Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтран Аялал жуулчлалын тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн төслийн талаарх хэлэлцүүлгийг өнөөдөр (2023.02.03) Төрийн ордонд зохион байгууллаа.
Монгол Улсын Засгийн газраас 2023, 2024, 2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Энэ хүрээнд аялал жуулчлалын салбарын эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах бусад хуулийн төслийг 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос байгуулагдсан Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон мэргэжлийн холбоодын төлөөлөл зэрэг 90 гаруй оролцогч оролцлоо.
Аялал жуулчлалын тухай хуулийг 2000 онд баталж байсан бөгөөд манай улс хамгийн ихдээ жилд 500 гаруй мянган жуулчин хүлээн авдаг байсан. Эдийн засагт оруулж буй хувь нэмрээр нь тооцвол экспортын орлогыг бүрдүүлж байгаа гол салбарын нэг. Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх нь ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, үндэсний өв, уламжлал, соёл, ёс заншил, түүх, дурсгалын үнэт зүйлсийг сурталчлан таниулах улмаар эдийн засгийн эргэлтэд оруулах үйлсэд чухал ач холбогдолтой. Иймд төрөөс энэ салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, салбарын өмнө тулгамдсан асуудлыг төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан шийдвэрлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлага зүй ёсоор гарч байна. Хуулийн төслийг хэлэлцэхдээ тал бүрээс нь судалж, олон удаагийн судалгаа, шинжилгээ, хэлэлцүүлэг өрнүүлж нухацтай авч үзэн шинэчлэх шаардлагатай байгааг Улсын Их Хурлын гишүүн, Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг хэлэлцүүлгийн үеэр онцолсон юм.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ хуулийн төслийн талаар танилцуулав.
Төсөлд аялал жуулчлалыг эдийн засгийг тэргүүлэх салбар болгон хөгжүүлэхэд зориулан салбарын оролцогчдын эрх зүйн байдлыг сайжруулах зохицуулалтыг тусгажээ. Мөн аялал жуулчлалын салбарыг бие даасан санхүүгийн тогтвортой эх үүсвэрээр дэмжих зорилгоор “Аялал жуулчлалыг хөгжүүлэх сан” бий болгох, уг сангийн удирдлагад хувийн хэвшлийн оролцоог хангах эрх зүйн орчныг бүрдүүлэх зохицуулалтыг тусгасан байна.
Манай улсад ирсэн жуулчдын тоо цар тахлаас өмнө тогтмол өсөлттэй байсан бөгөөд 2019 онд 577,262 жуулчин хүлээн авч, оны эцсийн байдлаар 607,213,369 ам доллар буюу 1.7 их наяд төгрөгийн орлогыг аялал жуулчлалын салбараас төвлөрүүлсэн нь Монгол Улсын хувьд уул уурхай болон мал аж ахуйн дараа орох томоохон салбар нь аялал жуулчлал болохыг илтгэдэг. Гэсэн хэдий ч өнөөг хүртэл аялал жуулчлалын салбар, энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй иргэн, хуулийн этгээдэд төрөөс бодит тусламж, дэмжлэгийг үзүүлж чадаагүй байгааг салбарын сайд танилцуулгадаа дурдсан.
Мөн аялал жуулчлалын байгууллагын тур оператор, аяллын агент, аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага гэж ангилан экспортын үйлдвэрлэлд тооцох, татварын бодлогоор дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэхээр холбогдох зохицуулалтыг төсөлд тусгасан. Аялал жуулчлалын стратегийн ач холбогдол бүхий бүсийг зарлан бүсийн хөрөнгө оруулалтыг дэмжих, хамгаалах зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан аялал жуулчлалын мэргэжлийн холбоодын ойлголтыг нэвтрүүлж, төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоодод шилжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхээр холбогдох зохицуулалтыг тусгасан гэлээ.
Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэхтэй холбоотой зарим төрлийн ан агнах, барих тусгай зөвшөөрлийг дуудлага худалдаагаар нээлттэй олгох зохицуулалтыг төсөлд тусгажээ. Хил орчмын аялал жуулчлалыг олон улстай улсын тусгай зөвшөөрөлтэй тур оператор компаниар гүйцэтгүүлэх тусгай нөхцөлийг тодорхойлсон байна.
Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар үндэсний онцлог бүхий үндэсний соёл, байгаль, түүх, соёлын өвийг мэргэжлийн холбоод, тухайн орон нутгийн иргэдийн оролцоонд суурилсан аялал жуулчлалыг хөгжүүлэхээр зорьж байгааг салбарын сайд хэллээ.
Түүнчлэн хуулийн төсөлд аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагууд нь стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай байх, байгууламж барих, засварлах зардлыг аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хасагдах зардалд тооцох зохицуулалтыг тусгаж, хил орчмын аялал жуулчлалыг олон улсын аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй тур оператор гүйцэтгэхээр зохицуулсан байна.
Хуулийн төслийг d.parliament.mn цахим хуудаст 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр байршуулснаас хойш 1630 хүн хуулийн төсөлтэй танилцаж, 156 санал ирүүлжээ. Эдгээр саналын дийлэнх хувийг тусгай зөвшөөрөл, татварын хөнгөлөлт, тур оператор, аялал жуулчлалын байгууллагын үйлчилгээ, дэд бүтэц, хөтөч тайлбарлагчийн үйл ажиллагаатай холбоотой саналууд эзэлсэн байна.
Хэлэлцүүлэгт оролцогчид хуулийн төслийн зүйл, заалт бүр дээр саналаа илэрхийлсэн. Оролцогчдын зүгээс үйлчилгээний байгууллагын зааг ялгааг тодорхойлох, төрийн байгууллагуудын уялдааг сайжруулах, хүнд суртлыг арилгах, газрын төлбөрийн асуудалд уян хатан хандах, аялал жуулчлалын салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, бодлогоор дэмжих, “Аялал жуулчлалыг хөгжүүлэх сан”-гийн төсвийн зарцуулалтад тавих хяналтыг тодорхой тусгах, бусад салбарын бодлоготой уялдуулах зохицуулалтын хуулийн төсөлд тусгах шаардлагатай байгаа талаар байр сууриа илэрхийлж байлаа.
Улсын Их Хурлын гишүүн, Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан саналыг нэгтгэж, хуулийн төсөлд тусгахаа илэрхийлээд мөн бичгээр саналаа ирүүлэх боломжтойг хэлсэн юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.