Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд манай улсад айлчилж буй ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Ардын Хурлын дарга Цырен-Даши Эрдынеевич Доржиев тэргүүтэй тус улсын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
УИХ-ын дарга М.Энхболд Монгол Улс, ОХУ-ын хамтын ажиллагаа бүх салбарт амжилттай хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа тэмдэглээд, “Энэхүү хамтын ажиллагаанд хил орчмын бүс нутгийн, түүний дотор Буриад Улстай тогтоосон харилцаа чухал үүрэг гүйцэтгэж байна” гэлээ.
Тэрбээр 2016 онд Новосибирскт, 2017 онд Улаанбаатарт зохион байгуулагдсан “Монгол-Оросын хамтын ажиллагаа” чуулга уулзалт, саяхан Москва хотноо болсон Засгийн газар хоорондын хамтарсан хорооны хуралдаан зэрэг арга хэмжээ бүх салбарын харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, зарим бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх, хөнгөвчлөхөд чухал ач холбогдолтой болсон. Хил орчмын худалдаа, эдийн засгийн харилцаанд буй саад бэрхшээлийг арилгах талаар хоёр талаас санаачилга гаргаж, зөвшилцөн ойлголцох, үр дүнд хүргэх нь бидний үүрэг юм хэмээн онцоллоо.
Түүнчлэн Монгол, ОХУ-ын парламентын хамтын ажиллагаа, түүний дотор Улсын Их Хурал, Буриадын Ардын Хурал хоорондын харилцаа сүүлийн үед илүү идэвхжиж байгаад талархалтай байгаагаа тэмдэглэв.
Ноён Ц.Э.Доржиев “Ах, дүү Буриад, Монголын ард түмний нөхөрлөл, найрсаг хамтын ажиллагааны үнэ цэнийг бид онцгой эрхэмлэдэг. Энэ оны эхээр ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн А.С.Цыденов тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилсан. Тэр үеэр хэд хэдэн гэрээ, хэлэлцээр байгуулсан. Тэдгээрийг амжилттай хэрэгжүүлэх талаар УИХ-аас дэмжлэг үзүүлэхийг хүсье” хэмээлээ.
Тэрбээр 2016 онтой харьцуулахад 2017 онд хоёр улсын хоорондох гадаад худалдааны эргэлт 26 хувь нэмэгдсэнийг тэмдэглээд, хамтын ажиллагааны тодорхой саналууд дэвшүүлэв. Тухайлбал, Монголоос мах, махан бүтээгдэхүүн авах, Буриадаас бүс нутгийн байгаль, цаг агаарын нөхцөлд тохирсон, сайн чанарын үрийн буудай экспортлох, Улаан-Үдийн галт тэрэгний засварын төвд УБТЗ-ын зүтгүүр, хөдөлгүүр, хөдлөх бүрэлдэхүүнийг засварлах, Нисэх онгоцны үйлдвэрээс ирэх онд гаргахаар төлөвлөж буй шинэ загварын АН-2 онгоцыг Монголд нийлүүлэх, Улаан-Үд-Улаанбаатар-Эрээний хооронд аялал жуулчлалын шинэ маршрут нээх, Байгаль нуур, Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрыг түшиглэсэн аялал жуулчлалын хамтарсан төсөл хэрэгжүүлэх, түүнд Буриад, Монголын хамтарсан хөрөнгө оруулалтыг татах, боловсрол, соёл урлагийн хамтын ажиллагааг цаашид өргөжүүлж, Буриадын район, Монголын аймгуудын хооронд шууд хэлхээ холбоо тогтоох зэрэг асуудлуудыг хөндөж ярив.
Түүний санал болгосон эдгээр төсөл, хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэхэд Монгол Улсын парламентын зүгээс онцгой анхаарч, бүрэн дэмжих болно гэдгээ УИХ-ын дарга М.Энхболд илэрхийлээд “Таны айлчлал хоёр орны харилцаа үр дүнтэй гүнзгийрэн хөгжихөд чухал түлхэц болно гэдэгт итгэлтэй байна гэлээ”.
Уулзалтад ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Буриадын парламентын бүлгийн дарга Н.Оюундарь нарын зэрэг албаны хүмүүс байлцав.
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс. 2018.04.12