Цэс

Холбоо барих

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсэг 12 удаа хуралджээ

Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы хугацаанд (2022.10.03-2023.01.20) Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо нэг удаа хуралдаж, гурван хуулийн төсөл, нэг албан тушаалтныг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлүүлсэн.


Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, холбогдох Байнгын хороо болон чуулганы хуралдаанд санал, дүгнэлтийг бэлтгэн хүргүүлж ажиллалаа.

Нэг.Хууль тогтоомжийн төслийн хэлэлцүүлгийн талаар

Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярсайхан, Ё.Баатарбилэг  нараас 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Монгол Улсын Их Хурлын даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 193 дугаар захирамжаар байгуулан ажиллаж байна.

Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан, Б.Энхбаяр, Н.Энхболд нар ажиллаж байна.


Уг ажлын хэсэг 2 удаа, ажлын дэд хэсэг 12 удаа хуралдаж Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байна.

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслөөр төрийн албаны ёс зүйн нийтлэг асуудлыг нэгдмэл байдлаар зохицуулсан ерөнхий хуулийг батлан гаргах, түүнд бүх төрийн албан хаагчдын сахин мөрдөх нийтлэг хэм хэмжээ, шаардлагыг тогтоож, зөрчсөн бол хүлээлгэх хариуцлагын төрөл, түүнчлэн ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны журмыг тогтооно.


Хуулийн төсөл баталснаар төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлыг улсын хэмжээнд удирдан, зохицуулах нэгдсэн зохицуулалттай болж, төрийн болон орон нутгийн байгууллагын бүх шатанд төрийн албаны ёс зүй, соёлыг төлөвшүүлэхэд ахиц гарах, улмаар иргэд ёс зүйтэй чанартай төрийн үйлчилгээ авах боломж бүрдэх юм.

 

Хоёр.Бусад ажлын талаар

Улсын Их Хурлын тухай хуулиар Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын бодлого, төрийн албаны бүх шатны Ёс зүйн хороодын асуудлууд хамаардаг. Энэ хүрээнд төрийн байгууллагуудын ёс зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр Төрийн байгууллагуудын ёс зүйн зөвлөлийн нэгдсэн зөвлөгөөнийг Төрийн албаны зөвлөлтэй хамтран зохион байгуулсан.

 

Уг зөвлөгөөнд УИХ-аас удирдлага нь томилогддог байгууллага, яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн удирдлагууд, аймаг, нийслэл, сум, дүүргийн төрийн захиргааны болон үйлчилгээний байгууллагын дэргэдэх Ёс зүйн хороодын дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийг хамруулсан төрийн байгууллагуудын ёс зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, ёс зүйн зөрчлийг шалган тогтоох, хариуцлага тооцох, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ёс зүйн хэм хэмжээг боловсронгуй болгох, харилцаа хандлагыг шинэчлэх зэрэг тулгамдсан асуудлуудыг хэлэлцүүлсэн бөгөөд уг зөвлөгөөнийг жил бүрийн намар тогтмол зохион байгуулж хэвшээд байна.

Мөн Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх, санал авах, мэдээлэл солилцох зорилгоор хоёр удаагийн уулзалт, хэлэлцүүлэг хийж, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооноос санаачлан Төрийн албаны зөвлөлтэй хамтран Төрийн байгууллагын удирдах болон ахлах ажилтнуудыг хамруулсан сургалт, хэлэлцүүлгийг 2022 оны 10 дугаар сард 4 өдөр удаа зохион байгуулсан бөгөөд ёс зүй, сахилга хариуцлагаар үлгэрлэсэн соёлыг хэвшүүлэх, удирдлагын манлайлал ба байгууллагын алсын хараа, хэтийн зорилгод хүрэх, шийдвэр гаргах чадварт сургах чиглэлээр өнөөгийн цаг үед шаардлагатай мэдлэг мэдээллийг олгосон сургалт, семинарыг зохион байгуулж ажиллалаа.


ТүүнчлэнТөрийн албаны ёс зүйн тухай хуулийн төслийн талаар” эрдэмтэн судлаачид, төрийн албан хаагчидтай санал солилцох өргөн хэмжээний хэлэлцүүлгийг 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулж ажиллалаа.

 

 

ЁС ЗҮЙ, САХИЛГА ХАРИУЦЛАГЫН БАЙНГЫН ХОРОО

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл