Цэс

Холбоо барих

Байгаль, орчин хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 10 удаа хуралдаж, давхардсан тоогоор 109 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ

Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд 10 удаа хуралдаж, нийт (давхардсан тоогоор) 109 асуудлыг хэлэлцэн шийдвэрлүүлсэн байна.

Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хүрээнд хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийн зургаан санал, дүгнэлт, анхны хэлэлцүүлгийн хоёр санал, дүгнэлтийг бэлтгэж холбогдох Байнгын хороонд хүргүүлж, Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгийн шатанд зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёоллыг тус тус бэлтгэн ажиллажээ.

Хууль, тогтоолын төслийг  хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын  хүрээнд:

Байнгын хороо Газрын тухай таван багц хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ажиллаж байна. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Газрын тухай хууль нь 2002 онд батлагдсанаас хойш нийт 32 удаа нэмэлт, өөрчлөлт орсон бөгөөд 20 жил шинэчлээгүй газрын хуулийг багцаар нь шинэчлэснээр нэгдсэн төлөвлөлтөөр дамжуулан салбар хоорондын уялдааг хангах, зорилтот бүлгийн иргэдэд амины орон сууц, гэр, хашаа барих зориулалтаар тэргүүн ээлжинд газар олгох, иргэн хуулийн этгээд газраа цахим биржээр нээлттэй эдийн засгийн эргэлтэд оруулах, өмчилж авсан газраа шилжүүлэх, худалдаа үйлчилгээний зориулалтаар ашиглах, олон өмчлөгчтэй барилгын доорх газрыг өмчлөгчдөд нь дундын мэдлийн газрын эрхээр олгох, газрын маргаан таслах зөвлөлийг байгуулж, маргаан шийдвэрлэх үйл ажиллагааг түргэн, шуурхай болгох юм.

Иймд Монгол Улсын Их Хурлын даргын 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 191 дүгээр захирамжаар Газрын багц хуулийн төсөл, Геодези, зураг зүйн тухай, Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээр ахлуулж,  Улсын Их Хурлын 21 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулан ажиллаж байна.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухайУлсын Их Хурлын тогтоол нь зорилго, үйл ажилллагаанаас гадна санхүүжилтийг хамтад шийдэж хэрэгжүүлж байгаагаараа онцлог юм. Тодруулбал, 2023 онд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг дэмжих зээлийн хүүгийн хөнгөлөлтөд 138,272.30 сая төгрөг, Хүнсний үйлдвэр, Газар тариалан, Мал аж ахуйн салбар, Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ болон судалгаа шинжилгээний зардалд 89,980.90 сая төгрөг, нийтдээ 228,253.20  сая төгрөгийг зарцуулахаар төлөвлөж төсөв санхүүжилттэй нь уялдуулж өгсөн нь бодит үр дүнгээ өгнө гэж үзжээ.

Байнгын хорооны тогтоолоор Байгалийн ургамлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Анандбазараар ахлуулан байгуулсан. Ажлын дэд хэсэг 7 удаа хуралдсанаас гадна байгалийн ургамал ашиглагч, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч талуудыг хамруулсан хэлэлцүүлгийг Төрийн ордонд 2022 оны 10 дугаар сарын 31-нд, газар тариалан, мал аж ахуй эрхлэгчдийг хамруулсан хэлэлцүүлгийг Орхон аймагт 2022 онд 12 дугаар сарын 20-нд тус тус зохион байгуулсан юм.

Хяналт, шалгалтын ажлын талаар:

Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалтын чиглэлээр Байнгын хорооны тогтоолоор  гурван ажлын хэсэг байгуулан ажиллажээ.

1.Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилт болон ус ашиглалтын талаар хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг ахлан ажиллаж байна.

2.Мал, махны бэлтгэн нийлүүлэлт, нөөц, экспортын асуудлаар хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир ахалж, гишүүдээр Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, С.Ганбаатар, Н.Ганибал, Ц.Идэрбат, Ц.Туваан, Т.Энхтүвшин нар ажиллаа.

Ажлын хэсэг санал, дүгнэлт гарган 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Байнгын хорооны хуралдаанд танилцуулж, “Мал, махны бэлтгэн нийлүүлэлт, нөөц, экспортыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай02 дугаар тогтоолыг батлан, хэрэгжилтийг хангуулахаар Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн байна.

3.Байнгын хорооны 2022 оны 15 дугаар тогтоолоор байгуулагдсан Тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэсийн баталгаажуулалтын ажлын явц байдалд хяналт тавих, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин ахалж, гишүүдээр Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Г.Ганболд, Н.Наранбаатар, Г.Мөнхцэцэг нар ажиллаа. Ажлын хэсэг санал дүгнэлт гарган 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Байнгын хорооны хуралдаанд танилцуулж, Тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэсийн баталгаажуулалтын ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай 03 дугаар тогтоолыг батлан, хэрэгжилтийг хангуулахаар Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлжээ.

Бусад ажлын талаар:

Хууль тогтоомжийн төслийг олон нийтэд сурталчлан таниулах, олон нийтээр хэлэлцүүлэх, санал авах, мэдээлэл солилцох зорилгоор хууль тогтоомжийн төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэг тав,  хурал зөвлөгөөн зургаа,  уулзалт, ярилцлага тав, гадаадын зочид төлөөлөгчтэй таван уулзалтыг зохион байгуулж ажиллаа. 

2023 оны 01 дүгээр сард Байнгын хорооны хуралдаанаар 2022-2023 оны өвөлжилтийн байдал, цаг агаарын төлөв, өвөл, хаврын улирлын тэжээлийн хэрэгцээ, нөөц бэлтгэл, отор нүүдэл, эрчим хүч, түлш, дулааны хангамж, агаарын бохирдлын талаар Монгол Улсын Шадар сайдын мэдээллийг сонсож, Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан саналын дагуу дараах асуудлаар Монгол Улсын Засгийн газар болон холбогдох байгууллагуудад тэмдэглэлээр үүрэг чиглэл өглөө.

Түүнчлэн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Улсын Их Хурлын Байгаль хамгаалал консервацийн бүлгээс санаачлан Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран Байгаль орчны багц хуулийн төслийн хэлэлцүүлгийг Төрийн ордонд 2023 оны 01 дүгээр сарын зохион байгуулсан. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас салбарын 33 хуульд дүн шинжилгээ хийж, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах санал боловсруулсныг хэлэлцүүлсэн бөгөөд Улсын Их Хурлын гишүүн, Байнгын хорооны дарга Б.Саранчимэг, Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Ж.Бат-Эрдэнэ, Х.Булгантуяа, С.Ганбаатар болон холбогдох яам, агентлаг, олон улсын төслийн болон төрийн бус байгууллагыг төлөөлөл, эрдэмтэн судлаачид зэрэг нийт 50 гаруй хүн оролцсон. Цаашид байгаль орчны багц хууль дээр дүн шинжилгээг нарийвчлан хийхээр  болжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл