Цэс

Холбоо барих

Газрын багц хуулийн төслийн талаарх нээлттэй хэлэлцүүлэг өндөрлөв


Газрын багц хуулийн төсөл болон Геодези, зураг зүйн тухай, Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах нээлттэй хэлэлцүүлэг үдээс хойш салбар  гурван хэлэлцүүлгээр үргэлжилсэн.

Газрын ерөнхий хуулийн төсөл болон, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай, Газрын төлбөрийн тухай, Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх тухай хуулийн төслийн талаарх салбар хэлэлцүүлэг “Их Монгол”  танхимд болж уг хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх салбар хэлэлцүүлэг “Их засаг” танхимд болж, чиглүүлэгчээр Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг,  Геодези, зураг зүйн тухай, Кадастрын тухай хуулийн төслийн талаарх салбар хэлэлцүүлэг “Жанжин Д.Сүхбаатар” танхимд үргэлжилжилж, чиглүүлэгчээр Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр нар тус тус ажилласан юм.

Дээрх салбар хэлэлцүүлгүүдэд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын Газар зохион байгуулалтын хэлтсийн дарга Ц.Ихбаяр "Газрын багц хуулийн төслүүдийн онцлог зохицуулалт, бусад салбартай уялдуулсан талаар", Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын Геодези, зураг зүйн хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг, тус газрын Кадастрын хэлтсийн дарга П.Баянтүмэн нар "Геодези, зураг зүйн тухай, Кадастрын тухай хуулийн төслийн онцлог зохицуулалтын талаар", Барилга хот, байгуулалтын яамны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбат "Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн онцлог зохицуулалт, бусад салбартай уялдуулсан талаар" тус тус илтгэл тавьж,  хэлэлцүүлэгт оролцогчид төслийн талаар асуулт асууж, санал хэлсэн.


Дараа нь нээлттэй хэлэлцүүлэг Газрын багц хуулийн төсөл болон Геодези, зураг зүйн тухай, Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах нэгдсэн хуралдаанаар үргэлжлэв.

Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр салбар хэлэлцүүлгийн нэгдсэн дүнгийн талаарх танилцуулгадаа, Кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллага, их дээд сургууль, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаач, иргэдийн төлөөллийг хамруулсан 81 гаруй хүн оролцлоо. Хэлэлцүүлгийн явцад оролцогчдоос хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбоотой 7 асуулт асууж, 23 гаруй санал гарсан. Мөн саналын хуудсаар 62 саналаа бичиж ирүүлснийг дурдлаа.

Түүнчлэн хэлэлцүүлэгт оролцогчдоос гарсан саналуудыг тоймлон авч үзвэл, кадастрын нэр томьёо, баримтлах зарчим чиглэлээр 24, кадастрын төрөл, эрхийн кадастрын үйл ажиллагааны чиглэлээр 42, нөөцийн кадастр, түүний хамаарах хүрээ, үйл ажиллагааны чиглэлээр чиглэлээр 6, кадастрын үйл ажиллагааны хориглох зүйл болон хариуцлагын чиглэлээр 13, нийт давхардсан тоогоор 85 санал ирүүлсэн гэж байв.

Мөн тэрбээр, Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллага, их дээд сургууль, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаач, иргэдийн төлөөллийг хамруулсан 81 хүн оролцсон. Хэлэлцүүлгийн явцад оролцогчдоос хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбоотой 9 асуулт асууж, 28 санал гаргасан бөгөөд саналын хуудсаар 77 хүн саналаа бичиж ирүүлсэн  гэсэн юм.

Хэлэлцүүлэгт оролцогчдоос гарсан саналуудыг тоймлон авч үзвэл, Геодези, зураг зүйн нэр томьёо, баримтлах зарчим чиглэлээр 18, геодези, зураг зүйн үйл ажиллагааны ангилал, тавигдах шаардлагын чиглэлээр 27, геодези, зураг зүйн салбарын удирдлага, зохицуулалтын чиглэлээр 12, геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээний хяналт чиглэлээр хоёр, геодези, зураг зүйн баримт, мэдээллийн нэгдсэн тогтолцоо чиглэлээр хоёр, геодези, зураг зүйн санхүүжилт, хариуцлага чиглэлээр нэг, дагалдан гарах нэг хуулийн төсөлд хоёр санал өгснийг тодотгоод цаашид уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг болон дэд ажлын хэсэг оролцогчдоос ирүүлсэн саналыг нэгтгэн,  санал тус бүрийг анхааран үзэж, хуулийн төсөлд тусгах талаар хэлэлцэж, Улсын Их Хурлын Байнгын хороодын хуралдаанд танилцуулан шийдвэрлүүлэх нь зүйтэй гэдгийг онцлон тэмдэглэв.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг салбар хэлэлцүүлгийн нэгдсэн дүнг танилцуулсан.

Тэрбээр танилцуулгадаа, Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг үр дүнтэй, ажил хэрэгч болсныг тодотгоод хуулийн төсөлтэй холбоотой тулгамдсан асуудлуудыг тодорхойлох, эрх зүйн орчин болон тогтолцооны хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, тэдгээрийн шийдлийг тодорхойлоход чиглэгдсэн хэлэлцүүлэгт 28 хүн оролцож, үүнээс 9 хүн үг хэлж, нийт давхцсан тоогоор 24 санал гаргасан нь 19 багц асуудлын хүрээг хамарсныг дурдав.

Мөн эдгээр саналыг тоймловол, хот байгуулалт, газар ашиглалтын бүсчлэлийг нэгтгэж, нэр томьёог олон улсын жишгийн дагуу тусгах, хот байгуулалтын төлөвлөгөөний дагуу газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хийж, газар олгодог байх зохиуцуулалтыг Хот байгуулалтын тухай хууль, Газрын ерөнхий хуулийн төслүүдэд тусгах, Хот байгуулалтын тухай хуулийг ерөнхий хууль болгож, бусад хуулийг түүнтэй уялдуулан боловсруулж, батлуулах, хот суурины хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг жил бүрийн төлөвлөгөө болгон боловсруулан, хэрэгжүүлдэг байх, хот суурины ерөнхий төлөвлөгөөг газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөтэй харилцан уялдаатай боловсруулж, эрэмбэ дарааллын дагуу хэрэгжүүлдэг болгох, аймаг, нийслэл, хотын ерөнхий архитекторын ажлын байрыг төрийн албаны тухай хуулийн дагуу албан ёсоор тогтоож ажиллуулах, улсын ерөнхий архитектортой болгох зэрэг саналуудыг гаргасан гэж байлаа.

Түүнчлэн, хот байгуулалтын тухай хуулийн нэрийг Бүс нутаг, хот төлөвлөлтийн тухай хууль гэж өөрчлөн нэрлэх боломжийг судлах, хот сууринг тохижуулах ажлын зураг төслийг Хот байгуулалтын баримт бичгийн төрөлд оруулж тусгах талаар анхаарч үзэх, хот байгуулалтын салбарын боловсон хүчнийг сургаж бэлтгэх, мэргэшүүлэх асуудлыг төрөөс бодлогоор дэмжих, хот байгуулалтын орон тооны бус зөвлөлийн бүрэлдэхүүнд эрдэмтэн судлаачдыг оруулах шаардлагатай бөгөөд зөвлөлийн бүрэлдэхүүнийг хатуу тогтоож, нэр заан хуульчлах шаардлагагүй талаар, хот байгуулалтын орон тооны бус зөвлөлийн эрх, үүргийг хуульд тодорхой тусган оруулах, төлөвлөлтийн дагуу газар олгох, хот байгуулалтын үйл ажиллагааны санхүүжилтийг шийдвэрлэж, хэрэгжүүлэх асуудлыг Төсвийн тухай хуульд тусгах, хот суурин газрыг дахин хөгжүүлэх төлөвлөлтийн арга зүй, аргачлалын дүрэм, журмыг шинээр болон шинэчлэн боловсруулах, хот байгуулалтын баримт бичгийг боловсруулах зургийн даалгаврыг сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангахтай холбогдуулан хүртээмжийн талаарх нэр томьёог төсөлд тусгах, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, Бүс нутаг, хот төлөвлөлтийн хүрээлэн байгуулах асуудлыг хуулийн төсөлд тусгасныг дэмжих, Монголын нүүдлийн соёл иргэншил, уламжлалттай холбоотой төлөвлөлтийн асуудлыг Хот байгуулалтын баримт бичигт тавигдах шаардлагад тусгахтөслийн 45.5-д заасан мэргэжилтний мэргэшлийн зэрэг хүчингүй болсон тохиолдолд гурван жилийн хугацаанд сургалтад хамрагдахыг хориглосон заалтыг хасах зэрэг асуудлаар тодорхой саналыг гаргасан. Иймд эдгээр саналуудыг Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэгт танилцуулж,  хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэдгийг онцолсон.  

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Газрын ерөнхий хуулийн төсөл болон, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай, Газрын төлбөрийн тухай, Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх тухай төслийн салбар хэлэлцүүлгийн нэгдсэн дүнг танилцуулав.

Тэрбээр, хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллага, их дээд сургууль, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаач, иргэдийн төлөөллийг хамруулсан 200 гаруй хүн оролцсоныг дурдаад хэлэлцүүлгийн явцад 30 оролцогчдоос хуулийн төсөлтэй холбоотой 75 санал, мөн саналын хуудсаар 75 хүн саналаа бичиж ирүүлсэн бол цахим санал (QR)-аар найм буюу нийтдээ 158 санал ирүүлсэн. Үүний 138 санал нь Газрын ерөнхий хуулийн төсөлтэй холбоотой байсан бол Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн төслийн талаар дөрөв, Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх тухай хуулийн төслийн талаар хоёр, Газрын төлбөрийн тухай хуулийн төслийн талаар 14 санал гарсныг дурдлаа.

Мөн эдгээр хуулийн төсөлтэй холбоотой анхаарч, нягталж үзэх асуудлууд олон байгааг тодотгоод хэлэлцүүлэгт оролцогчдоос гарсан саналуудыг тоймловол, Газрын ерөнхий хуулийн төсөлтэй холбогдуулан бэлчээрийн чиглэлээр хамгийн олон санал гарсан гэв. Үүнд, бэлчээрийн харилцааг тодорхой тусгах,  мал аж аж ахуйн салбарын усан хангамжийн асуудалд ажлын хэсгээс анхаарч ажиллах, хадлангийн газрыг дуудлага худалдаагаар олгох, сумын түвшинд анхан шатанд бэлчээр, мал аж ахуйн төлөвлөлтийг тусгаагүй асуудлуудыг нягтлах, сум дундын газрын харилцаа, малчдын эрх, үүргийг нь тодорхой  болгож зохицуулах зэрэг асуудлыг хөндөж, анхаарч ажиллах шаардлагатайг тодотгож байв.

Түүнчлэн газар өмчлөлийн харилцааг зохицуулахдаа нэгдмэл байдлыг анхаарах, нийгмийн зайлшгүй шаардлагаар авах газар болон түүх соёлын үнэт зүйлтэй холбоотой газрын харилцаануудыг нарийвчилж тусгах, түүх соёлын үнэт зүйл гэсэн заалтыг түүх соёлын дурсгалт газар болгож өөрчлөх,  газрын нэгдсэн сангийн ангиллаас тусгай хэрэгцээний газрыг хасахгүй байх, төслийн 16 дугаар зүйлийн дипломат байгууллагын гэдгийг хасах зэрэг асуудлуудыг Ажлын хэсэг анхаарч үзэн, нарийвчилж нягтлах шаардлагатай бол хасах гэсэн санал гаргасан талаар онцолсон.

Мөн тэрбээр хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс Монгол Улсын иргэнд газар өмчлөх тухай хуулийн төсөлтэй холбогдуулж төслийг дэмжихгүй, цаашлаад газрын нэгдмэл байдлыг алдагдуулж байгаа тул шаардлагатай тохиолдолд энэ асуудлыг хойшлуулах, Газрын төлбөрийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулж Мэдээлэл холбооны сүлжээний газар, Батлан хамгаалах яамны харьяа анги, салбаруудын газруудыг газрын төлбөрөөс чөлөөлүүлэх, хуулийн төслийн 9.1.1-т хүүхдийн зуслан гэдэг үгийг нэмж оруулахын зэрэгцээ төслийн 9.7.10-т заасан хэсэгт хувийн зуслангуудыг хамааруулах  зэрэг саналууд гарсан гэж байлаа.

Түүнчлэн Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх хуулийн төсөлтэй холбогдуулж нийгмийн нөлөөллийн үнэлгээг сайтар хийх, хуулийн төслийн талаар малчдад хэлэлцүүлэг хийх, оролцоог хангах шаардлагатай гэсэн санал гаргасныг дурдаад цаашид Газрын багц хуулийн төслийг Улсын Их Хурлын хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг болон дэд ажлын хэсэг оролцогчдоос ирүүлсэн саналыг нэгтгэн, санал тус бүрийг анхааран үзэж, хуулийн төсөлд тусгах талаар хэлэлцэж, Улсын Их Хурлын Байнгын хороодын хуралдаанд танилцуулан шийдвэрлүүлэх нь зүйтэй гэдгийг Г.Тэмүүлэн гишүүн танилцуулгадаа тодотгосон.

Ингээд Газрын багц хуулийн төсөл болон Геодези, зураг зүйн тухай, Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах нээлттэй хэлэлцүүлгийг хааж, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, Ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн үг хэлэв.

Тэрбээр хэлсэн үгэндээ, “Газрын тухай багц хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлэхийн өмнө мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, төрийн байгууллагуудын саналыг авсан. Гэхдээ өнөөдрийн хэлэлцүүлэгт та бүхэн олон чухал саналуудыг хөндөж тавьсан” гэдгийг онцлоод “Бид тухайн салбарын ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох, харилцааг зохицуулах, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх гэж хууль гаргадаг. Энэ  гурван зарчимд нийцсэн тийм л хууль гарна гэж бодож байна” хэмээв.

Мөн тэрбээр Монгол Улсын иргэн бүр газартай холбоотой. Тийм учраас бид олон хүний саналыг авах, ойлголцох, итгэлцлийг бий болгож байж энэ хуулийг гаргах ёстой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлээд цаашид аймаг орон нутагт хэлэлцүүлгүүдийг үргэлжлүүлнэ. Эдгээр хэлэлцүүлгүүдийг хийсний дараа саналуудаа нэгтгэнэ гэж байлаа.

Ажлын хэсгийн ахлагчийн зүгээс дээрх хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлэгт оруулахын өмнөхөн салбар, салбарын хүрээнд дахин хэлэлцүүлж, нягтлан ярилцана гэдгээ онцлон тэмдэглэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл