Цэс

Холбоо барих

Эдийн засгийн байнгын хороо Үндэсний статистикийн хорооны 2017 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2018.04.18/ хуралдаанаар Үндэсний статистикийн хорооны 2017 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ.


Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа 2017 оны тайланг танилцуулсан юм.

Тус хороо Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үндсэн үзүүлэлтийн “Монгол Улсын статистикийн эмхэтгэл-2016”-г өмнөх есөн жилийнхтэй харьцуулан 10 жилээр гаргаж олон нийтэд хүргэжээ. Үндэсний статистикийн хорооноос гаргадаг бүх тоон болон байгууллагын үйл ажиллагааны цаг үеийн мэдээллийг монгол, англи хэл дээр авч болох “1212.mn” апликейшнийг 2017 оны наймдугаар сарын нэгнээс хэрэглээнд нэвтрүүлсэн аж. Тус хорооны вэб сайт болон статистикийн мэдээллийн санг хэрэглэгчдэд ойлгомжтой байдлаар шинэчлэн сайжруулсны дүнд мэдээллийн санд хандалт 2017 онд 338.085 болж 2016 оноос 41.7 хувиар өссөн байна.


Статистикийн мэдээллийн нэгдсэн санг 1921-2018 он хүртэл сар, улирал, жилийн давтамжтай, улс, бүс, аймаг, сум, багийн түвшний 38 салбарын 660 гаруй статистик үзүүлэлтээр тогтмол баяжуулан монгол, англи хэлээр хэрэглэгчдэд хүргэж байгаа аж.

Сар бүрийн танилцуулга жилийн эмхэтгэл, нугалбар, инфографик, хэвлэлийн бага хурлын мэдээний тойм зэрэг хэвлэмэл бүтээгдэхүүний загвар, стандартыг сайжруулж, QR кодыг нэвтрүүлснээр хавсралт файлуудыг түргэн шуурхай татан авах боломжийг бүрдүүлсэн байна.

Мэдээлэл хүргэх хэлбэрээ нэмэгдүүлж, тооллого судалгаанд технологийн дэвшлийг өргөнөөр ашиглах болсон бөгөөд өнгөрсөн онд тус хороо Өрхийн нийгэм, эдийн засгийн, ажиллах хүчний судалгаа, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Анхдугаар зөвлөлдөх санал асуулгын судалгаа, Олон улсын өртгийн зэрэгцүүлэлтийн хөтөлбөрийн хүрээний үнийн судалгаа, Бичил уурхай эрхлэгчдийн судалгаа, Биеийн тамир, спортын улсын нэг удаагийн үзлэг тооллого хийжээ. Мөн Хөдөө аж ахуйн 2017 оны завсрын тооллогыг орон зайн мэдээлэлд суурилсан аргаар зохион байгуулсан байна.

Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны 2017 оны тайланг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Ундармаа ахалж ажилласан бөгөөд тус ажлын хэсгийн танилцуулгыг хийсэн юм.


Статистикийн салбарыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөртэй уялдуулан тус хорооны 2017 оны жилийн төлөвлөгөөнд 211 үйл ажиллагааг тусгаснаас 200 ажлыг бүрэн хэрэгжүүлсэн, 11 ажил нь 2018 оны төлөвлөгөөнд үргэлжлүүлэн хийгдэхээр байгаа нь нийт төлөвлөсөн ажлын гүйцэтгэл 94.5 хувьтай амжилттай биелсэн гэж ажлын хэсэг үзжээ.

Ажлын хэсэг хүн ам, орон сууцны 2020 оны болон байшин, орон сууцны 2019 оны тооллогын бэлтгэл ажлыг хангах, Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийг дүгнэх шалгуур үзүүлэлтүүдийг тооцох аргачлал, мэдээллийн урсгалыг бий болгоход холбогдох яамдтай хамтран ажиллах, Статистикийн тухай хуульд заасны дагуу яамд, төрийн захиргааны төв байгууллагуудад статистикийн үйл ажиллагааг хариуцан ажиллах бие даасан нэгжийг байгуулж, бодит хэрэгжилтийг хангах зэрэг ажлуудыг 2018 онд хийж гүйцэтгэх үүргийг Эдийн засгийн байнгын хорооны протоколоор өгөх нь зүйтэй гэж үзсэн байна.

Мөн Статистикийн тухай хуульд заасны дагуу яамд, төрийн захиргааны төв байгууллагуудад статистикийн үйл ажиллагааг хариуцан ажиллах бие даасан нэгжийг байгуулж, бодит хэрэгжилтийг хангах, мэдээллийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээтэй уялдуулан статистикийн мэдээллийн үзүүлэлтүүдийг нэмэгдүүлэх, мэдээллийн бодит байдлыг хангах зорилгоор нийслэл хотын хороо, аймгийн сумдад статистикчийн орон тоог бий болгох үйл ажиллагааны зардлын төсвийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ажил хийхийг үүрэг болгох нь зүйтэй гэж үзжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.


Тухайлбал УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан ДНБ-ий өсөлт, ажилгүйдэл, инфляци, ядуурлын талаар ярихаар Монголбанк, Сангийн яам, Үндэсний статистикийн хороо зэрэг газруудаас өөр өөр тоо орж ирдэг хэмээгээд эдийн засгийн бодлогын баримт бичиг батлахад үнэн бодит тоо чухал учир дээрх байгууллагууд хамтарч ажиллаж, төрийн байгууллагуудын мэдээллийн сангийн уялдааг хангах нь зүйтэй хэмээж байлаа.

Түүнчлэн гишүүд ажилгүйдлийн түвшин, ядуурлын судалгаа, мал тооллого, төрийн албан хаагчдын тоо, хүүхдийн мөнгө авч буй хүүхдийн тооны талаар тодруулга авсан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар Үндэсний статистикийн хороонд чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоол боловсруулан батлах нь зүйтэй хэмээн үзлээ.

Байнгын хорооны тогтоолыг баталлаа

Мөн хуралдаанаар Банкны зээлийн хүүг бууруулах зах зээлийн орчинг бүрдүүлэх талаар Засгийн газар болон холбогдох байгууллагуудад чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.


Байнгын хорооны тогтоолын төсөлд Банкны зээлийн хүүг бууруулах зах зээлийн орчныг бүрдүүлэх талаар тодорхой арга хэмжээг авахыг Монгол Улсын Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд чиглэл болгохоор тусгажээ. Тухайлбал, Монгол Улсын санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх дэлгэрэнгүй төлөвлөгөөг боловсруулж, биелэлтийг хангах, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх цогц арга хэмжээний хүрээнд хөрөнгө оруулалтын банк, сан, хөрөнгө оруулалтын менежментийн компани зэрэг институцын хөгжлийг дэмжих, хөрөнгийн захад банкны зээлээс бусад санхүүжилтийн хэлбэрийг бий болгох, тэтгэврийн сангийн шинэчлэл хийх, инфляцийг нэг оронтой тоонд барихад чиглэсэн нэгдсэн бодлого хэрэгжүүлэх, Монгол Улсын зээлжих зэрэглэлийг шат дараалан сайжруулах арга хэмжээ авах зэрэг ажлууд тусгагджээ. Мөн гадаад эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, тэдгээрийн хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн санхүүгийн боловсролыг сайжруулах, тэдний хуримтлуулах идэвх, хандлагыг нэмэгдүүлэх, харилцагчдын эрх ашгийг хамгаалах асуудлууд ч туссан байна.

Түүнчлэн Ипотекийн зээлийн хөтөлбөрийг тогтвортой, зохистой хэмжээнд хадгалан, орон нутагт түлхүү хэрэгжүүлэх, эдийн засаг, бизнес, санхүүгийн салбар дахь төрийн дарамт, хүнд суртлыг арилгах, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг шуурхай болгох чиглэлийг Засгийн газарт өгөхөөр тусгасан бол Санхүүгийн зохицуулах хороонд Монгол Улсын эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх болон ногоон хөгжлийг дэмжсэн төслүүдийг санхүүжүүлэх, хөрөнгө оруулалтын санд зөвшөөрөл өгөх, бүртгэх асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэж, зохих дэмжлэг үзүүлж ажиллах чиглэл өгөхөөр төсөлд тусчээ.

Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан тогтоолыг баталлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл