Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2018.04.24) хуралдаан 10 цаг 19 минутад 77.8 хувийн ирцтэйгээр эхэлж, долоон асуудал хэлэлцэхээр тогтов. Эхлээд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Учрал танилцуулсан юм.
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй өөрчлөлтүүдийг хийсэн бөгөөд нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган ажлын хэсэг эцсийн хувилбарыг бэлтгэсэн байна. Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар зарим зүйлийг тодрууллаа. Төсөл дэх нотариатчийн үйл ажиллагаатай холбоотой зохицуулалтын талаар лавлахад 2013 оны тавдугаар сарын 31-ний өдрөөс дагаж мөрдөж буй Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нотариатч нь 20 сая төгрөг, түүнээс дээш үнийн дүнтэй бэлэн мөнгөний болон гадаад төлбөр тооцооны гүйлгээний тухай мэдээллийг гүйлгээ хийгдсэнээс хойш ажлын таван өдрийн дотор батлагдсан маягт, журмын дагуу Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэх үүргийг хуулиар хүлээсэн байдгийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр хариуллаа.
Мөн Хамтын ажиллагааны зөвлөл, Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны талаар тодруулсан. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх асуудлыг Засгийн газрын түвшинд анхаарч, үндэсний хөтөлбөр боловсруулан ажиллах асуудал ФАТФ-ын зөвлөмжид дурдагдсан. Иймд мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг боловсруулж, Засгийн газраар батлуулах, түүний хэрэгжилтийг хангах арга хэмжээг авч хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Үндэсний зөвлөл байгуулах асуудлыг хэлэлцэж буй төсөлд шинээр тусгасан. Бүрэлдэхүүнийг Монгол Улсын Ерөнхий сайд батлах бөгөөд Ерөнхий сайдын дэргэд ажиллах зөвлөлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд ахалж, дээрх чиглэлээр үндэсний хөтөлбөрийг боловсруулж, батлуулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах үүргийг гүйцэтгэх аж. Харин Хамтын ажиллагааны зөвлөл нь одоо мөрдөгдөж буй хуулийн хүрээнд мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, мэдээлэл солилцох, эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж гаргах чиг үүрэгтэйгээр Санхүүгийн мэдээллийн албаны дэргэд үйл ажиллагаагаа явуулж байгаа гэдгийг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Учрал тайлбарлалаа. Ингээд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж батлуулах нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжив. Мөн хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж батлуулахыг Байнгын хорооны гишүүд дэмжсэн юм.
Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ
Дараа нь 2018 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнийн өргөн мэдүүлсэн Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ танилцуулаа.
Улсын Их Хурлаас 2016 оны долдугаар сарын 21-ний өдөр Тахарын албаны тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийг батлан гаргахдаа энэ хуулийг дагаж 8 хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг баталж, хууль тогтоомжийн уялдааг хангах ажлыг хийсэн. Харин Жолоочийн даатгалын тухай хууль дахь холбогдох заалтыг орхигдуулсан тул дээрх төслийг боловсруулсан байна. Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд асуулт асууж, хариулт авсны дараа санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсан гишүүдийн 93.3 хувь нь Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэн тул чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ.
Хуулийн төслүүдийг хэлэлцэхийг хойшуулахаар шийдвэрлэв
Хуралдаанаар үргэлжлүүлэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил горимын санал гаргав. “Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа байгууллаа. Иймд тус ажлын хэсэг Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар хэлэлцэж, санал дүгнэлтээ гаргасны дараа Хууль зүйн байнгын хороо хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны ерөнхий хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй учир эдгээр төслийн хэлэлцүүлгий хойшлуулах саналтай байга” гэв. Ингээд горимын саналын дагуу санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 93.3 хувь нь дэмжиж, төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хойшлууллаа.
“Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаархи хэлэлцүүлэг”-ээс гаргасан зөвлөмжийн танилцуулгыг сонсов
Байнгын хорооны хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар “Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаархи хэлэлцүүлэг”-ээс гаргасан зөвлөмжийн танилцуулав. Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, хуулийн давхардал, хийдлийг арилгах, хуулийн байгууллагын ажлын уялдаа холбоог хангах зорилгоор Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаархи хэлэлцүүлгийг зохион байгуулжээ.
Хоёр өдрийн хэлэлцүүлэгт шүүх, прокурор, Хүний эрхийн үндэсний комисс болон хууль сахиулах байгууллагын албан тушаалтнууд, эрдэмтэн судлаачид оролцсон байна. Энэ үеэр шинэчлэн баталсан Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлаар хууль хэрэгжүүлэгч байгууллагуудаас холбогдох илтгэлүүдийг танилцуулжээ. Тухайлбал, шүүх байгууллагаас “Анхан шатны шүүхээс эрүүгийн хууль тогтоомжийг хэрэглэх, түүнд тулгамдаж буй асуудал”, “Шүүхээс эрүүгийн хууль тогтоомжийг хэрэглэх, түүнд тулгамдаж буй асуудал”, прокурорын байгууллагаас “Прокуророос хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих хяналт” сэдвээр, “Өмгөөлөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож хүний эрхийг хамгаалах ажиллагаа” сэдвээр Хуульчдын холбооноос илтгэл танилцуулжээ. Мөн дээрх хуулиудыг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлын талаар Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хүний эрхийн үндэсний комисс болон Хууль сахиулах их сургуулиас тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн гэлээ. Ингээд шүүх, прокурор, Хүний эрхийн үндэсний комисс болон хууль сахиулах байгууллагын албан тушаалтнуудад эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах, нэгдсэн ойлголтод хүрэх, хэлэлцүүлгийн явцад гарсан саналуудад үнэлэлт, дүгнэлт хийж, цаашид эрх зүйн орчинг боловсронгуй болгох талаар зөвлөмжийг гарган Монгол Улсын Их Хурал болон Засгийн газар уламжлахаар тогтсон байна. Энэ дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдад зөвлөмжийг хүргүүлсэн бөгөөд Хууль зүйн байнгын хороонд танилцуулж байгааг Х.Нямбаатар гишүүн хэллээ. Тус зөвлөмжид Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын талаархи 16 санал, Эрүүгийн хэрэг хянан шийвэрлэх тухай хуулийн талаархи 18 санал, хүн хүч, орон тоо, техник хангамжийг нэмэгдүүлэх, сургалт зохион байгуулахтай холбоотой саналуудыг тусгасан байна.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар байр сууриа илэрхийлж, санал хэлснээр Байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.