлтгая.

Монгол Улсын түүхэнд хоёр дахь удаагаа болж байгаа үндэсний хэмжээний Зөвлөлдөх санал асуулгад оролцож, Зөвлөлдөх уулзалтад ард иргэдээ төлөөлөн ирсэн Та бүхэнд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ өргөн дэвшүүлье.

Энд хуран цугласан Та бүхэн Монгол төрийн түүхэнд үлдэх томоохон үйл хэрэгт оролцох гэж байна.

Монгол Улс ардчилсан тогтолцоог сонгон замнаснаас хойш 30 гаруй жил өнгөрлөө. Бид сонгосон ардчилал, хүний эрх, эрх чөлөө, парламентат ёс, чөлөөт зах зээлийн зарчмаас ухрах ёсгүй, урагшлах ёстой. Ийнхүү урагшлахад тулгамдаж буй, нийгмийн бухимдлын шалтгаан болж байгаа шударга ёс хариуцлагын тогтолцоо, эдийн засгийн хүндрэл, нийгмийн хүртээмжтэй байдал зэрэг хуримтлагдсан асуудлуудыг зоримог шийдвэрлэхийг нийгэм, цаг үе биднээс шаардаж байна.

Дэлхийн тектоник өөрчлөлтийн шинэ үед гадаад, дотоод нөхцөл байдлаа үнэлэн цэгнэж, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, эв нэгдлээ эрхэмлэж, үндэсний зөвшилцлийг хангаж, үүний зэрэгцээ шударга ёс, ирээдүйн сайн сайхны төлөө өөрчлөлтүүдийг хийх цаг үе иржээ.

Ийм учир улс төр, нийгэм, эдийн засагт тулгарч буй үндсэн асуудал, түүнээс урган гарч байгаа хүндрэл бэрхшээл, алдаа оноог иргэдтэйгээ ил тод, нээлттэй, өргөн хүрээнд хэлэлцэн зөвшилцөж тодорхойлох нь зүйтэй гэж үзэж “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах Улсын Их Хурлын тогтоолыг баталж гаргасан.


Дэлхий даяар ардчилал өөрийн гэсэн сорилт бэрхшээлтэй тулгарч байна. Парламентын ардчиллаа улам төгөлдөржүүлэхийн тулд зөвхөн төлөөллийн ардчиллын түвшинд төлөөлөгчөөр сонгогдсон төлөөлөгчид буюу УИХ гишүүд төдийгүй нийт ард түмнээ төлөөлж чадах математик- статистикийн шинжлэх ухааны түүврийн аргачлалаар сонгогдсон та бүхний саналыг асууж, гэхдээ зөвхөн санал асуух төдийд бус тэнцвэртэй мэдлэг мэдээллээр хангаж, нийт ард түмнийг төлөөлөх бага олонлог болсон та бүхэнтэй хоёр өдрийн турш хэлэлцье гэж шийдсэн юм.

Энэ удаагийн зөвлөлдөх санал асуулга өөрийн онцлогтой болж байна. Зөвлөлдөх санал асуулгыг зөвлөлдөх ардчиллын онолын түвшинд  үзэхдээ, шийдвэр гаргах эрх бүхий этгээдүүд буюу УИХ-ын гишүүд өөрсдөө сэдвээ сонгоод, энэ асуудлуудыг шийдэхэд ард иргэдийн маань  санал бодол ямар байна вэ гэдгийг тандан судалж, мэдэж түүн дээр үндэслэн шийдэр гаргахад чиглэгддэг. Энэ удаа нийгмийн олон кластер бүлэглэл, иргэний нийгмийн байгууллага, улс төрийн намуудаас маш олон асуудал тавьж байгаа учир УИХ өөрөө шийдэхээсээ илүү, үүнийг гурван шаттай зохион байгуулж байна гэж үзэж болно.


Нэгдүгээрт, эрдэмтэн, судлаачидтай хамтарч “Нийгэм улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудал, гарц, шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж, эрдэмтэн судлаачдынхаа үгийг сонссон. 

Энэхүү эрдэм шинжилгээний хурлаар хөндөгдсөн улс төр, нийгэм, эдийн засгийн асуудлууд, шийдэх арга замын талаар улс төрийн нам, иргэний нийгэм, ард иргэдийн төлөөллийг оролцуулан “Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл-нийгмийн зөвшилцөл” сэдэвт чуулга уулзалтыг мөн зохион байгууллаа.

Эдгээр хурал, чуулга уулзалтаар хамгийн их хөндөгдсөн асуудлуудын талаар, түүний шийдлийн талаарх ард иргэдийнхээ нийтлэг хүсэл эрмэлзлэлийг тандан судалж, нэгтгэн дүгнэх зорилгоор бид “Зөвлөлдөж шийдье” үндэсний хэмжээний зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулж байна. Энэхүү үндэсний хэмжээний зөвлөлдөх санал асуулгын сэдвийг Зөвлөлдөх зөвлөл хараат бусаар бие дааж шийдвэрлэсэн.

Энэ удаагийн Зөвлөлдөх санал асуулга:

• иргэний болон улс төрийн эрх, хариуцлага;

• парламентын ардчилал;

• эдийн засаг, баялгийн сан, төвлөрлийг сааруулах;

• нийгмийн тулгамдсан асуудлууд гэсэн дөрвөн багц асуудлын хүрээнд хоёр өдөр зөвлөлдөж, мэдлэг, мэдээлэлтэй болсны үндсэн дээр санал бодлоо илэрхийлнэ.

Зөвлөлдөх санал асуулгын гол зорилго нь социологи, математикийн шинжлэх ухааны аргачлалаар нийт ард түмнийг төлөөлж чадахуйц иргэдийг түүвэрлэн  цуглуулж байгаа хэрэг юм. Өөрөөр хэлбэл, нийт монголын ард түмнийг төлөөлж чадахуйц хүмүүс нэг дээвэр дор цугларч байна. Та бүхний дотор малчин, эмч, багш нар болон эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуучуудын гэх мэт мэргэжил, боловсрол, нас, хүйс, орлогын түвшин харилцан адилгүй нийгмийн бүх давхаргын төлөөлөл байна. Үүнийг Үндэсний статистикийн хороо бие даан зохион байгуулсан.

Энэ бол улстөрийн зорилгоор үзэл бодлоо илэрхийлдэг цуглаан биш, нийт  ард түмний төлөөлөл цуглараад байна. Ард иргэдийн оролцоог хангах үйл явц нь  ардчиллын үндсэн зарчим юм.


Нөгөө талаас төрийн хэрэгт оролцож буй иргэдийг мэдлэг, мэдээллээр хангах нь хамгийн чухал юм. Мэдлэг, мэдээлэлгүй байж, сэтгэлийн хөдөлгөөнөөр гаргасан шийдвэр алдаатай байдаг. Амьдрал ч үүнийг нотолдог, ардчилал ч үүнийг баталдаг. Та бүхэнд эхлээд хэлэлцэх гэж буй асуудал, дэвшүүлж асуултын талаар  эерэг, сөрөг талтай тэнцвэртэй мэдээллийг хүргэнэ. Та бүхэн ч бас үүнд хяналт тавьж, хэрсүү хандах ёстой юм.  

Үүний дараа жижиг бүлгийн хэлэлцүүлэг болно. Танхимын уулзалтууд бол үзэл бодлоо илэрхийлэх гэсэн хэсэг хүмүүсийн индэр болдог бол хэсэг бүлгээрээ ярилцах нь хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх боломжийг бүрдүүлдэг. Та бүхэн 15, 15- аараа бүлэгт хуваагдана. Та бүхнийг асуудлаа чөлөөтэй хэлэлцэх боломжоор хангах, чиглүүлэх үүрэг бүхий модератор ажиллана. Жишээлбэл, төрийн хяналт, шалгалт, сахилга хариуцлагыг сайжруулах, шударга ёсыг хангахын тулд бие даасан хараат бус төрийн хяналт, шалгалтын  тогтолцоог буй болгох асуудлаар жижиг бүлгүүдээр хэлэлцээд, асуултаа бэлдэнэ. Үүний дараа эргэн цуглаж, экспертүүдээс асуултаа асуух гэх мэт дарааллаар үргэлжлэх учраас хүн бүрийн оролцоог хангаж байна гэсэн үг юм.

Бидний хэлэлцэх эхний сэдэв бол  улс төрийн хариуцлага, сахилга, нийгмийн шударга ёсыг бэхжүүлэхэд төвлөрч байна.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр төрийн хариуцлага, шударга ёсыг сахих Үндсэн хуулийн байгууллага буй болгох заалтын  дагуу УИХ-ын Хяналт шалгалтын хуулийг боловсруулан баталсан. Ийнхүү парламентын бүтцэд Хянан шалгах Түр хороо байгуулан ажиллаж байна. Энэ хууль хэрэгжиж, Түр хороо ажиллаж  эхэлснээр олон асуудлыг ил тод гаргаж ирлээ. Тухайлбал, Хөгжлийн банкны луйвар, нүүрсний хулгай зэрэг хууль бус үйлдлүүдийг Хяналт шалгалтын Түр хороо илчлэн гаргаж ирсэн. Харин өнөөдөр энэ асуудлыг нэг шат ахиулан, төрийн хариуцлага, хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх бие даасан байгууллага байгуулах боломж байна.  Үүнд хоёр загварыг гаргаж байгаа.

Азийн эрх зүйд төрийн хариуцлага, хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэхэд манайд өмнө нь ажиллаж байсан шиг  Ардын хянан шалган хороо шиг байгууллага байх ёстой гэж манай ахмадууд санал гаргадаг. Энэхүү байгууллага ард түмнийг төлөөлж УИХ, Засгийн газар, хууль, шүүхийн байгууллагуудад төрийн хяналтыг хэрэгжүүлдэг.

Европын загварт бол төрийн хяналт шалгалтыг  Үндсэн хуулийн байгууллага байгуулан хэрэгжүүлэхийг чухалчилдаг. Өөрөөр хэлбэл, одоогийн ажиллаж буй УИХ-ын Хянан шалгах Түр хороо шиг загвар байна.


Хууль засаглах ёсыг төлөвшүүлсэн, шударга ёс тогтсон улс орнуудад иргэний болон нийтлэг эрх ашгийг хамгаалах байгууллагууд үр дүнтэй ажилладаг. Харин хуулийн засаглал харьцангуй сул улс орнуудад Үндсэн хуулийн байгууллага байгуулах замаар хяналт, шалгалтыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж судлаачид үздэг.

Дараагийн асуудал бол парламентын ардчиллыг төгөлдөржүүлэх тухай хэлэлцэнэ. Парламентын ардчиллын талаар  олон ургалч үзэл бий.  Хоёр шатлалтай танхимтай болгох нь зүйтэй гэдэг бол нөгөө хэсэг нь танхимыг давхарласнаараа сайжрахгүй ч гэж үздэг хэсэг бий.

Харин парламентын цөөнхийн хяналтыг хүчтэй болгох буюу Хяналт, шалгалтын хорооны төлөөлөх чадварыг сайжруулах нь олон улсын жишиг хэмээн  үзэж байна. Өөрөөр хэлбэл, сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгож, мөнгөнөөс хараат бус байлгах ёстой. Хүн амын 30 хувь нь ядууралтай байгаа нөхцөлд яалт ч үгүй мөнгөний сонгууль болж байна. Ийм учраас мөнгөнөөс хараат бус сонгуулийг зохион байгуулж, нийт ард түмнийг төлөөлж чадахуйцаар төлөөллийн байгууллагаа сонгох нь зүйтэй.

Хоёрдугаарт, баялгийн  тэгш хүртээмжтэй хуваарилалт, эдийн засгийн реформын асуудал хөндөгдөж байна. Монгол Улсын экспортын бүтээгдэхүүний 90 гаруй хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн байна. 2003 онд экспортын бүтээгдэхүүний 50 гаруй хувь нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн байсан. Харамсалтай нь үндэсний үйлдвэрлэлийг өмч хувьчлалаар дампууруулсан. Үүнээс улбаалан ажилгүйдэл, ядуурал нэмэгдэн уул уурхайгаас хамаарсан эдийн засагтай боллоо. Тиймээс баялгийн санг буй болгох, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгасан асуудлыг хэрэгжүүлэх шаардлагатай байна. 

Дөрөвдүгээрт, нийгмийн бодлогын асуудал хөндөгдөнө. Тэр дундаа халамжаас хөдөлмөрт шилжье, нийтийн эрүүл мэндийг хамгаалья, боловсролыг  хүртээмжтэй болгох зэрэг асуудлуудын талаар хэлэлцэх юм. 


УИХ-аас Засаглал-улс төрийн, Эдийн засгийн, Хүний хөгжлийн 3 бүлэг 10 багц хуулиар Шинэ Сэргэлт-Эрх Зүйн шинэчлэлийг хийхээр зорьж байна. Та бүхний хэлэлцүүлэг, түүнээс гаргах Зөвлөмж ч эдгээр хуулиудад тусгалаа олж, Төрийн бодлого, шийдвэр үр дүнтэй гарч, шинжлэх ухааны үндэслэлтэй, ард түмний санал бодолд тулгуурласан шийдвэр гарах нөхцөл бүрдэнэ хэмээн үзэж байна. 

  Эрхэм нөхөд өө,

Монгол Улсын Их Хурал Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг 2017 онд баталсан. Төлөөллийн ардчилал гэж УИХ-ын гишүүд нь ард түмнээсээ тасрах биш, ард иргэдийнхээ дуу хоолойг сонсдог арга механизмыг бүрдүүлж эхэлсэн.

Энэ хуулийн дагуу Зөвлөлдөх санал асуулгын нэг дэх шатны санал асуулгыг Монгол орон даяар математик-статистикийн санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 1,570 иргэнээс авсан.

Өнөөдөр энэ танхимд эхний шатанд оролцсон 1,570 иргэнээс мөн түүврийн аргаар сонгогдсон 800 гаруй иргэд маань хуран цуглаад байна.

Та бүхэн нийгмийн бүхий л давхарга, мэргэжил, сонирхлын бүлэг, нас, хүйсийг төлөөлж байна. Өөрөөр хэлбэл, Монголын ард түмэн хэмээх Их олонлогоос сонгогдсон Бага олонлог нь та нар юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” гэж заасан байдаг. Хоёр өдрийн турш үргэлжлэх Зөвлөлдөх уулзалтаар Та бүхэн энэхүү засаглах эрхээ эдлэх болно. Төрийн үйл хэрэгт оролцох үйл явц зөвхөн энэ уулзалтаар, өнөөдөр маргаашаар хязгаарлагдах ёсгүй.


Ард түмний төлөөллийн байгууллага болох Улсын Их Хурлаас цахим шилжилт хийж, ард иргэдийнхээ санал бодлыг төрийн бодлого боловсруулах, хууль тогтоох үйл ажиллагаанд тусгахын тулд “D-Parliament” цахим системийг бий болгон ажиллуулж байна. Энэхүү цахим системээр Та бүхэн Зөвлөлдөх санал асуулгаас гарсан Зөвлөмжийн мөрөөр авах арга хэмжээний талаарх УИХ-ын шийдвэрт санал бодол тань туссан эсэхийг нягталж, саналаа өгөх боломжтой.

Бид монгол хүмүүс. Монголынхоо төлөө цохилох зүрх хүн бүхэнд байгаа. Тиймээс Монголоо гэсэн сэтгэлээр, Монголын төлөө гэсэн итгэлээр асуудалд хандаж, зөв мэргэн шийдвэр гаргаж чадна гэдэгт итгэж байна. Чадах ч ёстой. Сөргөлдөж, тэмцэлдэх биш, эвээ хичээж, зөвийг цогцлоохын төлөө хамтран зүтгэцгээе.

  Та бүхэндээ амжилт хүсэж, Зөвлөлдөх уулзалтын үйл ажиллагаа нээснийг мэдэгдье.

Улаанбаатар

2023 оны 02 дугаар сарын 14

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл