Цэс

Холбоо барих

УИХ-ын гишүүн Н.Учрал Шведийн Вант Улсын Элчин сайд Анна Линдстэдийг хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Шведийн парламентын бүлгэмийн дарга Н.Учрал өнөөдөр (2018.04.16) Шведийн Вант Улсаас Монгол Улсад суугаа  (Бээжингээс  Монгол Улсыг хавсран хамаардаг) Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Анна Линдстэдийг хүлээн авч уулзав.


Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Н.Учрал 2018.04.08-ны өдөр Швед Улсын парламентын гишүүн, Гадаад хэргийн сайдын зөвлөхтэй уулзахдаа хоёр улс аль чиглэлд хамтран ажиллах талаар ярилцсанаа дурьдлаа.

Тэрбээр дараа нь оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах харилцааг зохицуулсан хуулийн төсөл санаачлан, парламентаар хэлэлцүүлж эхэлсэнтэйгээ холбогдуулан “Манай улсын цаашдын хөгжил оюуны өмч, инновацийн бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулахаас ихээхэн хамаарна гэж үздэг” хэмээн байр сууриа илэрхийлэв.  



Мөн манай улсын экспортын бүтээгдэхүүний 80 гаруй хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг, энэ нь инноваци, технологийн ололтыг дэмжихгүй байгаатай холбоотой хэмээгээд Швед улстай боловсрол, шинжлэх ухаан технологийн салбарт хамтран ажиллах, туршлага судлах сонирхолтойгоо хэлсэн.

Элчин сайд Анна Линдстэд хамтын ажиллагааны саналыг хүлээн авч байгаагаа илэрхийлээд, Швед улсад өндөр түвшинд хөгжсөн эко машины хэрэглээг  Монголд нэвтрүүлэхтэй холбогдуулан саналаа хэлж, уулзалтын төгсгөлд Төрийн ордны гадна байрлах эко машин цэнэглэх зогсоол, Н.Учрал гишүүний албан хэрэгцээндээ унадаг эко машинтай танилцлаа гэж  УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл