Цэс

Холбоо барих

Монгол Улсыг дэмжих VII хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурав

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар болон НҮБ-ын Хүн амын сан хооронд “НҮБ-ын Хүн амын сангийн Монгол Улсыг дэмжих VII хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээ”-нд Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор (Ph.D) Л.Өлзийсайхан, НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Др.Халид Шарифи нар өнөөдөр (2023.02.08) гарын үсэг зурлаа.


Энэхүү хөтөлбөр 2023-2027 онд хэрэгжих юм. НҮБ-ын Хүн амын сан нь 2003 оноос Монгол Улсын Их Хуралтай хамтран ажиллаж ирсэн байна.

Уулзалтын үеэр Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүнээр шинээр томилогдон ажиллаж байгаа ноён Халид Шарифид баяр хүргэж, ажилд нь амжилт хүсээд, Монгол Улсын Их Хурал, НҮБ-ын Хүн амын сан хоорондын харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн хугацаанд идэвхтэй өрнөж, хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Тэрбээр НҮБ-ын Хүн амын сан Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороотой хамтран олон жилийн турш эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, жендэрийн тэгш эрх, залуучуудын хөгжил, нөхөн үржихүйн эрүүл мэнд гээд цөөнгүй хуулийн төслийн хэлэлцүүлэг, судалгаа, сургалт, бусад арга хэмжээг зохион байгуулж, үр дүнд хүргэснийг онцлон тэмдэглэв.

Ноён Халид Шарифи Монгол Улсыг дэмжих VII хөтөлбөрийг Монгол Улсын Их Хурлын Тамгын газартай хамтран хэрэгжүүлэх гэж буйд баяртай байгаагаа илэрхийлээд, 2019 онд Кенийн нийслэл Найроби хотод болсон Олон улсын хүн ам, хөгжлийн бага хурлын үеэр Монгол Улс эх нярайн эндэгдлийг бууруулах, гэр бүлийн тогтвортой хөгжлийг хангах, жендэрт суурилсан хүчирхийллийг бууруулах зэрэг үйл хэрэгт хүчин чармайлт тавьж, олон улсын хамтын ажиллагааны байгууллагуудтай хамтран ажиллах болно гэдэг амлалт авсан. Энэ амлалтыг хэрэгжүүлэх хүрээнд манай хөтөлбөр чиглэж байна гэлээ.


Хатагтай Л.Өлзийсайхан өмнөх хөтөлбөрүүдийг Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороотой хамтран хэрэгжүүлж байсан бол VII хөтөлбөрийн хүрээнд Тамгын газартай хамтран ажиллах болсон нь хөтөлбөр хууль тогтоомжийн хүрээнд, үр дүнтэй хэрэгжих боломж нөхцөлийг бүрдүүлж байна гэдгийг онцлов. Мөн эмэгтэй хүнийхээ хувьд хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах, залуусын хөгжлийг дэмжих, жендэрийн эрх тэгш байдлыг хангах зэрэг арга хэмжээний хэрэгжилтэд онцгой анхаарал хандуулах болно гэв.

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хүн амын сан ирэх 5 жилийн хугацаанд хүн ам зүй, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, өсвөр үе, залуучуудын хөгжил, жендэрийн тэгш байдлыг хангах, жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр хамтран ажиллах юм.

Гэрээнд гарын үсэг зурах арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга С.Батбаатар, Хууль, эрх зүйн газрын дарга Г.Агар-Эрдэнэ, Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Жамбалдорж, Санхүү, хангамж үйлчилгээний хэлтсийн дарга Б.Лхагвасүрэн, НҮБ-ын Хүн амын сангийн Шадар суурин төлөөлөгч Л.Оюунаа, Өсвөр үе, залуучуудын хөтөлбөрийн шинжээч Х.Баттуяа нар оролцов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл