Цэс

Холбоо барих

Төрийн байгуулалтын байнгын хороо таван асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ


Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2018.5.01) хуралдаан 10 цаг 35  минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж,  таван асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ.

Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжлээ

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл -ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцангийн санаачлан боловсруулсан уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы өнгөрсөн долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.

Хуулийн төслийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй тул Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулах санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжив. Энэ хуулийн төсөл нь одоо тулгамдаад байгаа Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эсэх тухай асуудлыг хуулийн хүрээнд шийдэх эрх зүйн боломжийг бүрдүүлэхэд чиглэгдэж байгаа юм.


Дараа нь Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын нэгтгэсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

“Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолоор Оюуны өмчийн газрыг татан буулгаж, Улсын бүртгэлийн ерөнхий газартай нэгтгэн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар болгож өөрчлөн байгуулсан. Тэгвэл оюуны өмчийн эрхийг хамгаалах төрийн чиг үүргийг бүртгэлийн байгууллагад шилжүүлж нэгтгэснээр Монгол Улсын оюуны өмчийн эрхийн хамгаалалтын тогтолцоог алдагдуулж, сулруулах нөхцөл болж байна гэж Засгийн газар үзсэний үндсэн дээр оюуны өмчийн эрхийн баталгаажилтыг хангах, олон улсын гэрээ, конвенциар хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлэх зорилтын үүднээс оюуны өмчийн байгууллагыг бие даалгаж байгуулахаар Улсын Их Хурлын 2017 оны 12 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг боловсруулж өргөн барьсныг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн. Мөн урьд нь Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нарын нэр бүхий 10 гишүүнээс энэ оны 01 дүгээр сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжиж, хоёр төслийг нэгтгэж хэлэлцүүлэгт бэлтгэх чиглэлийг Төрийн байгуулалтын байнгын хороонд өгсөн юм.

Энэ үндсэн дээр Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар уг хууль, тогтоолын нэгтгэсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг суурь болгож хэлэлцэх зарчмын зөрүүтэй санал гаргав. Уг саналтай холбогдуулан Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хуулийн төсөл санаачилсан Н.Учрал гишүүнтэй төслийг өргөн барихаас өмнө болон дараа нь ч санал солилцсон. Засгийн газрын зүгээс Оюуны өмчийн газрыг урьд нь байсны дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд байлгах нь зөв гэж үзсэн. Засгийн газрын энэ санал дэмжигдвэл инновацийн асуудлыг шинэ агентлагийн нэрэнд биш эрхлэх асуудлын чиг үүрэгт зааж өгөх боломжтой гэж үзэж буйгаа хэллээ. Харин санал санаачлагч гишүүн Н.Учрал Оюуны өмчийн газрыг бие даалгаж байгуулах талаар Засгийн газраас оруулсан тогтоолын төслийг дэмжээд явах боломжтой гэж үзэж байгаа, тиймээс Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөө татаж авч буйгаа мэдэгдсэн юм. Ингээд Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтын гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 76.9 хувь нь дэмжив. Мөн уг хуулийн дагаж мөрдөх хугацааг ердийн журмаар тогтоох нь зүйтэй гэж үзлээ.   

Санал, дүгнэлтээ холбогдох Байнгын хороонд хүргүүлэхээр тогтов

Байнгын хорооны хуралдаанаар  Цахим бодлогын түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаярын санаачилсан уг тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг чуулганы өнгөрсөн долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар дэмжиж, анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн юм. Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ж.Мөнхбат, С.Бямбацогт, Ж.Батзандан нар асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв.


Төсөл санаачлагч Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, мэдээллийн технологийн дэвшлийг төрийн албаны үйл ажиллагааг сайжруулж олон нийтэд нээлттэй, ил тод, шуурхай, үр өгөөжтэй болгох, улс орны эдийн засгийн бүх салбарын хөгжлийн хурдцыг нэмэгдүүлэх, хувь хүний нууцаас эхлээд төрийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг бүх салбарт хангах, мэдээллийн нэгдсэн тогтолцоо бүрдүүлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, улмаар улс орны хөгжлийн асуудлыг тодорхойлох замаар мэдээллийн технологийн салбарын концепцийг шинээр боловсруулахад Түр хорооны үйл ажиллагаа чиглэгдэнэ. Цаг хугацааны хувьд 1 жилийн дотор багтаан бодлого, чиглэлээ тодорхойлж оруулж ирэх боломжтой, цаашдаа Улсын Их Хурал, Засгийн газарт энэ асуудлыг хариуцсан бүтэц бий болгох шаардлага гарч ч магадгүй юм гэдгийг хэллээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүн О.Содбилэг Улсын Их Хурлын бүтцэд цахим бодлогын Түр хорооо байгуулах тухай тогтоолын төслийг дэмжиж байгаа, гэхдээ хийх ажлын хүрээг нь маш тодорхой болгохгүй бол хэт ерөнхий байгааг анхаарах шаадлагатайг хэллээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн М.Энхболд Түр хорооны ажиллах хугацааг заахгүй нээлттэй үлдээх нь зөв, харин хэрэгжүүлэх тодорхой зорилтыг нь зааж өгөх нь чухал. Гол нь төрийн үйлчилгээг цахимжуулах, шуурхай, олон нийтэд хүртээмжтэй болгох хүрээнд цахим мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж аюулгүй байдлыг цогцоор нь авч үзэх, цахим хэрэглээний аюулгүй байдлын хууль эрх зүйн орчны талаарх төслийг боловсруулах, цахим банк, цахим төлбөрийн системийн аюулгүй байдлыг төрөөс яаж анхаарч зохицуулах, мэргэшсэн боловсон хүчнийг хэрхэн бэлтгэх, нөөцийг татах, давтан сургах зэрэг асуудлыг хэрхэн шийдэхэд анхаарах шаардлагатай байгааг хэллээ. Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг хуралдааны тэмдэглэлийн хамт Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Дараа нь Зарим дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж дэмжлээ. Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг, Д.Оюунхорол нарыг Нутгийн удирдлагын дэд хорооны, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцанг Ёс зүйн дэд хорооны, Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармааг Нутгийн удирдлагын болон Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлөхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив. Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэнг Ёс зүйн дэд хорооны, Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүүг Нутгийн удирдлагын дэд хорооны, Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяаг Нутгийн удирдлагын болон Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд тус тус оруулахыг дэмжсэн юм.

Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны тайланг сонслоо

Байнгын хорооны хуралдааны төгсгөлд Төрийн албаны зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, тайланг Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо танилцуулсан юм. Монгол Улсын Үндсэн хуулиар тодорхойлсон төрийн үйл ажиллагааны зарчим,Төрийн албаны тухай хуульд заасан бүрэн эрх, Улсын Их Хурлаас баталсан зөвлөлийн чиг үүргийн хүрээнд тухайн жилийн дэвшүүлсэн зорилт, Төсвийн тухай хуулиар баталсан хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэхэд Төрийн албаны зөвлөл үндсэн үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллалаа. Хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, Шүүхийн ерөнхий зөвлөлийг мэдээллээр хангаж, төрийн байгууллагуудад хууль тогтоомж, төрийн албаны стандартыг хэрэгжүүлэхэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, хяналт тавих, илэрсэн зөрчлийг арилгуулах, төрийн албан хаагчдыг сонгон шалгаруулж дүгнэлт гаргах, сургаж хөгжүүлэх, гомдол маргааныг хянан шийдвэрлэх зэрэг үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж ажилласныг тус зөвлөлийн дарга танилцуулгадаа онцоллоо.


Төрийн албаны 2017 оны үйл ажиллагааны тайланд дурдсанаар 2017 онд тус зөвлөл 27 удаа хуралдаж, 161 багц асуудал хэлэлцэн 180 асуудлаар тогтоол шийдвэр гаргажээ. Зөвлөл нь харьяаллын дагуу 30 байгууллагын 33 ажлын байрны захиалгаар нээлттэй сонгон шалгаруулалт зохион байгуулсны зэрэгцээ давхардсан тоогоор нутгийн захиргааны 744 сул ажлын байрыг нийтэд нээлттэй зарласнаас 8455 иргэн бүртгүүлж 2846 иргэн төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад тэнцэж, 496 иргэн Төрийн албаны зөвлөлийн тогтоолоор нэр дэвшин өрсөлдсөн албан тушаалдаа томилогдсон байна. Харин нийт зарлагдсан ажлын байрнаас хүн бүртгүүлээгүй сул үлдсэн 65 орог тоо байгаа бол шалгалтаар хүн тэнцээгүйгээс сул үлдсэн 171 орон тоо байгаа аж. Түүнчлэн төрийн жинхэнэ албанд анх орох иргэний мэргэшлийн шалгалтад бүртгүүлж оролцогсдын 66 хувь нь шалгалтад тэнцээгүй байна. Мөн тус зөвлөл нь өнгөрсөн онд харьяаллын дагуу 276 иргэнийг нөөцөд бүртгэгдсэн иргэдээс нэр дэвшүүлж төрийн жинхэнэ албан тушаалд томилуулсан нь урьд өмнөхөөс илүү үр дүнтэй ажил болсон, түүнчлэн хууль бусаар ажлаас халагдсан гэсэн гомдлын тоо өмнөх оныхоос 116 хүнээр буурсан  гэдгийг Б.Цогоо дарга танилцуулгадаа онцлов.

Төрийн албаны зөвлөлд хандаж төрийн албан хаагчдаас 514 өргөдөл, гомдол ирсэн нь өмнөх оныхоос 100 гаруйгаар буурсан, мөн төрийн захиргааны байгууллагуудын ёс зүйн хороод нийтдээ 334 ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэсэн, төрийн албан хаагчдын сахилга хариуцлага, ёс зүйн асуудал дунд шатны албан хаагчдын дунд хангалтгүй байгааг Төрийн албаны зөвлөлийн дарга дурдлаа. Төрийн албаны тухай шинэ хууль 2019 оны эхнээс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан 47 дүрэм журмыг яаралтай боловсруулж батлуулахаар тус зөвлөл бэлтгэл ажлыг хангаж байгааг тэрбээр дурдаад төрийн албан хаагчдын хариуцлага, сахилга, ёс зүйтэй холбоотой гомдол санал, зөрчил дутагдал буурахгүй байгаа учраас ёс зүйн хэм хэмжээг шинэчлэн зохицуулах, мөн төрийн албан хаагчдын нийгмийн баталгаа хангалтгүй байгаад төрөөс анхаарч тодорхой зохицуулалт хийх шаардлагатай байгааг хэллээ.


Төрийн албаны зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны тайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнбат, Н.Амарзаяа, С.Бямбацогт нар асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, С.Бямбацогт, Н.Амарзаа, Ц.Цэрэнбат, Д.Лүндээжанцан нар үг хэлж, төрийн албаны нэр хүндийг сэргээх, төрийн албан хаагчдын хариуцлага, сахилга, ёс зүй, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, сонгон шалгаруулалт, сургалтын аргыг боловсронгуй болгох, Төрийн албаны тухай шинэ хуулийг хэрэгжүүлэх бэлтгэлийг сайтар хангах талаар байр сууриа илэрхийлэв. Ингээд Төрийн албаны зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны тайланг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Төрийн албаны зөвлөлд хуралдааны тэмдэлэлээр чиглэл өгөхөөр тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл