Цэс

Холбоо барих

УИХ-ын дарга Г.Занданшатар Катар Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Мухаммад Аль-Дахайми-г хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Катар Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Мухаммад Аль-Дахайми-г өнөөдөр /2023.02.10/ хүлээн авч уулзлаа.


Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсад хавсран суух Элчин сайдаар томилогдон, Монгол Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж, үүрэгт ажилдаа орж байгаад баяр хүргэж, амжилт хүсэв. Мөн Монгол Улс гадаад бодлогынхоо хүрээнд Булангийн орнууд, тэр дундаа Катар Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийг эрхэмлэдэг. Өнөөг хүртэл бий болгосон манай хоёр орны сайн харилцаа, хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд Элчин сайд таны оролцоо, хүч чармайлт нэн чухал байх болно хэмээн тодотгов.

Элчин сайд М. Аль-Дахайми УИХ-ын даргад хүлээн авч уулзаж буйд талархлаа илэрхийлээд, Катар Улсын Зөвлөлдөх зөвлөлийн дарга Хассан Бин Абдулла Аль-Ганим-ын халуун дотно мэндчилгээг уламжлав. Мөн хоёр улсын хууль тогтоох байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааг улам бэхжүүлж, шинэ шатанд гаргахад Элчин сайдын зүгээс онцгой анхаарч ажиллах болно гэлээ.

Энэ онд хоёр улс дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож байгаа юм. УИХ-ын дарга Г.Занданшатар хоёр орны парламентын найрамдлын бүлэг хоорондын уулзалтыг цахимаар зохион байгуулах саналтай байгаагаа хэлээд, хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах Элчин сайдын зорилгод Монгол Улсын Их Хурлын зүгээс бүх талаар дэмжлэг үзүүлэх болно гэдгээ илэрхийлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл