Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2023 оны 03 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай, Тогтоолын төсөл буцаах тухай, Монгол Улсын Их Хурлын дэд даргыг сонгох тухай, Зөвлөлдөх зөвлөл байгуулах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолуудыг нийтэлсэн байна. “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолоор “Шүүгчийн орон тоог шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 42 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад өөрчлөлт оруулсан бол “Тогтоолын төсөл буцаах тухай”  Улсын Их Хурлын тогтоолоор Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуягаас 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн ““Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг буцаах нь зүйтэй гэсэн Байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдааны санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул хууль санаачлагчид нь буцаасан байна.

Мөн “Монгол Улсын Их Хурлын дэд даргыг сонгох тухай” Улсын Их Хурлын тогтоолоор Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгээс нэр дэвшүүлсэн Улсын Их Хурлын гишүүн Лхагвын Мөнхбаатарыг Монгол Улсын Их Хурлын дэд даргаар сонгожээ. Түүнчлэн “Зөвлөлдөх зөвлөл байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолоор “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлийг Отгондаваагийн Амартүвшин, Гомбосүрэнгийн Галбадрах, Хуягийн Ганбаатар, Өлзийхутагийн Ганхуяг, Цэвэгмидийн Мандхайхатан, Доржийн Моондой, Одонхүүгийн Мөнхсайхан, Банзрагчийн Отгонтөгс, Лхагважавын Төр-Од, Гэлэгпилийн Чулуунбаатар нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан бөгөөд Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлж, санал асуулгын дүнг нэгтгэж, зөвлөмж гарган Улсын Их Хуралд танилцуулахыг Зөвлөлдөх зөвлөлд даалгажээ.

Эмхэтгэлийн шинэ дугаарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 85, 86 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг тайлбарлах тухай Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны тогтоолыг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой  ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл