Монгол Улсын Засгийн газраас Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж байгаа юм. Хуулийн төсөлд техникийн туслалцаа үзүүлэхээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас төлөөлөгчид ирэн ажиллаж байгаа аж.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчид болон Эрүүл мэндийн яамны удирдах ажилтнууд өнөөдөр (2023.02.02) Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүн Ц.Мөнх-Оргил, М.Оюунчимэг, Ж.Чинбүрэн нартай уулзаж, өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа Тамхины хяналтын тухай хууль болон нэмэлт, өөрчлөлт оруулахаар боловсруулж буй төслийн талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг шинэ төрлийн тамхины хуулийн зохицуулалт, тамхинд оногдуулах татвар зэрэг асуудал нь одоогийн мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд учир дутагдалтай байгаа. Улсын Их Хурлаас хуулийн төслийг аль болох яаралтай хэлэлцэж батлахаар төлөвлөн ажиллаж байна гэдгээ хэллээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчид тамхины хяналтыг сайжруулах, хэрэглээг хязгаарлах хамгийн сайн арга бол татварыг нэмэх гэж байлаа.