УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2018.04.17) хуралдаан 10 цаг 06 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, таван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив
Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Н.Учралын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал танилцуулсан.
Төрийн санхүү, эдийн засгийн чадавхийг сайжруулах, татварын хууль тогтоомжийн дагуу татвар төлөгчдөөс улсын төсөвт төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалт үр ашгийг дээшлүүлэх, төсвийн эрх захирагчдын төсвийн хяналтыг сайжруулах, татвар төлөгчдөөс төвлөрсөн хөрөнгийг ямар нэг хууль эрхийн актгүй, батлагдсан норм, нормативгүй зарцуулж байгааг таслан зогсоох, төсвийн эрх захирагчдын хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор Төсвийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд нэмэлт оруулах хуулийн төслийг санаачилсан байна.
Төсвийн зарлагын үйл явц нь төсвийн зарлагыг төлөвлөх, батлах, гүйцэтгэлийг санхүүжүүлэх гэсэн үе шатаар хэрэгждэг учраас Төсвийн тухай хуулийн 24.6-д шинээр “Төсөв захирагчийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээний урсгал болон хөрөнгийн зардлыг төлөвлөх, санхүүжүүлэх, зарцуулах, гүйцэтгэлийн хяналт хийхдээ дараахь зүйлсийн аль тохирохыг үндэслэнэ” гэсэн заалт нэмж оруулахаар төсөлд тусгажээ.
Хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан, Ж.Батзандан, Ч.Улаан, Ц.Даваасүрэн, З.Нарантуяа, Д.Оюунхорол нар асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн олонх хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Ч.Улаан “24.6-д шинээр “Төсөв захирагчийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээний урсгал болон хөрөнгийн зардлыг төлөвлөх, санхүүжүүлэх, зарцуулах, гүйцэтгэлийн хяналт хийхдээ орцын норм, норматив, батлагдсан стандарт, зураг төсөл, гарцын хүрэх үр дүн, түүний шалгуур үзүүлэлтийн аль тохирохыг үндэслэнэ” гэсэн нь буруу ойлголт төрүүлэхээр байна. Хуульд аль тохирохыг үндэслэнэ гэж бичиж болохгүй. Тиймээс Ажлын хэсэг дээр энэ асуудлыг эргэн харж, ярилцах хэрэгтэй гэсэн” саналыг хэлж байлаа.
Ингээд Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 90,9 хувь нь дэмжсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцлээ
Үргэлжлүүлэн Засгийн газраас 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцлээ. Энэ талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн тушаалаар “Өрхийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 хүртлэх насны хүүхдэд сар бүр бэлэн мөнгө хэлбэрээр хүүхдийн мөнгө олгох босго оноог амьжиргааны түвшний үнэлгээний 554 болон түүнээс доош орлогоор тогтоосугай” гэж заасныг үндэслэн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй нийт хүүхдийн 60 орчим хувь буюу 684.0 мянган хүүхдэд 164.2 тэрбум төгрөг олгохоор баталсан байна. Монголын нэг өрхийн дундаж орлого нэг сая төгрөг, нийт өрхийн 72.3 хувь нь үүнээс доош орлоготой байна. Нийт хүн амын тоонд ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй хүн амын эзлэх хувь 2014 онд 20, 2016 онд 29.6 хувь болж 10.0 пунктээр нэмэгдсэн. Хүүхдийн мөнгийг өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй нийт хүүхдийн 80 хувь олгоход 41 тэрбум төгрөг нэмж шаардагдах бөгөөд үүнийг 2018 оны батлагдсан төсөвт тодотгол хийхгүйгээр шийдвэрлэх боломжтой гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулгадаа дурдав.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, Ж.Батзандан, З.Нарантуяа, Д.Оюунхорол, Б.Чойжилсүрэн нар асуулт асууж, санал хэлсэн. Гишүүдийн зүгээс хүүхдийн мөнгөн тэтгэмж бол Монгол Улсын хүн амаа өсгөх бодлого тул хүүхдийн мөнгийг 100 хувь олгох боломж байгаа эсэх, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 80 хувьд олгохоор ОУВС-тай тохирохдоо бусад халамжийн арга хэмжээнүүдийн төсвийг хасах уу гэдгийг илүүтэй лавлаж байлаа.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Өнгөрсөн хугацаанд Монгол Улс эдийн засгийн буруу бодлогын улмаас санхүү, эдийн засаг хямарч, өрийн дарамтад орж, төгрөгийн ханш суларсан. Энэ үед ОУВС-тай хамтран хэрэгжүүлсэн хөтөлбөрийн үр дүнд эдийн засаг тогтворжиж, нааштай үр дүн гарч байгаа. Эдийн засаг хүнд үед тусалсан ОУВС-тай тохирсон гэрээ хэлцлүүдээсээ няцаж болохгүй. Гэхдээ Монголын нэг өрхийн дундаж орлого нэг сая төгрөг, нийт өрхийн 72.3 хувь нь үүнээс доош орлоготой байгаа тул хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 80 хувьд олгох талаар 3-4 сар ярилцаж хэлэлцэж байж асуудлыг нааштайгаар шийдсэн. Хэлэлцээр амаргүй байсан гэж хариулж байлаа. Мөн тэрбээр, Өнгөрсөн хугацаанд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг өндөр хүүтэй зээл авч, олгож ирсэн. Өнөөдөр гэхэд 875 тэрбум төгрөгийн өртэй үлдсэн. Нэмж хэлэхэд, хүүхдийн мөнгийг 80 хувьд олгоход 2018 оны батлагдсан төсөвт тодотгол хийхгүй, цаашлаад халамжийн бусад арга хэмжээний хөрөнгөнөөс хасагдахгүй гэдгийг анхааруулав.
"Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэнгүй
Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу “Хүүхдийн мөнгө олгох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулав.
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт тус тус заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол Улсын хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу “Хүүхдийн мөнгө олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг санаачлан боловсруулсан байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүүхдийн мөнгө гэдэг бол халамж биш манай улсын хүн амаа өсгөх бодлого, хүүхдийг багаас нь баян, ядуу хэмээн ялгаварлаж, төрөөс алагчилж үзэж болохгүй гэж төсөл санаачлагч үзжээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, З.Нарантуяа, Д.Оюунхорол, Ж.Батзандан, Ч.Хүрэлбаатар нар санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа “Хүүхдийн мөнгө Монгол Улсын хүн амаа өсгөх бодлого болохоос халамж биш тул үндэсний бодлогоо дэмжээд хүүхдүүдийн мөнгийг 100 хувь олгох шаардлагатай” гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол “Хүүхдийн мөнгийг 100 хувь олгохыг дэмжиж байгаа ч эдийн засгийн өнөөдрийн нөхцөл боломждоо тулгуурлаж 80 хувьд нь олгох нь зүйтэй. Өнгөрсөнд хийсэн судалгаанаас харахад 13-17 хувь нь хүүхдийн мөнгийг огт авдаггүй байна. Иймд Засгийн газар энэ мөнгийг өрх толгойлсон, орлого багатай айл өрхөд нэмж өгөх бодлого барих шаардлагатай” гэсэн байр суурийг илэрхийлж байв.
Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу “Хүүхдийн мөнгө олгох тухай” УИХ-ын тогтоолын төслийг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 54,5 хувь нь дэмжсэнгүй. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ
Үргэлжлүүлэн Үндэсний аудитын газрын 2018, 2019 онд гүйцэтгэх “Аудитын сэдэв батлах тухай” Төсвийн байнгын хорооны тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Төсвийн байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Тогтоолын төслийн талаар Үндэсний аудитын газрын дарга, Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар танилцуулга хийж, уг танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, О.Батнасан, Д.Оюунхорол, Ч.Улаан нар асуулт асууж, санал хэллээ.
Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Ч.Улаан, Д.Оюунхорол нарын гишүүдээс гаргасан “Аудитын сэдэв батлах тухай” Төсвийн байнгын хорооны 2017 оны 06 тоот, 2018 оны 01 тоот тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах саналын томъёолол бүрээр санал хураалаа. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, “Аудитын сэдэв батлах тухай” Төсвийн байнгын хорооны 2017 оны 06 тоот хавсралтын “Хуулийн дагуу гүйцэтгэх аудит” гэсэн хэсэгт тусгагдсан “Улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй дуусаагүй барилгуудад аудит хийх, аудит хийж дуусгах хугацаа 2018.01.01-2018.04.01, Улсын Их Хуралд хүргүүлэх хугацаа 2018.05.01, хэлэлцүүлэх Байнгын хороо Төсвийн байнгын хороо” гэсэн сэдвийн аудит хийж дуусгах хугацааг 2018.06.05, УИХ-д хүргүүлэх хугацааг 2018.06.09 гэж өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Түүнчлэн Үндэсний аудитын газрын 2018, 2019 онд гүйцэтгэх “Аудитын сэдэв батлах тухай” Төсвийн байнгын хорооны тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Төсвийн байнгын хорооны тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив.
Төрийн аудитын байгууллагын 2017 оны тайланг танилцуулав
Хуралдааны төгсгөлд Төрийн аудитын байгууллагын 2017 оны үйл ажиллагааны тайлангийн талаар Үндэсний аудитын газрын Ерөнхий аудиторын орлогч С.Оюунбилэг танилцуулсан.
Төрийн аудитын байгууллага 2017 оныг Төрийн аудитын тогтолцооны хууль эрх зүй, бодлогын шинэтгэл, ажилтнуудын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх жил болгож, өөрчлөлт шинэчлэлтийн хүрээнд үндсэн долоон том зорилтыг дэвшүүлэн хэрэгжүүлж ажилласан. Төрийн аудитын байгууллага нь санхүүгийн тайлангийн 3179, гүйцэтгэлийн 210, нийцлийн 167 нийтдээ 3556 аудит хийсэн. Аудитаар 11,477.9 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлж, түүний 19.5 хувийг аудитын явцад залруулж, бусад зөрчлийг залруулахаар акт, албан шаардлага, зөвлөмж өгсөн байна. Мөн 2,537.9 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгуулах албан шаардлага өгснөөс 1,796.6 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгаж, 1.1 тэрбум төгрөгийн орлогыг улс, орон нутгийн төсөвт оруулжээ. Төрийн аудитын байгууллага 2017 онд улсын төсвөөс авсан нэг төгрөгийн санхүүжилтээр 198.57 төгрөгийн үр өгөөжийг бий болгож, харилцагч байгууллагаар хүлээн зөвшөөрүүлсэн. Зөрчил гаргасан 447 албан тушаалтанд хариуцлага тооцуулж, 87 албан тушаалтны асуудлыг хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн байна.
Тайлангийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, Д.Оюунхорол, Ч.Улаан, Ж.Батзандан нар Үндэсний аудитын газрын албан тушаалтнуудаас асуулт асууж, хариулт авлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Үндэсний аудитын байгууллага зөрчил гаргасан албан тушаалтнуудыг хууль хяналтын байгууллагад шилжүүллээ гэдэг. Тус газрын тайланг хэлэлцэх үед хууль хяналтын байгууллагынхныг оролцуулж, зөрчил гаргасан этгээдэд авсан арга хэмжээ, хариуцлагын талаар тодруулах шаардлагатай байна. Иймд УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн 47.5.-д “Байнгын хороо шаардлагатай гэж үзвэл тайлан, мэдээллийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх санал, дүгнэлт гаргаж болно” гэж заасан тул Үндэсний аудитын газрын 2017 оны тайланг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэх нь шаардлагатай гэсэн саналыг гаргасан юм. Хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь уг саналыг дэмжив. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.