Цэс

Холбоо барих

Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгүүдийн хуралдааны тойм

ЭДИЙН ЗАСГИЙН БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН ХЭСГҮҮД ХУРАЛДАВ

1.“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хорооны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хурал 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 13.00 цагт “В” танхимд хуралдав.

Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл, Ц.Баярсайхан, Д.Зоригт, А.Тлейхан, Монголбанкны ерөнхийлөгч Х.Золжаргал, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Сангийн дэд сайд С.Пүрэв, Монголбанкны ерөнхийлөгчийн зөвлөх С.Болд, Мөнгөний бодлого, судалгааны газрын захирал Д.Болдбаатар, Валют, эдийн засгийн газрын захирал Д.Дэлгэрсайхан, Хяналт, шалгалтын газрын захирал Д.Ганбат, Хууль, эрх зүйн газрын захирал Г.Эрдэнэбаяр нар болон холбогдох албаны хүмүүс оролцов.

Ажлын хэсгийн 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар ажлын хэсгийн гишүүдээс Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яаманд өгсөн үүрэг, чиглэлийн дагуу ажлын дэд хэсгээс бэлтгэсэн тайлбар, тодотголыг Монголбанкны ерөнхийлөгч Х.Золжаргал хийлээ. 2015 оны төсвийн төсөлтэй мөнгөний бодлогыг уялдуулах хүрээнд Эдийн засгийн байнгын хорооноос тодорхой санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Мөн Санхүүгийн зохицуулах хороонд санхүүгийн зах зээлтэй холбогдсон мөнгөний бодлогод тусгах тодорхой саналаа боловсруулж ажлын хэсэгт танилцуулах үүрэг чиглэл өглөө.

 

2.Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийн төслийн талаар Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 15 цагт хуралдааны “А” танхимд хуралдав.

Ажлын хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү, Ц.Баярсайхан, Д.Ганбат, Б.Гарамгайбаатар нар оролцон Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийн төсөлд өгөх саналаа хэлэлцүүлж,  Эдийн засгийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд багтдаг яам, бусад байгууллагуудын төсвийн ерөнхийлөн захирагчдын төлөөллүүдээс асуулт асууж хариулт авлаа.

Ажлын хэсгийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү, Д.Ганбат, Б.Гарамгайбаатар нарын гаргасан 2015 оны төсвийн төслийн орлогын тооцоог 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд заасан хэмжээнд хүргэж, 40 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх, Эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд заасан хэмжээгээр эдийн засгийн бодит өсөлт болон төсвийн зарлагын тооцоог дахин хийх, төсвийн төсөлд санхүүжилт нь дутуу тусгагдсан хөрөнгө оруулалтуудыг гүйцээн дуусгахад шаардагдах хөрөнгийг төсвийн ерөнхийлөн захирагчдын багцад нэмж тусгах зэрэг саналуудыг дэмжиж Байнгын хорооны хуралдаанд оруулахаар шийдвэрлэв.

 

Эдийн засгийн байнгын хорооны Ажлын албаны референт Д.Цэцэгмаа

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл