Цэс

Холбоо барих

Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өндөрлөлөө

Монгол Улсын Их Хурлаас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос зохион байгуулсан Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол таван өдөр Төрийн ордноо үргэлжилж өнөөдөр /2023.01.20/ өндөрлөлөө.


Таван өдөр зохион байгуулагдсан сонсголын ажиллагаанд 60 компанийн Хөгжлийн банкнаас авсан зээлийн зарцуулалттай холбоотой шинжээчийн дүгнэлттэй танилцаж, гэрчүүдээс тайлбар, мэдээлэл авсан юм. Нийтдээ давхардсан тоогоор 306 гэрчийг дуудсанаас 175 нь оролцсон байна. Сонсголын үйл ажиллагааг МҮОНТВ-ээр шууд дамжуулан олон нийтэд хүргэсэн бөгөөд Хөгжлийн банкны одоо ажиллаж буй удирдах есөн ажилтан, дөрвөн ТББ-ын төлөөлөл ажиглагчаар оролцжээ. Мөн Монгол Улсын ерөнхий прокурорын газраас хоёр, Авлигатай тэмцэх газраас гурав, Цагдаагийн ерөнхий газраас гурав, Сангийн яамнаас хоёр хүн ажиглагчаар оролцсон байна. Сонсгол зохион байгуулагдах таван өдрийн хугацаанд нийтдээ түр хороонд 39 албан бичиг, 32 өргөдөл хүсэлт иржээ.


Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг хааж хэлсэн үгэндээ, Энэ удаагийн сонсгол нь Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд орсон нэмэлт, өөрчлөлтийн дагуу парламентын мөрдөн шалгах хүрээнд хийгдсэн анхны сонсгол гэдгээрээ түүхэнд үлдэж байна. Эцсийн дүгнэлтийг ард иргэд хийнэ байх. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар УИХ нь төрийн эрх барих дээд байгууллага бөгөөд хууль тогтоох ард түмний төлөөллийн дээд байгууллага юм. УИХ-ын баталсан хуулийнхаа хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг орхигдсон байсан гэдгийг энэ удаагийн сонсголын үр дүн харууллаа. УИХ ард түмний төлөөллийн дээд байгууллага болохын хувьд Монголын ард түмний итгэл найдварын, шударга ёсны, дархлааны эцсийн цэг байх учиртай. Энэ үүргээ үе үеийн парламентын ардчиллаар дамжуулж бид хэрэгжүүлэх учиртай гэлээ.

Тэрбээр, энэ удаагийн хяналт шалгалтын цаана маш олон хүний хөдөлмөр шингэсэн гэдгийг тэмдэглэсэн. Улсын бүртгэлийн байгууллагын албан хаагчид 4000 гаруй хуулийн этгээдийн хамаарлыг бүтэн сарын турш судлан Түр хороонд ирүүлсэн байна. Бүх арилжааны банкнуудын удирдлагууд банкуудын гүйлгээг хяналт шалгалтын хүрээнд гаргаж өгчээ.



Түр хорооны дарга Б.Энхбаяр эцэст нь, Бидний хуралдсан танхимыг бараг дүүргэхээр их хэмжээний материалыг ирүүлэхийн тулд олон хоног ажилласан тэрхүү олон зуун албан хаагчдад талархлаа илэрхийлье гэлээ.

Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь сонсгол 2023 оны хоёрдугаар сарын 06-10-ны өдрүүдэд болно. Энэ удаагийн сонсголоор Хөгжлийн банкны эх үүсвэрээр улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй, хөрөнгө оруулалтын шинж чанартай 355 төсөл, арга хэмжээнд олгосон зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүн, Хөгжлийн банкны үйл ажиллагаанд эрх бүхий байгууллага, хөндлөнгийн хяналт шалгалтын болон олон улсын аудитын компаниудын дүгнэлт зөвлөмж, өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, үр дүнгийн талаар хэлэлцэнэ.



Нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь сонсголыг 2023 оны гуравдугаар сарын 13-17-ны хооронд зохион байгуулах бөгөөд энэхүү сонсголоор Хөгжлийн банкны эх үүсвэрээр арилжааны банкуудаар дамжуулан олгосон 2542 төсөл, хөтөлбөрийн зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүн, Хөгжлийн банкны бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн удирдлага, зарцуулалт, ашиглалт, үр дүнгийн талаар хянан шалгагчийн мэдээлэл сонсоно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл