Цэс

Холбоо барих

ХҮНИЙ ДАРХЛАЛ ХОМСДОЛЫН ВИРУСЫН ХАЛДВАР, ДАРХЛАЛЫН ОЛДМОЛ ХОМСДОЛООС СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ АНХЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ БЭЛТГЭСЭН ТАЛААРХ НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ БАЙНГЫН ХОРООНЫ САНАЛ, ДҮГНЭЛТ

2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр
Улаанбаатар  хот


Илтгэгч нь: Улсын Их Хурлын
гишүүн Г.БАЯРСАЙХАН


Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, Д.Оюунхорол нараас 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдаж өргөн мэдүүлэгдсэн бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын чуулганы 2012 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлсэн билээ.

Тус байнгын хороо 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, Г.Уянга, Ц.Оюунгэрэл нарын нэр бүхий гишүүдээс төсөлд хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг өөрийн салбарт зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавих, салбарынхаа хэмжээнд хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх сургалт, сурталчилгааны ажлыг холбогдох төрийн байгууллагатай хамтран зохион байгуулах, энэ ажилд салбарын аж ахуйн нэгж, байгууллагыг татан оролцуулах улмаар дархлал хомсдолын вирусын халдвар авсан болон дархлалын олдмол хомсдолтой хүний эдийн засаг, санхүү болон хуулиар зохицуулагдаагүй нийгмийн бусад баталгааг бүрдүүлэх төрийн захиргааны төв байгууллагын эрх үүргийг нэмж тодорхойлох, мөн Садар самуун явдалтай тэмцэх тухай хуулийн 12 дугаар зүйлд 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон тул Садар самуун явдалтай тэмцэх тухай хуулийн зарим заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хууль санааачлагчид буцаах нь зүйтэй зэрэг саналууд гарлаа.

Хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлэгт оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналыг Байнгын хорооны гишүүдийн олонх дэмжлээ.

Байнгын хорооноос төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийг байгуулан ажиллуулж уг ажлын хэсгээс болон Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалаа. Зарчмын зөрүүтэй саналын томъёоллыг та бүхэнд тараасан болно.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/, Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт хүчингүй болсонд тооцох тухай, Хувь хүний нууцын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг Та бүхнээс хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.



НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ,
СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ БАЙНГЫН
ХОРООНЫ ДАРГА                                               З.БАЯНСЭЛЭНГЭ

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл