Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дэвид Уиллиам Спрулийг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа.
УИХ-ын дарга М.Энхболд уулзалтын эхэнд Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсонд нь баяр хүргээд, (2017 оны есдүгээр сард Итгэмжлэх жуух бичгээ барьсан) “Манай хоёр орны хооронд найрсаг дотно харилцаа амжилттай хөгжиж байна. Канад бол Монгол Улсын гуравдагч хөрш, хөрөнгө оруулалтын томоохон түнш мөн” гэж тэмдэглэв.
-Хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцаа уул уурхайн салбарт түлхүү хөгжиж байна. Монголчууд бид Канадын шинэ техник, технологийн шилдэг ололтыг ашиглах, түүнээс суралцах чин эрмэлзэлтэй байдаг. Канадаас Монгол Улсад оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ 2017 оны байдлаар 4.8 тэрбум ам.долларт хүрч, хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ манай түншүүдийн дунд 2-рт бичигдэж байна гэж тэрбээр онцоллоо.
УИХ-ын дарга М.Энхболд парламент хоорондын харилцаа амжилттай хөгжиж байгааг тэмдэглээд, хууль тогтоох байгууллагуудын харилцаа сайн байх нь худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа үр дүнд хүрэх үндсэн нөхцөл болдог онцлогтой. Тиймээс хамтын ажиллагааг амжилттай хөгжүүлэхэд чиглэсэн хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, өөрчлөн сайжруулах асуудалд онцгой анхаарал тавих болно гэв.
Тэрбээр 2016 онд Канад Улсын парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэган Монгол Улсад айлчилж, 2017 онд УИХ дахь Монгол-Канадын бүлгийн дарга Б.Саранчимэг тэргүүтэй УИХ-ын төлөөлөгчид Канадад айлчилж, Канадын парламентаас зохион байгуулсан арга хэмжээнд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон хамрагдсаныг дурдаад, энэ онд тохиох хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Канадын парламент дахь Канад-Монголын бүлгийн гишүүдийг Монголд хүлээн авахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
Ноён Элчин сайд Д.Спрул хүлээн авч уулзаж буйд нь УИХ-ын дарга М.Энхболдод талархал илэрхийлж, “Энэ онд дипломат харилцааны 45 жилийн ойгоос гадна Монгол Улсад Канад Улс Элчин сайдын яамаа нээсний 10 жил тохиож байна” гээд, хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагаанд сэтгэл ханамжтай байгаагаа тэмдэглэв.
Тэрбээр Монгол оронд өрнөсөн ардчилсан шинэтгэлийн жилүүдэд танай улсад хөл тавьсан анхны хөрөнгө оруулагчдын нэг нь канадчууд юм. Хөрөнгө оруулалт, уул уурхайн салбарын хамтын ажиллагаа цаашид ч амжилттай үргэлжлэн хөгжинө гэдэгт итгэлтэй байна гэв.
Түүнчлэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хуулийн дагуу тэдний эрх ашгийг хамгаалах, бэрхшээлийг хөнгөвчлөх, ойлголцон зөвшилцөх талаар парламентын тэргүүний хувьд анхаарлаа хандуулж ажиллахыг хүслээ.
Ноён Элчин сайд Д.Спрул “Бид танай сайхан орны хөрш төдийгүй найдвартай, итгэлт түнш байхыг хүсэж байна” хэмээн уулзалтын төгсгөлд онцоллоо.
УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
2018.05.23