Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2023 оны 02 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын хуулиудыг нийтэлсэн тул тэдгээр хуулиудад оруулсан нэмэлт, өөрчлөлт болон өөрчлөлттэй дэлгэрэнгүй танилцах боломжтой юм. Тухайлбал, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд хахууль авах, эрх мэдэл, албан тушаалын байдлаа  урвуулан ашиглах, нийтийн албан тушаалтан хахууль авах, хахууль өгөх, улсын нөөцийг хууль бусаар зарцуулах, үрэгдүүлэх, үндэслэлгүйгээр хөрөнгөжих, дураараа аашлах тохиолдлуудад хорих ял шийтгэхээр заасан байна. Үүнд: -“Нийтийн албан тушаалтнаас бусад этгээд хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс ажлын чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”

-“Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

-Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”

“-Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

-Энэ гэмт хэргийг хясан боогдуулах аргаар үйлдсэн, эсхүл их хэмжээний хахууль авсан бол нийтийн албанд ажиллах эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

-Энэ гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”

“-Өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө, эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон бол нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

-Энэ гэмт хэргийг нийтийн албан тушаалтан, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”

-Гадаад улсын төрийн байгууллага, олон улсын байгууллагын албан тушаалтанд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдал, олон улсын үйл ажиллагаатай нь холбогдуулан давуу байдал олж авах, эсхүл давуу байдлаа хадгалах зорилгоор мөнгө, эдийн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”

“-Улсын нөөцийн бараа, материалыг хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж улсын нөөцөөс гаргасан, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй бусдад шилжүүлсэн, зээлдүүлсэн, барьцаалсан, хандивласан, устгасан, худалдсан, үрэгдүүлсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

-Энэ гэмт хэргийн улмаас их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”

“-Нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь үндэслэлгүй болох нь тогтоогдсон бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”

“-Нийтийн албан тушаалтан өөрт олгогдоогүй албан тушаалын бүрэн эрхийг бусдын нэрийн өмнөөс хэрэгжүүлсэн, ашигласан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

-Энэ гэмт хэргийн улмаас их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” зэрэг ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

           

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл