“Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2018.05.22) хуралдаан 14 цаг 40 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааны эхэнд “Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн. Засгийн газраас 2018 оны тавдугаар сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн уг төслийн талаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор танилцуулав.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлд төрийн өмчийн талаарх УИХ-ын бүрэн эрхийг тодорхойлохдоо 8.1.4-т “…төрийн өмчийг барьцаалах, орон нутгийн өмчид шилжүүлэх тухай шийдвэр гаргах…” гэж заасан байдаг. Уг тогтоолын төслийг төрийн өмчид байгаа илүүдэл, ашиглалтгүй хөрөнгийг хэрэгцээ, шаардлагатай байгаа орон нутагт шилжүүлэх, эд хөрөнгийн зохицуулалт хийх, Төсвийн тухай болон Эрчим хүчний тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, хяналтыг сайжруулах зорилгоор төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх шаардлагад үндэслэн боловсруулсан байна. Уг төсөл батлагдвал Дархан-Уул, Говь-Алтай, Баянхонгор, Архангай аймагт цэцэрлэг нэмж байгуулан, нийт 350 орчим хүүхдийн цэцэрлэгт хамруулах боломж бүрдэх ба Ховд, Дархан-Уул аймагт Засаг даргын Тамгын газрын ажил үйлчилгээг иргэдэд ойртуулах боломж нэмэгдэх юм байна. Мөн Төсвийн тухай хуулийн хэрэгжилтийг ханган орон нутгийн байгаль, орчин аялал жуулчлалын газрыг өмчийн ижил хэлбэрт шилжүүлэх, Увс, Ховд, Баян Өлгий, Дундговь аймаг болон Сэлэнгэ аймгийн Мандал сумын бизнес эрхлэгч, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, орон нутаг дахь зарим хөрөнгийн ашилалт, хадгалалт хамгаалалтыг сайжруулах төдийгүй аймаг, нийслэлийн эдийн засагт багагүй нөлөө үзүүлэх ач холбогдолтой болохыг танилцуулгад дурдав.
Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, М.Оюунчимэг, Я.Содбаатар нар асуулт асууж, хариулт авлаа. 1996 онд батлагдсан Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах, төрийн өмчийн талаарх эрх зүйн орчныг шинэчлэх шаардлага бий гэдгийг гишүүд хэлж байв. Төрийн болон орон нутгийн өмчийн талаар хуульд тодорхойлсон байдаг ч нийслэлийн өмч гэдэг тодорхойлолт байдаггүйгээс үүдэн нийслэл өмчөө эргэлтэд оруулж чаддаггүй. Үүн дээр цаашид ямар бодлого баримталж, хэрхэн зохицуулах талаар тодруулсан. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль дээр өөрчлөлт орох шаардлага бий бөгөөд 2018 оны хоёрдугаар сард Засгийн газарт санал хүргүүлсэн. Холбогдох талууд ажиллаж байгаа гэдэг мэдээллийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга өгөв. Одоо хэрэгжиж буй хуульд төрийн бүх өмчийн зохицуулалт УИХ-ын мэдэлд байхаар заасан байгаа. Ингэснээр нэг автомашиныг орон нутгийн өмчид шилжүүлэх болсон ч УИХ-аар хэлэлцүүлэх нөхцөл үүсдэг гэв. Түүнчлэн төрийн өмчит аж ахуйн нэгжүүд өмчөө эдийн засгийн эргэлтэд оруулах боломжгүй байдгийг хэлж байв. Үүсээд буй нөхцөл байдалд үндэслэн эрх зүйн орчныг өөрчлөх саналаа боловсруулсан байгаа аж. Төрийн өмчийн харилцааны талаарх зохицуулалт цаг үеэсээ хоцрогдоод байгаа гэдэг гишүүдийн саналыг дэмжиж буйгаа тэрбээр хэллээ. Холбогдох байгууллагаас 2017 онд төрийн өмчийн тооллого явуулсан, энэ онд төрийн өмчийг зах зээлийн үнэлэгээгээр үнэлж, бүртгэж байгаа юм байна. Өмч хувьчлалын бодлогыг хэзээ УИХ-аар хэлэлцүүлэх талаар тодруулахад 2017 оны дөрөвдүгээр сард төрийн өмчийн өөрчлөн байгуулалтын асуудлыг Засгийн газарт оруулсан ч эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэн хэлэлцээгүй талаар тайлбарлав. Дахин 2018 оны хоёрдугаар сард Засгийн газарт хүргүүлсэн бөгөөд бүх яамнаас санал авч нэгтгэсэн, маргаашийн хуралдаанаар хэлэлцэнэ гэдгийг Ц.Ням-Осор дарга дуулгаад дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн юм. Энэ хүрээнд төрийн өмчит 30 гаруй аж ахуйн нэгжийн хувьчлал, өөрчлөн байгуулалтын асуудлыг авч үзэх юм байна. Авто зам ашиглалтын 20 гаруй компанийг хувьчлах, эрчим хүчний салбарын зарим компанийн хувьчлал, өөрчлөн байгуулалтын асуудлыг шийдвэрлэх, бусад буюу 14-15 компанийг үе шаттайгаар Хөрөнгийн биржээр нээлттэй, олон нийт хувьцааг нь эзэмшин, хяналт тогтоох хэлбэрт шилжүүлэх асуудлыг тусгасан байгаа гэв. Өмч хувьчлалын жагсаалтад Төрийн банк бий эсэхийг тодруулсан М.Оюунчимэг гишүүний асуултад хариулахдаа "Сангийн яамнаас өгсөн хувьчлах жагсаалтад бий, тодорхой хувийг стратегийн хөрөнгө оруулагчид буюу банк, санхүүгийн салбарын хөрөнгө оруулагчдад, үлдсэн хувийг нь Хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд нээлтэй, хувьцаа хэлбэрээр худалдах санал байгаа" гэлээ.
Ийнхүү гишүүд асуулт асууж, санал хэлсний дараа “Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын төслийн үзэл баримтлалыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад гишүүдийн 72.7 хувь нь дэмжлээ.
Эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
Үүний дараа “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Б.Ундармаа хийв. Ажлын хэсэг тавдугаар сарын 21-ний өдөр хуралдаж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн байна. Ингэхдээ чуулганы нэгдсэн хуралдаанаар хийсэн анхны хэлэлцүүлгийн үеэр санал хураан шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудыг төсөлд бүрэн тусгасан байна. Тухайлбал, төслийн хавсралтад зээлийн хүүг бууруулах, санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгож хэрэгжилтийг эрчимжүүлэх, байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг тогтоох үнэлгээнд орон нутаг оролцдог байх, Чингис хааны өмнөх болон дараах үеийн түүх, археологийн үзэсгэлэн гаргах бэлтгэл ажлыг хангах, багш, эмч нарын цалин хөлсний менежментийг боловсронгуй болгох замаар үе шаттайгаар цалин, хөлсийг нэмэгдүүлэх, шинжлэх ухаан, инновацийн салбарт олон улсын жишигт нийцсэн барилга, байгууламж, лабораторийн орчин үеийн нөхцөл бүхий дэд бүтцийг бий болгох, сүрьеэгийн эмнэлгийг барилгыг шинэчлэх, МСҮТ-ийн оюутнуудад 70.000 төгрөгийн тэтгэмж олгох зэрэг зарчмын саналыг төсөлд нэгбүрчлэн тусгасан байна. Түүнчлэн чуулганы нэгдсэн хуралдааны үед хуралдаан даргалагчаас төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу нээлттэй үлдээсэн Тавантолгойн орд ашиглалтыг өргөжүүлэн, хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлын явц, хуваарь гэсэн шалгуур үзүүлэлтийг тогтоолын төслийн хавсралтын 5 дугаар зорилтод нэмэх саналын томъёоллыг бэлтгэсэн байна.
Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, М.Оюунчимэг нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авлаа. Ингээд ажлын хэсгээс бэлтгэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлээд тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулах нь зүйтэй хэмээн үзлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.