Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2018 оны 19 дугаарын тойм


Эмхэтгэлийн шинэ дугаарт Зарлиг хүчингүй болсонд тооцох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг нийтэлжээ.

Уг зарлигаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн “Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай” 182 дугаар зарлигийг хүчингүй болсонд тооцсон байна.

Мөн 2018 оныг “Хариуцлагын жил” болгон зарлах тухай Засгийн газрын тогтоолыг нийтэлсэн байна.

Дээрх тогтоолоор 2018 оныг “Хариуцлагын жил” болгон зарлаж, “Хариуцлагын жил”-ийн хүрээнд Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгасан төсөл, арга хэмжээг хугацаанд нь зохион байгуулан дүгнэж ажиллах, яам, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар, төсөвт байгууллага бүр хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүргээ хэлбэрэлтгүй биелүүлж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдлыг хугацаанд нь шийдвэрлэн хариуг нэг цэгээс шуурхай өгч, төрийн үйлчилгээг хүнд суртал, чирэгдэлгүй зохион байгуулж, ахиц дэвшил гаргах арга хэмжээ авахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасан байна.

Түүнчлэн төрийн захиргааны бүх шатны байгууллага ажиллагсадтайгаа байгуулсан үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээг хагас, бүтэн жилээр дүгнэж, гэрээний үүргээ хангалтгүй биелүүлсэн удирдлага, албан тушаалтанд холбогдох хуульд заасны дагуу хариуцлага тооцон ажиллаж байх, 2018 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулан төсөл, арга хэмжээг төсвийн жилд багтаан хэрэгжүүлж ажиллахыг даалгажээ.

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 19 дугаарт Даатгалын босго үзүүлэлт тогтоох тухай Засгийн газрын тогтоолыг нийтэлсэн бөгөөд Малын индексжүүлсэн даатгалын босго үзүүлэлттэй эмхэтгэлээс танилцах боломжтой.

Мөн Засгийн газрын тогтоолоор баталсан “Үйлдвэржилт 21:100” үндэсний хөтөлбөрийг хавсралтын хамт бүрэн эхээр нь нийтэлсэн байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл