Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2018 оны 14 дугаарын тойм


Эмхэтгэлийн шинэ дугаарт Зарим хүмүүсийг анхан шатны шүүхийн шүүгч болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилох тухай, Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай      Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг нийтэлжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсаас Гэгээн Ширээт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Монгол Улсаас Лихтенштейний Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ваанчигийн Пүрэвдоржийг эгүүлэн татаж, дээрх улсуудад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лүндэгийн Пүрэвсүрэнг томилжээ.

Мөн Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Булгаагийн Алтангэрэлийг эгүүлэн татаж, Америкийн Нэгдсэн Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ёндонгийн Отгонбаярыг томилсон байна.

Түүнчлэн эмхэтгэлийн шинэ дугаарт Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 12 дугаар захирамж Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг нийтэлсэн байна.

Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5. “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад нэр дэвшигч нь дараахь шаардлагыг хангасан байна:” гээд 26.5.2 дахь заалтад “төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх” гэж заасныг хангаагүй байхад түүнийг Засаг даргаар томилж Монгол Улсын Ерөнхий сайд  2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 12 дугаар захирамжийг гаргасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн цэц 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаараа хянан хэлэлцсэн юм.

Уг хуралдаанаар Л.Ганболд нь төрийн албанд 3-аас доошгүй жил ажиллаагүй болох нь холбогдох хуулийн зохицуулалт болон Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 506 дугаар шийдвэрээр тогтоогдсон тул Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “Засаг даргаар томилж, ажлаас чөлөөлөх тухай” 12 дугаар захирамжийн 1 дэх заалт Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасныг зөрчсөн гэж үзэн уг заалтыг түдгэлзүүлсэн байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл