Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн (2018.04.24) хуралдаан 9 цаг 22 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцлээ.
Тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ
Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргилын санаачилсан Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж дэмжлээ.
Хөгжмийн зохиолч С.Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим, бүжгийн дунд сургууль нь анх БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн Ерөнхий сайдын 1937 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 45 дугаар тушаалаар “Уран сайхны сургууль” нэртэйгээр байгуулагджээ. Түүнээс хойш хэд хэдэн удаа нэрээ өөрчилж, 1996 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс Монгол Улсын Гэгээрлийн яамны сайдын тушаалаар Хөгжим, бүжгийн коллеж хэмээн нэрлэгдэх болжээ.
Харин 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Засгийн газрын тогтоолоор Хөгжим, бүжгийн их сургууль буюу Консерватор болсон. Сургуулийн материаллаг бааз, багш, боловсон хүчний нөөц, чадвар болон шаталсан сургалтаар бэлтгэсэн үндэсний боловсон хүчин зэргийг нь харгалзан энэхүү шийдвэрийг гаргасан байна.
Иймээс Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил мэргэжлийн урлагийн салбарыг хүний нөөцөөр хангах, Монголын урлагийг хөгжүүлэхэд 6-16 жилийн шаталсан сургалтын тогтолцоотой тус Консерваторын сургалтын үйл ажиллагааг төрөөс зайлшгүй дэмжих шаардлагатай байгааг үндэслэн холбогдох хуулийн төсөл боловсруулах асуудлыг судалж үзэх нь зүйтэй хэмээн үзсэний үндсэн дээр Байнгын хорооны тогтооолын төсөл санаачилжээ.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан салбарын сайдаас асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа үг хэлж тогтоолын төслийг дэмжиж буйгаа илэрхийлэв. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр Боловсролын тухай, Дээд боловсролын тухай, Дээд боловсролын санхүүжилтийн тухай хуулиудын хэрэгжилтийг шалгаж, Консерваторын үйл ажиллагаатай танилцан санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Байнгын хорооны Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн А.Ундраагаар ахлуулан байгуулж ажиллуулахаар тогтлоо.
Дараа нь Засгийн газраас энэ сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Энэ талаарх тогтоолын төслийн үзэл баримтлалыг Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа танилцуулсан юм.
Засгийн газрын 2016 оны 121 дүгээр тогтоолын хавсралтаар батапсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлогыг шинэчлэн боловсруулж батлахаар тусгасны дагуу “Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого”-ыг Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуульд нийцүүлэн боловсруулж, Засгийн газрын 2017 оны 295 дугаар тогтоолоор баталжээ. Ийнхүү Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 8.4-т заасны дагуу “Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийг Засгийн газрын тогтоолоор баталсантай холбогдуулан “Шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын 1998 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 55 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцох тухай тогтоолын төслийг боловсруулсан байна.
Тогтоолын төслийн үзэл баримтлалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, А.Ундраа, Н.Учрал нар төсөл санаачлагчаас асуулт асууж тодруулан хариулт авсан бөгөөд гишүүдээс санал гарсангүй. Салбарын сайд гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, өмнө нь тухайн салбарын цаашдын үйл ажиллагааны хөтөлбөрийг Улсын Их Хурлын тогтоолоор бөталж байсан бол Хөгжлийн бодлого,төлөвлөлтийн тухай хууль батлагдсанаар тодорхой салбарын хөгжлийн талаар баримтлах бодлогыг Засгийн газар баталж байхаар хуульчлагдсан. Энэ үндсэн дээр Засгийн газрын 2017 оны 295 дугаар тогтоолоор “Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийг баталсан. Бодлогын баримт бичигт шинжлэх ухаан, техник технологийг улс орны хөгжлийн асуудалтай уялдуулах, их дээд сургуулиуд, шинжлэх ухааны байгууллагын уялдаа холбоог сайжруулах замаар мэдлэг, технологид суурилсан чадамж чадавхи бүрдүүлэх, ШУА-ийн статус, санхүүжилтийг боловсронгуй болгох, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийг чадваржуулах, эрдэмтэн судлаачдын цалин хөлс, урамшууллыг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг тусгасан. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр Засгийн газар, салбарын яамнаас юун түрүүнд шинжлэх ухааны байгууллагын үйл ажиллагааг эрх зүйн хувьд чадамжтай болгох, ганц улсын төсвийн эх үүсвэрээс хараат бус байх биш санхүүгийн бусад эх үүсвэрийг хуулиар нээж өгөх нь чухал гэж үзэж байгаа, энэ чиглэлээр ажлын хэсэг гаргаж холбогдох судалгаа тооцоо хийх, санал авах ажлыг эхлүүлээд байгаа гэдгийг хэллээ.
Ингээд тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 78.6 хувь нь дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтов.
Хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэнгүй
Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар нарын гишүүдийн санаачлан боловсруулсан Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцсэн юм. Төсөл санаачлагч гишүүдийг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар хуулийн төслийн үзэл баримтлалыг танилцуулав.
2012 онд Боловсролын тухай хуульд оруулсан өөрчлөлтөөр урьд нь сум, дүүргийн Засаг дарга нь ерөнхий боловсролын сургуулийн захирал, хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийг томилж, чөлөөлж байсныг өөрчилж, эдгээр албан тушаалтныг аймаг, нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлөх, тэдэнтэй үр дүнгийн гэрээ байгуулахаар заасан. Харин төсөл санаачлагч гишүүд төрийн нийгмийн чиглэлийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, тэдний эрэлт хэрэгцээ, шаардлагад үндэслэсэн үр дүнгийн гэрээ байгуулах, гэрээний үр дүнг боловсролын үйлчилгээг авдаг иргэдээр үнэлүүлэх, өмчийн төрөл, хэлбэрийг үл харгалзан нэг зарчмыг баримтлах үүднээс сум, дүүргийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын байгууллагын удирдлагатай үр дүнгийн гэрээ байгуулах, дүгнэх нь хамгийн бодитой зохицуулалт гэж үзэж байгаа аж.
Тиймээс дээр дурдсан үндэслэл, шаардлагыг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга өөрийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэгийн удирдлагыг томилж, чөлөөлдөг байхаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулжээ. Түүнчлэн дүүргийн боловсролын хэлтсийн даргыг хэрхэн томилж, чөлөөлөх асуудал дээрх хуульд тодорхой зохицуулалтгүй орхигдсон байсан учраас “Дүүргийн Засаг дарга тухайн дүүргийн боловсролын хэлтсийн даргыг нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлийн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн нийслэлийн боловсролын газрын даргатай зөвшилцөн томилж, чөлөөлнө." гэсэн агуулгатай хэсгийг хуульд нэмэхээр төсөлд тусгасан байна.
Мөн ерөнхий боловсролын сургуулиудын хоолны зориулалттай байр, талбай, тоног төхөөрөмжийг тухайн сургуулийн захирал хууль тогтоомжид заасны дагуу нээлттэй сонгон шалгаруулалтаар түрээслүүлэх эрхийг хуульчлахаар Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулийн төслийн үзэл баримтлалын талаарх төсөл санаачлагчийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ, Ц.Цогзолмаа, А.Ундраа, М.Билэгт нар төсөл санаачлагч гишүүдээс асуулт асууж хариулт авлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Н.Учрал, Ц.Гарамжав, Ц.Цогзолмаа, Д.Ганболд, М.Билэгт нар хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм.
Асуулт асууж тодруулан үг хэлсэн гишүүдийн олонхи нь боловсролын салбарт тогтолцооны өөрчлөлт хийх цаг болсон, тиймээс нөхөөс тавьж байгаа юм шиг байн байн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулаад байх биш боловсролын салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг цогцоор нь харж багц хуулийн шинэчлэлтийг яаралтай оруулж ирж хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатай, тэгсэн цагт сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчдийг томилж, чөлөөлөхтэй холбогдсон асуудал аяндаа шийдэгдэнэ гэсэн байр суурьтай байгаагаа хэлж байв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа хуулийн төсөл санаачилж өргөн барих нь гишүүний бүрэн эрхийн асуудал хэдий ч гэлээ Засгийн газраас уг төслийг дэмжих боломжгүй гэсэн саналаа өгсөн байтал салбарын яамны байр суурийг сонсохгүйгээр асуудлыг оруулж ирж байгаа нь зохимжгүй юм. Нөхцөл байдлаас шалтгаалсан гэдэг нэрийн дор боловсролын салбарын хуулиудад байн байн нэмэлт, өөрчлөлт оруулж ирсэн нь салбарын цогц бодлого, боловсон хүчний тогтвортой байдалд алдагдахал хүргэж байна. Иймээс асуудлыг сууриар нь харж, боловсролын багц хуулийг цогцоор авч үзэж шинэчлэх шаардлагатай гэж салбарын яам үзсэний үндсэн дээр ажлын хэсэг гарган ажиллаж байгаа. Багц хуулийн шинэчлэлийг Улсын Их Хурлын хаврын чуулганаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр төлөвлөж байгаа гэдгээ хэллээ. Мөн Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг төвлөрлийг сааруулах үүднээс хуулийн төслийг дэмжээд чуулганаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа, хэрэв нэгдсэн хуралдаанаар дэмжигдвэл ажлын хэсэг гаргаад нухацтай хэлэлцье гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм. Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 14 гишүүний 8 нь буюу 67.1 хувь нь хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэнгүй.
Эцэст нь Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэж санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэгтэй Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Тогтоолын төсөлд Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалангаар ахлуулан долоон гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулах, мөн дэд ажлын хэсэг байгуулж ажиллуулахаар тусгажээ.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан үг хэлсэн гишүүд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь хөдөлмөрийн харилцаанд оролцдог аж ахуйн нэгж, байгууллага, иргэн бүрийн эрх ашигтай холбоотой чухал хууль учраас Ажлын хэсэгт орох хүсэлтэй гишүүн бүрт боломж олгож, асуудалд ихээхэн нухацтай, ул суурьтай, олон талаас нь ярилцаж шийдвэрлэх шаардлагатай гэсэн санал гаргаж байв. Иймээс ажлын хэсгийг Байнгын хорооны тогтоолоор биш Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулах нь зүйтэй гэж үзлээ хэмээн гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.