Монгол Улсын Их Хурлын 2022 оны 80 дугаар тогтоолын дагуу улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох “Зөвлөлдөж шийдье” сэдэвт Зөвлөлдөх санал асуулгыг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Санал асуулгын эхний үе шат энэ оны нэгдүгээр сарын 26-наас хоёрдугаар сарын 2-ны хооронд болж өнгөрлөө. Хоёр дахь шатны санал асуулга Улаанбаатар хотноо ирэх долоо хоногт болох гэж байна. Энэ ажлын бэлтгэл хэр хангагдаж байгаа талаар Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга С.Батбаатараас тодрууллаа.
-Улсын хэмжээнд зохион байгуулж байгаа Зөвлөлдөх санал асуулга үндсэндээ төгсгөлийн шатандаа орж байна. Харин иргэд, олон нийтэд энэ талаарх ойлголт, мэдээлэл бага байх шиг. Тэгэхээр юуны өмнө Зөвлөлдөх санал асуулгын ерөнхий мэдээлэл, болж өнгөрсөн нэг дэх үе шатны тухай товч тодруулна уу.
-Энэ удаагийн “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулга бол Монгол Улсын түүхэнд хоёр дахь удаагаа болж байгаа санал асуулга. Өмнө нь 2017 онд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар явуулсан. Амжилттай болсон. Энэ туршлага дээрээ үндэслээд улс орны нийгэм, эдийн засаг, улс төрийн тулгамдсан асуудлууд, эдгээрийг шийдвэрлэх арга замын сэдвээр дахин зөвлөлдөх санал асуулгыг хийж байна. Санал асуулгыг Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн хүрээнд явуулж байгаа. Зөвлөлдөх санал асуулгыг удирдан зохион байгуулах чиг үүрэг бүхий Зөвлөлдөх зөвлөл байгуулагдан ажиллаж байна.
Хуульд санал авах ажлыг Үндэсний статистикийн хороо зохион байгуулахаар заасан. Тус хороо Монгол Улсын 3.4 сая иргэнийг төлөөлж чадахуйц бага олонлог буюу 1570 хүнийг санамсаргүй түүврийн аргаар сонгож, эхний шатны санал асуулгыг авсан. Одоо хоёр дахь үе шатны санал асуулга буюу Зөвлөлдөх уулзалт энэ сарын 14-15-нд болох гэж байна. Дээр дурдсан санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 1570 хүний 50-иас доошгүй хувь нь биеэр ирж оролцох ёстой. Тэгэхээр хамгийн багадаа 785 хүн Төрийн ордонд ирж, төрийн хэрэг хэлэлцэнэ гэсэн үг. Энэ бол Монгол Улсын Үндсэн хуульд заасан ард түмний засаглах эрхийг хангаж байгаа нэг хэлбэр.
-Зөвлөлдөх уулзалт гэдгээ тодруулахгүй юу? Нэр томьёоноос нь хүмүүсийг цуглуулаад хуралдуулах юм байна гэж ойлгогдохоор байна.
-Тэгж ойлгоход буруудахгүй. Хуралдана. Зөвлөлдөнө. Хэлэлцэнэ. Зөвлөлдөх санал асуулга гээд байгаагийн учир нь энэ. Нэгдүгээр үе шатны санал асуулгыг урьдчилан ямар нэг мэдлэг, мэдээлэл өгөхгүйгээр, асуултуудад хөндөгдөж буй сэдэв, асуудлуудын талаар тухайн хүн яг ямар үзэл бодол, байр суурьтай байгааг шууд асууж, хариулт авдаг. Харин дараагийн шатанд тухайн асуулттай холбогдох мэдээллийг дэлгэрэнгүй, тэнцвэртэй, иж бүрнээр өгч, өөр хооронд нь зөвлөлдүүлж байгаад, өмнөх нэгдүгээр шатанд тавьсан яг тэр асуултууддаа дахин хариулт авдаг. 800 гаруй хүн маань нэгдсэн хуралдаанд оролцож, энэ удаагийн Зөвлөлдөх санал асуулгаар ард иргэдээсээ асуух гэж буй дөрвөн бүлэг сэдвийн 20 гаруй асуудлаар эрдэмтэн судлаачид, экспертүүдийн мэдээлэл, тайлбарыг сонсоно. Тухайн асуудлыг шийдвэрлэхэд эерэг, сөрөг ямар үр дагавар гарч болох вэ гэсэн мэдээлэл авна. Дараа нь тус бүр 15 хүнээс бүрдсэн жижиг хэсгүүдэд хуваагдаж, хэлэлцүүлэг өрнүүлнэ. Буцаж нэгдсэн хуралдаандаа ороод байр сууриа илэрхийлнэ, асуулт асууна, тодруулна. Энэ маягаар хоёр өдрийн турш нэгдсэн болон хэсгийн 10 гаруй удаагийн хэлэлцүүлэгт орж сайтар ярилцаж, зөвшилцсөний дараа буюу хамгийн эцэст нь санал асуулгын хуудсыг бөглөнө. Түүнийг нь Үндэсний статистикийн хорооныхон нэгтгэж, Зөвлөлдөх зөвлөлд хүргүүлнэ. Зөвлөлдөх зөвлөл ард иргэд хөндсөн асуудлуудаар ямар байр суурьтай байгааг дүгнэж, Улсын Их Хуралд “Ард түмний төлөөлөл тухайн асуудлуудыг ингэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзжээ” гэсэн зөвлөмжийг өргөн барина.
-Дөрвөн бүлэг сэдэв байгаа гэж та ярилаа. Санал асуулгын сэдэв, асуултуудын талаар тодруулахгүй юү?
-Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий 11 хүний бүрэлдэхүүнтэй Зөвлөлдөх зөвлөл улс орны нийгэм, эдийн засагт тулгамдаж байгаа асуудлуудын хүрээг тодорхойлж, дөрвөн багц сэдвээр нийтдээ 22 асуулт боловсруулсан. Яг санал асуулгын хуудсанд 60 орчим асуулт байгаа. Эдгээрийн 22 нь үндсэн асуулт гэсэн үг. Бусад нь статистик, социологийн судалгааны асуулгад заавал байх учиртай, тухайн судалгааны ажлын хүрээ, оролцоо, төлөөллийг тодорхойлоход хэрэглэдэг асуултууд юм. Үндсэн 22 асуулт агуулгаараа, нэгдүгээрт, иргэний болон улс төрийн эрх, хоёрдугаарт, парламентын ардчилал, гуравдугаарт, эдийн засаг, баялгийн сан, төвлөрлийг бууруулах, дөрөвдүгээрт, нийгмийн бодлогын тулгамдсан асуудал гэсэн дөрвөн сэдэвт багцлагдаж байгаа. Эдгээр багц сэдэв тус бүрээр хэлэлцүүлэг өрнөх юм.
-Зөвлөлдөх санал асуулгын хоёрдугаар шатанд эхний шатны оролцогчдын 50-иас дээш хувь нь оролцоно гэж байна. Тэгэхээр 800 шахам хүн Төрийн ордонд цуглах юм байна, тийм үү?
-Санамсаргүй түүврийн аргаар эхний шатанд сонгогдсон 1570 хүнээс өөрсдийнх нь саналаар 50-иас илүү хувийг сонгож бүрдүүлэх ёстой. Ингэхдээ албадаж болохгүй. “Би хоёрдугаар шатанд оролцъё” гэсэн хүмүүсийг л авна. Тэдгээр хүмүүсээс хүндэтгэх шалтгаанаар оролцож чадахгүй болох магадлал бий. Иймд хуульд заасан 50 хувийг хангахын тулд 50 хувиас илүү олон хүнийг сонгох шаардлагатай. Урьдчилсан байдлаар 820 гаруй хүн хоёрдугаар шатны санал асуулга буюу Зөвлөлдөх уулзалтад оролцох саналаа илэрхийлээд байгаа.
Хуучнаар Ардын Их Хурлын танхим буюу одоогийн “Их Монгол” танхимыг хүмүүс мэднэ шүү дээ. Тэр танхим Төрийн ордны хамгийн том танхим. 800 суудалтай. Гэтэл зөвхөн оролцогчид л гэхэд 800-гаас илүү болно гэхээр илтгэгчид, эрдэмтэн судлаачид, эксперт, ажиглагчид, Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газар, Үндэсний статистикийн хорооны зохион байгуулагчид, инженер, техникийн ажилтнууд, хэвлэл мэдээллийнхэн гээд 1000-1200 хүн ажиллах болж байна. Нэмэлт сандал, суудал бэлдэж байна. 15 хүнээс бүрдсэн 50 гаруй жижиг хэсгүүд тус бүрдээ өрөө, танхимд байрлаж хэлэлцүүлгээ хийнэ. Тиймээс боломжтой бүх өрөөг, дээр нь Улсын Их Хурлын гишүүдийнхээ өрөөг хүртэл ашиглахаар төлөвлөж байна.
-Нүсэр том үйл ажиллагаа болж байгаа юм байна. Оролцогчдын хэдэн хувь нь хөдөө, орон нутгаас ирэх вэ?
-Улсын хэмжээнд явуулж байгаа, хамгийн гол нь нийт ард түмэн, нийгмийн бүхий л бүлгийг бүрэн төлөөлөхүйц оролцоог хангах хуультай учраас улс орны өнцөг булан бүрээс хүмүүс ирнэ. Түрүүнд ярьсан 820 хүний 55 орчим хувь нь хөдөө, орон нутгаас ирж оролцох болов уу. Санамсаргүй түүврээр буюу тохиолдлын зарчмаар сонгож байгаа учир хэн ч ирж болно. Ахмадууд, залуус, дунд үеийнхэн, эрэгтэй, эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, янз бүрийн түвшний боловсролтой, ажилтай, ажилгүй гээд нийгмийн бүхий л төлөвийг төлөөлөх хүмүүс ирнэ. Бичиг үсэгт бүрэн тайлагдаагүй, эсвэл монгол хэлээ сайн сураагүй хүмүүс ч ирж болзошгүй. Анхдугаар зөвлөлдөх санал асуулгыг 2017 онд зохион байгуулж байхад хорих газраас суллагдаад долоо л хонож байгаа хүн ирж байсан. Казах иргэдийн дунд монгол хэл мэдэхгүй оролцогч ирж, бид орчуулагч гаргаж өгч байсан. Ийм тохиолдол дахин давтагдахыг үгүйсгэх аргагүй шүү дээ.
Нэгэнт Монголын төр иргэдээ урьж, тэдэнтэйгээ төрийн хэрэг хэлэлцэх гэж байгаа учир нутаг ус, гэр орноос нь авчрахаас эхлээд ирж, очих тээврийн асуудал, замын аюулгүй байдлыг хангах, цаг агаарын нөхцөл байдлыг мэдэж, шаардлагатай бол урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, Улаанбаатарт буудалд байрлуулах, хоол ундаар хангах, Зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлэгт ямар нэгэн хөндлөнгийн нөлөөлөлгүй, идэвхтэй оролцох оролцоог хангах гэх мэт зохион байгуулалтын бэлтгэл, бэлэн байдлыг бүрдүүлэх ажил одоо Улсын Их Хурлын Тамгын газарт ид өрнөж байна. Бид Засгийн газар, аймаг, нийслэл, сум, дүүргийн удирдлага, Үндэсний статистикийн хороотойгоо нягт хамтран ажиллаж байгаа. Өмнө нь 2017 онд ийм ажил зохион байгуулж байсан туршлагатай учраас бид энэ удаагийн “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгыг амжилттай, үр дүнтэй зохион байгуулж чадна гэдэгт итгэлтэй байна.
-Зөвлөлдөх санал асуулгаас ямар шийдвэр гарах юм бэ? Хүмүүс энд тэндхийн 1500 хүн цуглуулж байгаад Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж байна, бүр шинээр Үндсэн хууль батлах гэж байна гэх мэт ойлголттой байна л даа?
-Зөвлөлдөх санал асуулгад иргэдийн өгсөн хариулт тухайн асуудал, шийдлийг тодорхойлоход маш баримжаатай, чухал үр дүн өгдөг нь 2017 оны санал асуулгаар нотлогдсон. Ард түмний оюун ухаан үнэхээр мэргэн байдаг юм билээ. Санамсаргүйгээр сонгогдсон иргэд Монголын ард түмнийг төлөөлж чаддаг нь нэгэнт батлагдсан зүйл. Тэгэхээр иргэдийн байр суурийг ингэж асууж, ард түмнийхээ санаа бодлыг ойлгож, мэдэх нь төрийн бодлого тодорхойлж, хууль тогтоож байгаа, шийдвэр гаргах эрх бүхий байгууллага, институцид маш чухал. Энэ удаагийн “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын зорилго нь нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, эрэмбэлэх, хэрхэн шийдэх арга замыг иргэдтэй зөвлөлдөх, товчхоноор бол Монгол Улсын шинэ ирээдүйн замыг засахад чиглэж байгаа юм. Түүнээс биш шинэ Үндсэн хууль зохиох гэх мэт асуудал огт байхгүй.
Зөвлөлдөх санал асуулгад иргэдийн өгсөн хариултуудыг нэгтгэн дүгнэж, зөвлөмж гарна гэдгийг дээр хэлсэн. Энэ зөвлөмжийг Улсын Их Хурал цаашдын бодлого, шийдвэртээ тусгана. Тэгэхээр 1500 хүн цуглаад Үндсэн хуулиар оролдох гэж байна гэсэн ойлголт ташаа гэдгийг энд онцлон хэлье. Үндсэн хуультай холбоотой ганц л асуулт байгаа.
Хэлэлцэх асуудлуудын дотор Монгол Улсын иргэний эрх, тухайлбал үзэл бодлоо илэрхийлэх, жагсаал цуглаан хийх эрхийг хэрхэн хангах вэ, гадаадад оршин сууж буй монгол иргэдийн сонгуулийн эрх, гадаадад төрж, өссөн монгол хүний иргэний харьяаллын асуудал, Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх, парламентын төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх, намуудын санхүүжилт, гишүүнчлэл, Үндэсний баялгийн сангийн хуваарилалт, төвлөрлийг бууруулах, түгжрэлийг сааруулах гэх мэт хийгэм, эдийн засаг, улс төрийн олон асуудлууд байгаа. Нэг асуудлыг биш, нийт улс орны хэмжээний тулгамдсан асуудлуудыг хэлэлцэнэ.
Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс