Цэс

Холбоо барих

УИХ-ын дарга Г.Занданшатар АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Азра Зеяаг хүлээн авч уулзав


Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.02.07) Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн даргын Иргэний аюулгүй байдал, Ардчилал болон Хүний эрхийн асуудал хариуцсан орлогч хатагтай Азра Зеяаг хүлээн авч уулзав.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Америкийн Нэгдсэн Улс нь Монгол Улсын хувьд хамгийн чухал гуравдагч хөршийн нэг, итгэлт түнш орон бөгөөд талуудын харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй хөгжиж буйд сэтгэл хангалуун буйгаа уулзалтын эхэнд илэрхийлэв.

Тэрбээр хоёр улс хууль дээдлэх, хүний эрхийг хүндэтгэх, шударга ёсыг эрхэмлэх зэрэг ардчилсан нийтлэг үнэт зүйлстэй болохыг тэмдэглээд энэ нь талуудын хамтын ажиллагаа хөгжин дэвшиж Стратегийн түншлэлд хүрэхэд баттай суурь болсныг тэмдэглэхэд таатай байна гэлээ.


Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн даргын орлогч, хатагтай Азра Зеяа, Монгол Улсад хоёр дахь удаагаа ирж буйгаа тодотгоод Америкийн Нэгдсэн Улс нь Монгол Улсын Ардчилсан оюун санааны хөрш гэж нэрлэгдэж буйдаа талархалтай хандаж байгаагаа илэрхийлэв.

Тэрбээр Америкийн Нэгдсэн Улс 2023 онд “Freedom Online Coalition” буюу Цахим эрх чөлөөний эвслийг тэргүүлж буй бөгөөд Монгол Улс нь хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, ардчилал, шударга ёсыг эрхэмлэх чиглэлд сайн жишээ болж ирснийг тодотгоод цаашид бүс нутгийн хэмжээнд дуу хоолойгоо хүргэж, эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.


Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улс цахим орчинд хүний эрхийг хамгаалах чиглэлээр идэвхтэй ажиллаж, иргэний нийгмийн байгууллагууд, Хүний эрхийн Үндэсний Комисстой хамтран хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, сайжруулах ажлууд хийхээр төлөвлөж буй талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.


Мөн уулзалтын төгсгөлд талууд олон улсын геополитикийн орчинд үүсээд буй асуудлууд болон хоёр талын худалдааг өргөжүүлэх боломж, шашны эрх чөлөөний талаарх эрх зүйн орчныг сайжруулах зэрэг асуудлаар санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл