Цэс

Холбоо барих

Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигч Ш.Солонгыг Байнгын хороо дэмжлээ

    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2018.05.22) хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ. Байнгын хорооны хуралдаан 09 цаг  50 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлсэн юм.

Мал эмнэлгийн ерөнхий газар байгуулах төсөл дэмжигдлээ

      Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Тогтоолын төслийн үзэл баримтлалын талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн Н.Энхболд танилцуулсан юм.


    Улсын Их Хурлаас 1993 онд баталсан Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулиар “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах мэргэжлийн үйл ажиллагааг мал, эмнэлэг, үржлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага… хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу мал амьтны эрүүл мэнд, үржлийн асуудал эрхэлсэн хэрэгжүүлэгч агентлаг Засгийн газрын бүтцэд ажиллаж эхэлсэн байна.

    Гэвч уг хуулийн хэрэгжилтийн явцад мал эмнэлгийн болон мал үржлийн албаны хариуцан хэрэгжүүлэх чиг үүрэг ялгавартай нь тодорхой болсны зэрэгцээ хуулийн хийдэл, зөрчил нэлээд гарч байсан, мөн хуулийн хамрах хүрээг тэлж, дэлхий нийтийн жишигт нийцүүлэх шаардлага үүссэн зэргийг харгалзан энэ хуулиар зохицуулж байсан харилцааг салгаж, бие даасан хуулиар зохицуулах шаардлага бий болжээ. Эдгээр асуудлыг шийдвэрлэх зорилгоор мал эмнэлгийн нэгдсэн, шуурхай удирдлагын босоо тогтолцоог бүрдүүлэх, мал үржлийн албаны чиг үүргийг бодлогын түвшинд зохицуулдаг байхын тулд Улсын Их Хурлаас 2017 оны 12 дугаар сард Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай гэсэн хоёр хуулийг баталсан.

    Ирэх сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхлэх дээрх хоёр хуулийг хэрэгжүүлэхийн тулд одоогийн Мал эмнэлэг, үржлийн газрын чиг үүргийг хоёр салгаж, Мал эмнэлгийн ерөнхий газар болгож өөрчлөхтэй холбогдуулан энэхүү тогтоолын төслийг боловсруулжээ. Ингэхдээ, мал эмнэлгийн чиглэлийн үйл ажиллагааг Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд заасны дагуу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Мал эмнэлгийн ерөнхий газар хариуцах, малын үржил, бүртгэлийн чиглэлийн үйл ажиллагааг одоо хариуцаж байгаа хэлтэс нь дээрх хуульд заасны дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны бүтцэд чиг үүргээрээ шилжиж, мал үржил, бүртгэлийн бодлогын хэрэгжилтийн зохицуулалтыг хариуцан ажиллахаар зохион байгуулалтын өөрчлөлт хийх юм байна.

    Тогтоолын төсөл батлагдсанаар төсөвт аливаа төрлийн дарамт үүсэхгүй бөгөөд Мал эмнэлэг, үржлийн газрын төсөвт тусгагдсан төсвийн мал үржлийн ажил, үйлчилгээний зардлаас бусад хэсэг нь Мал эмнэлгийн ерөнхий газарт хэвээр үлдэх юм гэдгийг төсөл санаачлагч танилцуулгадаа дурдлаа.


   Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан гишүүдээс асуулт гараагүй бөгөөд тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүн М.Энхболд энэ удаагийн Улсын Их Хурал мал аж ахуйн салбарын төрийн бодлогыг улам сайжруулах чиглэлд зоримог алхам хийж Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай хуулиудыг баталсан. Эдгээр хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Мал эмнэлэг, үржлийн газрыг Мал эмнэлгийн ерөнхий газар болгож бүтэц, зохион байгуулалтыг нь өөрчлөх, чиг үүргийг тодорхой болгох шаардлага үүсээд байгаа юм.

    Ер нь үе үеийн Улсын Их Хурал, Засгийн газрууд мал аж ахуйн асуудалд төрийн бодлогын түвшинд онцгойлон анхаарч ирсэн. Улсын Их Хурлаас баталсан “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд тухайн үед миний бие Шадар сайд, Улсын онцгой комиссын даргаар ажиллах байхдаа бүх сумдын мал эмнэлэг, үржлийн албыг УАЗ фургон машинтай болгож, хувийн мал эмнэлгийн албадад багагүй дэмжлэг туслалцаа үзүүлж байсан. Одоо төрийн өмчийн хөрөнгөөр орон нутагт шинээр байгуулагдах мал эмнэлгийн нэгжүүд нь өмнө нь сумдын мал эмнэлэг, үржлийн албад болон энэ чиглэлийн хувийн хэвшлийн байгууллагуудын өмч хөрөнгөд суурилж бүтэц, зохион байгуулалтаа хийх шаардлагатай. Мөн мэргэжлийн боловсон хүчний бүртгэл нөөцөө бүрэн дүүрэн ашиглах нь зүйтэй юм гэдгийг хэллээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа, Д.Лүндээжанцан нар тогтоолын төслийг дэмжиж буйгаа илэрхийлээд шинээр байгуулагдах агентлаг, түүний орон нутагт дахь нэгжүүдийг байгуулах, үйл ажиллагааг нь анхнаас нь зөв, үр өгөөжтэй явуулахад өмнөх үеийн тогтолцоо, туршлагыг сайн судалж санаа авах нь чухал болохыг онцолж байлаа.

    Ингээд “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь дэмжив.

Ш.Солонгыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэв

    Дараа нь Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх тухай асуудал хэлэлцэв. Улсын Их Хурлын дарга М.Энхболд хуулиар хүлээсэн бүрэн эрхийнхээ дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчийн талаар Байнгын хорооны хуралдаанд танилцуулав.

    Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуулийн цэц нь есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээл шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно” гэж заажээ. Мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй, Монгол Улсын дөчин нас хүрсэн иргэнийг томилно” гэж заасан байдаг.


   Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг тус тус үндэслэн Үндсэн хуулийн цэцийн гишүүнд Монгол Улсын гавьяат хуульч Шилагарьдын Солонгын нэрийг дэвшүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд санал оруулж буйгаа Улсын Их Хурлын дарга М.Энхболд дурдаад нэр дэвшигч Ш.Солонго нь дээрх хуулийн шаардлагыг бүрэн хангаж байгаа, хуульч мэргэжилтэй, гавьяат хуульч цолтой, төрийн албанд 34 жил ажилласан, төрийн ажлын арвин баялаг туршлагатай ажилтан гэдгийг танилцуулгадаа онцлов.

    Нэр дэвшигч Ш.Солонго нь 1984 онд Москвагийн Их сургуулийг хуульч мэргэжлээр төгсөж, 1994 онд Тайваньд Зах зээлийн худалдааны хууль тогтоомжийн, 1998 онд Нидерландын Вант Улсад иргэний болон худалдааны хууль тогтоомжийн, 2000 онд Австри Улсад захиргааны шийдвэрийн нөлөөллийн, 2005 онд ХБНГУ-д захиргааны ерөнхий хуулиар тус тус мэргэшил дээшлүүлжээ.


    Тэрбээр 1984-1992 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хуулийн хэлтэст мэргэжилтэн, 1992-1994 онд Засгийн газрын Тамгын хэлтэст дэс түшмэл, тасгийн дарга, 1994-2000 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт түшмэл, Засгийн газрын ахлах референт, 2000-2008 онд мөн газарт Хуулийн хэлтсийн дарга, 20008 оноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргаар ажиллаж байгаа аж.

     Нэр дэвшигчийн талаарх танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт гараагүй бөгөөд харин Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд үг хэлж, нэр дэвшигч Ш.Солонго нь Үндсэн хуулийн цэцийн гишүүнд хуулиар тавигддаг шаардлага, шалгуурыг бүрэн хангасан, төрийн ажлын ихээхэн туршлагатай, мэргэжлийн өндөр ур чадвартай, гавьяат хуульч цолтой, олон нийтэд танигдсан, нэр хүндтэй төрийн албан хаагч гэдгийг хэлээд нэр дэвшигчийг дэмжиж буйгаа илэрхийлэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нэр дэвшигчийг дэмжиж буйгаа илэрхийлээд Байнгын хороо нэр дэвшигчийг дэмжвэл Улсын Их Хурлын дарга захирамж гаргаж, Хууль зүйн байнгын хороонд энэ талаарх саналаа хүргүүлэх юм гэдгийг хэллээ.

   Ингээд санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүн санал нэгтэйгээр нэр дэвшигч Ш.Солонгыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэхийг дэмжсэн юм.

    Мөн нэр дэвшигч Ш.Солонго нь Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр ажилладаг. Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн нь Үндсэн хуулийн цэцийн гишүүний үүрэгт ажлыг давхар гүйцэтгэхийг хуулиар хориглосон байдаг тул тэрбээр Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасны дагуу түүнийг тус хорооны гишүүнээс чөлөөлөх асуудлыг шийдвэрлэж өгөх талаар Сонгуулийн ерөнхий дарга Улсын Их Хуралд ханджээ.

    Иймээс энэ талаарх Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж дэмжлээ. Хэрэв нэр дэвшигч Ш.Солонго нь Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдвол түүнийг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөх асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл