УИХ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны хуралдаан өнөөдөр /2018.04.24/ 12 цаг 08 минутад 55.6 хувийн ирцтэйгээр эхэлж, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ын хэрэгжилт, биелэлт болон цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцлээ.
Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг хангах чиглэлээр хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа танилцууллаа. Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын 19 дүгээр тогтоолоор 4 бүлэг, 44 зорилт, 20 шалгуур үзүүлэлт бүхий “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ыг 2016 оны 2-р сард баталсан. Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал нь эдийн засаг, нийгэм, байгаль орчин болон засаглал гэсэн дөрвөн чиглэлд хэрэгжиж байгаа бөгөөд өнөөдөр ТХЗ-ын үндэсний шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлох, дэлхийн болон үндэсний шалгуур үзүүлэлтийн аргачлал, арга зүй, мэдээллийг эх үүсвэрийг тогтоох үүрэгтэй 9 ажлын хэсгийг МУ-ын Ерөнхий сайдын 2016 оны 44 дүгээр захирамжаар байгуулан ажлын хэсэгт төрийн байгууллага, иргэний нийгмийн байгууллага, судалгаа шинжилгээ байгууллага, мэргэжлийн холбоодын төлөөллийг оролцуулан ажилласан. ТХЗ-ын ажлын хэсэг нь үндэсний түвшний шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлох, Дэлхийн болон үндэсний түвшний шалгуур үзүүлэлтүүдийн мэдээллийн эх үүсвэр, аргачлал, арга зүйг тодорхойлж, бэлэн байдалд үнэлгээ өгөх, суурь болон хүрэх зорилтот түвшний мэдээллийг гаргах, үндэсний түвшний бодлогын баримт бичгүүдтэй уялдуулах ажлуудыг хийж, гүйцэтгэсэн. Ажлын үр дүнд дэлхийн ТХЗ-ын шалгуур 241 үзүүлэлтээс МУ-д хамааралгүй 13 үзүүлэлтийг хасч, үлдсэн 228 үзүүлэлтийг 335 үзүүлэлт болгон өргөтгөсөн. ТХЗ-ын дэд хороог УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дэргэд байгуулан ажиллаж байна.
Харин Үндэсний статистикийн хорооноос ТХЗ-ыг хэрэгжүүлэх хүрээнд хийсэн ажлын хувьд ТХЗ-ын шалгуур үзүүлэлтийн мэдээллийн бэлэн байдалд 3 удаагийн үнэлгээ хийсэн. 2018 оны 4 дүгээр сарын байдлаар ТХЗ-ын нийт 244 шалгуур үзүүлэлтээс МУ-д хамааралгүй 11 үзүүлэлт байна. Өнөөгийн байдлаар 233 шалгуур үзүүлэлтээс 107 шалгуур үзүүлэлтийн мэдээллийг 2015, 2016 оны гүйцэтгэлээр гаргасан. Гарахгүй үзүүлэлт 126 байна гэлээ.
Дараа нь “Засгийн газрын гурван тулгуурт бодлого ба үндэсний хөгжлийн үзэл баримтлал-30, НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтуудын уялдаа”-ны талаар Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан танилцууллаа. Тэрбээр, Монгол Улсын Засгийн газар шинээр байгуулагдан улс орны өмнө тулгарч буй хүндрэл бэрхшээлүүдийг даван туулахад юуны өмнө салбарын болон орон нутгийн хөгжлийн бодлогыг үндэсний хөгжлийн бодлогод нийцүүлэх, уялдуулах, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангахад онцгой анхаарал хандуулан ажиллаж байна.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2015 оны чуулганаар Дэлхийн нийтийн тогтвортой хөгжлийн зорилтуудыг баталсны дагуу манай улс “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтал-2030” баримт бичгийг УИХ-аас батлан гаргасан. Өөрөөр хэлбэр Монгол Улс ирэх 15 жилийн алсын хараагаа тодорхойлж, түүнд хүрэх бодлого, хөтөлбөрүүдийг боловсруулан ажиллаж байна. Тухайлбал, улсын хэмжээнд тогтвортой үйл ажиллагаа явуулж буй 6000 орчим баялаг бүтээгч, үйлдвэрлэл эрхлэгчийг эхний ээлжинд аж үйлдвэрийн нэгдсэн платформд хамруулснаар төрийн үйлчилгээг үйлдвэр тус бүрт хүргэх болно. Энэхүү платформын тусламжтайгаар үйлдвэрлэл эрхлэгчдийг борлуулалтаар нь дэмжих, гадаадын хөрөнгө оруулагчтай холбох, бодлогын зээл, хөрөнгө оруулалтыг хийх, ажилтан бэлтгэж өгөх, санхүүгийн зах зээлд гаргах, онлайн худалдааны сүлжээнд холбох, нэгдсэн тээвэр логистикийн үйлчилгээ үзүүлэх, төр, засгаас шийдвэр гаргахын өмнө судалгаа явуулах гэх мэт маш олон давуу талыг баялаг бүтээгч нарт олгох юм. Үндэсний хөгжлийн газраас Аймаг, нийслэлийн Засаг дарга нарын захирамжаар Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын даргаар ахлуулсан 350 орчим мэргэжилтэнтэй ажлын хэсгүүдтэй хамтран нийслэлийн 9 дүүрэг, 21 аймаг, 330 сумын хэмжээнд тогтвортой үйл ажиллагаа явуулж буй албан ёсны бүх үйлдвэрлэл эрхлэгч нарыг бүртгэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Үүний үр дүнд бид Дэлхий нийтээр өрнөж буй аж үйлдвэржилтийн 4 дүгээр хувьсгалд хөл нийлүүлэн алхах үндсэн суурь бүрдэх юм гэлээ.
Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 ба гурван тулгуурт хөгжлийн бодлогын үйл ажиллагааны талаарх мэдээлэл сонссоны дараа УИХ-ын гишүүд асуулт асууж, тайлбар авсан юм. Тухайлахад, хуралдаан даргалагч, УИХ-ын гишүүн А.Ундраа боловсролын чиглэлээр ямар зорилт тавин ажиллаж буй талаар тодруулав. Ажлын хэсгээс өгсөн тайлбарт, 300 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд Монгол Улсын бүх аймаг, нийслэл, сум, дүүрэгт ажиллаж, 1-5 онооны үнэлгээтэй судалгаа хийсэн. Ингэснээр тухайн сургууль, цэцэрлэгт шаардлагатай байгаа эд материал, тулгамдаж буй асуудлыг тодорхойлж өгснөөр төсөв мөнгө, мэдээлэл, арга зүйн туслалцаа мөн цаашид хэрэгжүүлэх зорилтыг илүү тодорхой болгох ач холбогдолтой гэлээ.
Хуралдааны төгсгөлд УИХ-ын гишүүн, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга А.Ундраа хэлсэн үгэндээ, Үндэсний хөгжлийн газар, Үндэсний статистикийн хороо болон УИХ-ын гишүүдээс гарсан зарим саналыг тусгаж, холбогдох Байнгын хороодод танилцуулна гэлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.