Төлбөрийн тэнцлийг сайжруулах боломжийн талаар хэлэлцэв
Улсын Их Хурлаас санаачилж, Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран өнөөдөр (2023.02.10) зохион байгуулж буй “Экспортыг дэмжих, эдийн засгийг тогтворжуулах боломж, шийдэл” хэлэлцүүлэг Төрийн ордонд үргэлжилж байна.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Төлбөрийн тэнцлийг сайжруулах боломж” сэдэвт илтгэл танилцууллаа. Хэлэлцүүлгийн эхэнд тэрбээр эдийн засгийн гадаад, дотоод орчны талаар мэдээлэл өгөв. Инфляцын түвшин 2022 оны зургадугаар сард 16.9 хувь буюу хамгийн өндөр түвшинд хүрсэн бөгөөд үүнээс хойш буурч, 2023 оны нэгдүгээр сард 12.3 хувьд хүрсэн байна. Бууралт энэ хэвээр үргэлжилвэл энэ оны хоёрдугаар хагаст инфляц нэг оронтой тоогоор илэрхийлэгдэх боломжтой хэмээн Төв банк тооцож байгаа аж. Мөнгөний хатуу бодлого үргэлжилж байгаа бөгөөд бодлогын хүү 13 хувь байгаа, инфляц зорилтот түвшинд хүртэл энэ хэвээр хадгална гэдгийг илтгэлийн үеэр мэдээлсэн. Ирэх 2024 онд инфляц зорилтот түвшинд хүрч, тогтворжих тооцооллыг мөн ташрамд дурдсан.
12.3 хувийн инфляцын 5.8 хувь нь газрын тосны болон хүнсний бүтээгдэхүүн голлох импортын нөлөөллөөс үүдэлтэй болохыг тайлбарлав. Шатахууны өсөлт 15.7 хувь, хатуу түлш 25.5 хувь, хүнсний бүтээгдэхүүн дунд талх, гурил, будааны өсөлт 32.4 хувь, өөх тосны төрлийн бүтээгдэхүүний өсөлт 35.4 хувь байгаа нь инфляцад нөлөө үзүүлэхүйц байгаа гэв.
Монгол Улсын эдийн засаг 2022 онд 4.5 хувийн өсөлттэй байх төсөөлөл гарсан бөгөөд үргэлжлүүлэн Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн эдийн засгийн төлөв байдлын талаар танилцууллаа. Цар тахлын өмнө буюу 2019 онд Монгол Улсын эдийн засаг 5.6 хувийн өсөлттэй байсан бол 2020 онд 4.6 хувиар агшиж, 2021 оноос эдийн засгийг тогтворжуулах бодлого, арга хэмжээг Засгийн газраас авч хэрэгжүүлсний үр дүнд эдийн засаг алгуурхан сэргэж байгааг хэлсэн юм. 2022 оны эдийн засгийн өсөлтийг 2019 оны эдийн засгийн өсөлттэй харьцуулахад 1.4 хувийн өсөлттэй байгаа, энэ нь цар тахлын хүнд нөхцөлийг даван туулсныг илэрхийлж, улмаар эдийн засгийг тогтворжуулах арга хэмжээнүүдийн үр дүн хэмээн тодотгов. Уул уурхай, тээвэр, барилгын салбараас бусад салбарт сэргэлт ажиглагдаж байгааг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэллээ. Тухайлбал, уул уурхайн бүтээгдэхүүний экспорт -17.3 хувьтай байсан бол хөдөө аж ахуйн салбарт 10.2 хувь, үйлчилгээний салбар 5.3 хувь, бүтээгдэхүүний цэвэр татвар 11.9 хувийн өсөлттэй байсныг танилцуулав. Түүнчлэн хөрөнгийн нийт хуримтлал 20.1 хувийн өсөлттэй байгаа бол импорт 23.8 хувиар өссөн байна. Өрхийн хэрэглээний үзүүлэлтийг багтаасан эцсийн хэрэглээ 6.5 хувийн өсөлттэй байгаа нь эдийн засгийн хүнд үеийг даван туулж, зугуухан сэргэж байгаагийн илэрхийлэл хэмээн үзэж буйгаа Монголбанкны ерөнхийлөгч хэллээ. Хөрөнгийн нийт хуримтлалын өсөлтөд Засгийн газраас хэрэгжүүлж буй томоохон төслүүд голлох байр суурь эзэлж байгаа юм байна. Эдийн засгийн 4.5 хувийн өсөлтийн 0.5 хувийг Ханги-Мандалын төмөр замын бүтээн байгуулалтаас үүдэлтэй гэдгийг онцлов.
Төв банкны зүгээс мөнгөний бодлогоороо эдийн засгийн өсөлтийг дэмжсэн гэж үзэж байгаа, мөнгөний бодлогын нөлөөгөөр зээлийн хүү өсч, санхүүгийн салбар дахь зээлийн өсөлт 2022 онд 6.5 хувь байгааг хэлсэн юм. Энэ хугацаанд 31.4 их наяд төгрөгийн зээл олголт хийсэн бол 29.2 хувийн эргэн төлөлттэй байгаа юм байна.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн гадаад эдийн засгийн орчны талаарх төсөөллийг танилцуулж, 2023 онд дэлхийн эдийн засгийн өсөлт 1.7 хувь байх төсөөллийг Дэлхийн банкнаас хийсэн гэдгийг дурдав. Гэхдээ Монгол Улсын хувьд экспортын гол бүтээгдэхүүн болох зэс, алт, төмрийн хүдэр, газрын тос, коксжих нүүрсний үнэ олон улсын зах зээл дээр тогтвортой байхаар төсөөлж байгааг танилцууллаа.
Төлбөрийн тэнцлийн урсгал тэнцэл нь ДНБ-ний 17 орчим хувьтай дүйцэх 2.9 тэрбум ам.долларын алдагдалтай байгаа, санхүүгийн тэнцэл ашигтай гарсан хэдий ч урсгал тэнцлийнхээ алдагдлыг нөхөж чадахгүй. Иймээс 2022 онд 727 сая ам.долларын төлбөрийн тэнцлийн алдагдалтай гарсан байна. Гэхдээ энэ нь сайжирсан үзүүлэлт гэдгийг Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч тэмдэглэн хэлж, холбогдох тайлбар, мэдээллийг дэлгэрэнгүй танилцуулсан юм. Төсөөллөөр 1.5-1.7 тэрбум ам.долларын төлбөрийн тэнцлийн алдагдалтай байх тооцооллыг гарсан байсан ч үр дүн нь 1 тэрбум ам.доллараар буурсан гэлээ. Үүнд оны эцсээр нүүрсний экспорт эрчимжсэн нь шууд нөлөөлсөн байна.
Үндэсний статистикийн хороо болон Гаалийн статистикийн тооцоогоор Монгол Улсын экспорт 12.5 тэрбум ам.доллар байгаа ч бодит орлогыг нарийн тооцвол 9.5 тэрбум ам.доллар бөгөөд зөрүүтэй холбоотой тайлбарыг тэрбээр дэлгэрэнгүй задаргаа, тайлбар хийж, худалдааны тэнцэл, үйлчилгээний тэнцэл, урсгал тэнцлийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм.
Төлбөрийн тэнцлийг сайжруулах хоёр хувилбар бий гэдгийг тэрбээр илтгэлийнхээ төгсөлд танилцуулав. Эхнийх нь нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, нүүрсний тээврийн орлогыг сайжруулах, аялал жуулчлалын орлогыг 150-200 сая ам.доллароор нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх, үүний үр дүнд төлбөрийн тэнцэл 0.8-1.7 тэрбум ам.долларын ашигтай байх боломж бий хэмээн тооцжээ.
Экспортыг дэмжих, эдийн засгийг тогтворжуулах чиглэлд импортыг орлуулах дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, үнийн өсөлтийг тогтворжуулах, хөрөнгө оруулалт, гадаад санхүүжилтийн эх үүсвэрийг татах, бизнесийн орчныг сайжруулж, хүнд суртлыг бууруулах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх саналыг Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч танилцуулсан. Түүнчлэн уул уурхайн бус экпортыг дэмжих, дотоодын түүхий эдүүдийн боловсруулалтыг дэмжих саналыг танилцуулаад, жишээ болгон ноолуурын салбарт хийсэн тооцооллоо танилцуулав. Монгол Улс жилд 10.000 тонн ноолуур цуглуулдаг бол үүнийгээ угаахаар 7000 тонн болж буурна, самнахаар 5000 тонн болж, үүнийг өнөөгийн ханшаар экспортолно гэж тооцвол 500 сая ам.доллар олох боломж бий гэв. Боловсруулалтыг дэмжиж, самнасан ноолуураа ээрэх, улмаар эцсийн бүтээгдэхүүн болгох юм бол олох орлого 1.5 тэрбум ам.доллар болох боломжтой аж. Оюутолгой орд нь 2022 онд 1.4 тэрбум ам.долларын борлуулалтын орлого олсон, тус төслийн хүрээнд Монгол Улсад 1.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт оруулсан гээд харьцуулвал зөвхөн ноолуурын салбарыг дэмжин, эцсийн бүтээгдэхүүн экспортолж чадвал жилд дээрхтэй дүйцэх хэмжээний орлого олох боломж бий гэдэг тооцооллыг танилцуулав.
Дараа нь “Экспортын орлогыг нэмэгдүүлэх боломж” илтгэлийг Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж танилцууллаа. Тэрбээр, Монгол Улсын экспортын өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулав. Нийт экспортын 94 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг, экспортын бүтээгдэхүүний төрөлжилтийн түвшингээрээ сүүлийн 15 жилийн хугацаанд 17 байр ухарч 117 дугаарт эрэмбэлэгдэж байгаа юм байна. Дээрх хугацаанд экспортоо Монгол Улс цайрын хүдэр, хар тугалганы хүдэр, лаазалсан мах, хадгалсан мах, тосны ургамлын үр (рапс), ноосоор хийсэн нэхмэл даавуу зэрэг ердөө 6 төрлийн шинэ бүтээгдэхүүнээр баяжуулжээ.
Манай улсын экспортын голлох орлого эмзэг, импортын хэрэглээ өндөр, үйлчилгээний худалдаа алдагдалтай байгааг холбогдох тоон мэдээлэлд үндэслэн Эдийн засаг, хөгжлийн дэд сайд танилцуулав. Уул уурхайн гаралтай бус бүтээгдэхүүний экспорт буурсан байна. Цар тахлын нөлөөгөөр нийт ноолуурын экспортын орлого 2020 онд 33 хувиар буурсан бол 2022 онд 19 хувиар өссөн байна. Харин мах, махан бүтээгдэхүүний экспортын орлого цар тахлын өмнөх үеэс 4 дахин буурч 40.3 сая ам.доллар болжээ. Арьс, ширний экспорт 2014 онтой харьцуулахад 9 дахин буурчээ. Арьс, ширний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалтыг 2013 онд хэрэгжүүлж эхэлснээс үүдэн ямааны арьсны үнэ 3 дахин, нэхийний үнэ 5 дахин буурсан байна.
Дэд сайд Г.Түвдэндорж илтгэлийнхээ хүрээнд экспортыг дэмжих хүрээнд сүүлийн үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мэдээлэл танилцуулав. Ашигт малтмалыг экспортод гаргахаас өмнө цахим төлбөрийн бүртгэл, экспортод гаргахад шинжилгээний дүгнэлт, гаалийн бүрдүүлэлтийг автоматжуулах тогтолцоог нэвтрүүлэх ажлыг хэрэгжүүлж байгаа гэлээ. Мөн нүүрсний цахим арилжааг эхлүүлж, уул уурхайн биржийн тогтолцоог нэвтрүүлж, нүүрс тээвэрлэлтийн зохион байгуулалтыг өөрчлөн, сайжруулсан байна. Автотээврийн С төрлийн зөвшөөрлийг олборлогч компаниудад шилжүүлж, төмөр замын зүтгүүр вагонууд түрээслэх, оновчтой зохион байгуулах арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа юм байна. Үргэлжлүүлэн тэрбээр экспортыг нэмэгдүүлэхэд цаашид хэрэгжүүлэх бодлогын саналуудыг танилцуулав.
Үргэлжлүүлэн тэрбээр Засгийн газраас баримталж буй гадаад худалдааны бодлогын талаар танилцуулав. Олон улсын эдийн засгийн харилцаа цахимжиж байгаатай холбогдуулан гадаад худалдааг цахимжуулахад анхаарч ажиллаж байгаа юм байна. Энэ хүрээнд олон улсын худалдааны платформуудад нэгдэх, хувийн хэвшлийн хөгжүүлж буй цахим худалдааны платформуудыг дэмжихээр Худалдаа, хөрөнгө оруулалтын агентлагийг байгуулсан байна. Мөн худалдааны стратегийн талаар мэдээлэл өгч, төлбөрийн тэнцэлд эерэг нөлөө үзүүлэх худалдааны бүтцийг бий болгохоор аялал жуулчлалын салбарыг дэмжиж, агаарын тээврийн өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, визний нөхцөлийг хөнгөвчлөх, Монгол Улсын талаарх мэдээ, мэдээллийг өргөжүүлэх, хил орчмын аялал жуучлалыг хөгжүүлэх, аяллын улирлыг сунгах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байгаа аж.
“Хүнс, хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлийг дэмжих боломж” сэдэвт илтгэлийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн танилцууллаа. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар нь ДНБ-ий 32.3 хувийг бүрдүүлж байгаа бол нийт ажиллах хүчний 55.8 хувь нь энэ салбарт ажиллаж байгаа юм байна. Харин 2022 оны экспортын орлогын 5.5 хувь буюу 690.4 сая ам.долларыг тус салбар бүрдүүлжээ. Дотоодын төмс, малын мах, гурил, махан бүтээгдэхүүний хэрэгцээг 100 хувь хангаж байгаа бол будаа, загас, ургамлын тос, жимс, жимсгэнэ, шувууны махны хэрэглээг импортоор хангадаг байна. Өндөг, хүнсний ногооны 50 хувийг дотоодоос, мөн хэмжээг импортоор хангадаг байна. Цаашид өндөг, гахайн мах, өөх, тахианы мах, ургамлын тос, хүлэмжийн ногоо, төмс, ил талбайн ногооны хэрэглээг дотоодын үйлдвэрлэлээрээ бүрэн хангах шаардлага бий гэв. Хүнсний үйлдвэрийн бүтээгдэхүүний экспортын нөхцөл байдал боломжийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн танилцууллаа.
Хүнсний бүтээгдэхүүнийг экспортлоход тулгарч буй асуудлуудыг танилцуулж, авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээнүүдийг мөн танилцуулсан. Мах, махан бүтээгдэхүүний экспорт хийхэд мал, амьтны хорио цээрт, гоц халдварт өвчлөл өндөр; тээвэр, логистикийн асуудал хүндрэлтэй; БНХАУ-ын эрх бүхий байгууллагаас дамжин өнгөрөх зөвшөөрөл олгодоггүй байна. Энэ хүрээнд Ойрхи Дорнод болон Зүүн Өмнөд Азийн орнуудад халал аргаар болон дулааны аргаар боловсруулсан мах экспортлох нөхцөл бүрдүүлэх; дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагад малын өвчингүй, эрүүл гэсэн статусыг хангах нөхцөлийг бүрдүүлэх; Монголын итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллагууд, Үндэсний итгэмжлэлийн байгууллага, импортлогч улсын холбогдох байгууллагатай хамтран органик, халал махыг баталгаажуулах чадавхийг бүрдүүлэх, хүлээн зөвшөөрүүлэх; Худалдааны түнш орнуудтай адууны махны дайвар түүхий эд экспортлох, импортлох үеийн хяналт, шалгалт, хорио цээр, мал эмнэлэг, ариун цэврийн шаардлагын протокол тохирох бэлтгэл ажлыг эрчимжүүлэх; БНХАУ-д төмөр замаар мах, махан бүтээгдэхүүн экспортлох нөхцөлийг бүрдүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлснээр экспортыг нэмэгдүүлэх боломж бүрдэх аж. Монгол Улс БНХАУ-ын талтай “Сүү, сүүн бүтээгдэхүүний протокол”-д 2022 оны нэгдүгээр сард гарын үсэг зурснаар үхэр, хонь, ямаанаас гаралтай бүтээгдэхүүн экспортлох боломжтой болсон байна. БНХАУ-ын талд ингэний сүү экспортлох боломжийг бүрдүүлж БНХАУ-ын хянан магадлагааны ажлын хэсэг ирүүлэх хүсэлт тавиад байгаа аж.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн хөнгөн үйлдвэрийн түүхий эдийн нөөц, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн боломжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл танилцуулав.
Цаашид ноолуурыг дотооддоо бүрэн боловсруулж, хангалттай нэмүү өртөг бий болгох, боловсруулалтын түвшинг үе шаттайгаар ахиулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, түүхий эдээ дотооддоо бүрэн боловсруулж, экспортын зах зээлийг тэлэх, үйлдвэр технологийн паркуудын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, гүн боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, хангалттай нэмүү өртөг бүтээж чадах, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвар бүхий торомны ноос, бэлтгэлийг нэмэгдүүлэх, урамшуулал олгох чиглэлд арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай талаарх саналуудаа танилцуулав.
Хэлэлцүүлэгт оролцсон Монголын арьс, ширний үйлдвэрлэлийн холбоо, Говь ХК, Ханбогд кашемир ХХК, Сор кашемир ХХК, Тесо фүүд ХХК, Тесо инвестмент ХК, Хүнс комплекс ХХК, Монос групп, Нью майлстоне ХХК, Тесо группийн төлөөлөл болон эрдэмтэн, судлаачдын төлөөлөл илтгэлүүдтэй холбогдуулан байр сууриа илэрхийлж, саналуудаа хэллээ.
Дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, татварын орчны талаар илтгэлүүд танилцуулж, хэлэлцүүллээ
“Экспортыг дэмжих, эдийн засгийг тогтворжуулах боломж, шийдэл” хэлэлцүүлэг дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, татварын орчин сэдвийн хүрээнд үргэлжилж, Эдийн засаг, хөгжлийн яамны Хөрөнгө оруулалтын бодлогын газрын дарга Б.Анар “Хөрөнгө оруулалтын орчин, гадаад худалдааны бодлого, арга хэмжээ”-ний талаар илтгэл танилцуулсан юм. Тэрбээр эдийн засгийн нөхцөл байдлын талаар ерөнхий мэдээллийг дурдсан. Эдийн засгийн өсөлт 2022 онд 4.5 хувь, нийт инфляцын 48 хувийг импортын барааны инфляц бүрдүүлж, нийт бараа эргэлт өнгөрсөн оны мөн үеэс 5.7 хувиар өссөн байна. Тус яамнаас 2023 онд макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах; хувийн хэвшил, бизнесийн үйл ажиллагааг дэмжих; экспортын биет хэмжээг цар тахлын өмнөх түвшинд хүргэх; тодорхой салбаруудыг либералчлах; төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг ил тод болгох; санхүүжилтийн эх үүсвэр, төрлийг нэмэгдүүлэх; боомт, тээвэр, логистикийн үйл ажиллагааг сайжруулах; уул уурхай, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулалтын түвшнийг нэг шат ахиулах зэрэг тэргүүлэх бодлогын 8 чиглэлийг тодорхойлжээ.
Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин нөхцөлийн талаар танилцууллаа. 1990 оноос хойш манай улсад оруулсан гадаадын шууд хөрөнгө оруулалт нийтдээ 37.9 тэрбум ам.доллар, үүний 70 хувь нь геологи, уул уурхай, 17 хувь нь бөөний худалдаа, нийтийн хоол, үлдсэн нь бусад салбарт оруулсан хөрөнгө оруулалт байдаг байна. 2011 онд гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэж 5.7 тэрбум ам.доллар байсан бол буурсаар 2015 онд 1.4 тэрбум ам.доллар, аажмаар өссөөр 2019 онд 3.1 тэрбум ам.доллар болсон ч цар тахлын нөлөөллөөр буурч 2020 онд 2.6 тэрбум ам.доллар, 2021 онд 27 тэрбум ам.доллар болжээ. Эдийн засаг, хөгжлийн яамны Хөрөнгө оруулалтын бодлогын газрын дарга Б.Анар хөрөнгө оруулагч улс орнуудын талаар танилцуулсан юм.
Гишүүн улсын зах зээлд 10.667 төрлийн бараа бүтээгдэхүүний тарифыг бууруулах боломжтой байдаг “Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр” (APTA)-т Монгол Улс нэгдэн орсон. Түүнчлэн манай талаас 5700, Японы талаас 9300 төрлийн бараа, бүтээгдэхүүнийг харилцан импортын гаалийн татвараас шууд болон үе шаттайгаар чөлөөлөх “Монгол Улс, Япон Улсын хоорондын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” (JMEPA), Европын холбооны улсуудад 7200 бараа бүтээгдэхүүнийг гаалийн тарифын хөнгөлөлтөд хамруулах “Европын хөнгөлөлтийн ерөнхий систем” (GSP+) -д нэгдсэн байдаг нь Монгол Улсын олон улсын зах зээлд нэвтрэх давуу тал гэдгийг илтгэгч онцоллоо. Хөрөнгө оруулалтын гадаад орчны хувьд 26 улстай давхар татварын хэлэлцээртэй бол 44 улстай хөрөнгө оруулалтыг харилцан хамгаалах, хөхиүлэн дэмжих хэлэлцээрийг хийсэн байдаг байна. Түүнчлэн Хөрөнгө оруулалтыг баталгаажуулах олон талт агентлагийг үүсгэн байгуулах Сөүлийн конвенц болон Хөрөнгө оруулалтын маргааныг шийдвэрлэх тухай Вашингтоны конвенцад нэгдсэн. Зээлжих зэрэглэл харьцангуй тогтвортой байгааг мөн дурдав.
Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр эрх зүйн шинэчлэлүүдийг хийж, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай, Зөвшөөрлийн тухай, Үйлдвэрлэл, технологийн паркын эрх зүйн байдлын тухай хуулийг баталж, Хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинэчлэн боловсруулж байгаа аж. Түүнчлэн хөрөнгө оруулагчдыг хамгаалах чиглэлээр гомдол, саналыг нь цаасаар болон цахимаар хүлээн авч, улирал тутам Засгийн газарт танилцуулан, үе шаттайгаар шийдвэрлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа гэв.
Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан “Татварын орчин” сэдэвт илтгэл танилцуулж, хэлэлцүүлэгт оролцсон Жижиг, дунд үйлдвэрийн газар, арилжааны банкууд, банк бус санхүүгийн байгууллага, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Экспортыг дэмжих төслийн төлөөлөл, эрдэмтэн, судлаачид санал хэлж, байр сууриа илэрхийллээ.
Төгсгөлд нь Улсын Их Хурлын гишүүн, хэлэлцүүлгийг даргалагч Г.Тэмүүлэн, илтгэлүүдэд танилцуулснаар эдийн засгийн нөхцөл байдал харьцангуй сайжирч, инфляцын өсөлт саарч байгаа гэх эерэг мэдээллүүдийг онцлоод, хүнсний үйлдвэрлэлийн асуудлыг салбарын яам онцгой анхаарч, мэргэжлийн холбоодтой хамтарч ажиллан, санал, шүүмжлэлийг хүлээн авах, шийдвэрлэх, мөн Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэрүүдийг үе шаттай хэрэгжүүлэхэд анхаарах чиглэлийг өглөө. Мөн тэрбээр төсвийн бодлогын шинэчлэлийн хүрээнд авч хэрэгжүүлж байгаа татвар, төсвийн төвлөрлийг бууруулах чиглэлээр хийж буй судалгаа, арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл танилцуулсан юм. Түүнчлэн өнөөдрийн хэлэлцүүлгийн санал, зөвлөмжийг тусгасан Улсын Их Хурлын шийдвэрийг гаргах болно гэдгийг хэлээд, хэлэлцүүлгийн зохион байгуулагч, оролцогчдод талархал илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдэлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.