Цэс

Холбоо барих

Улсын бүртгэлийн багц хуулиудын шинэчилсэн найруулгын төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг сонслоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2018.05.18/ үдээс хойшхи нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол орны хөрс, бэлчээр, тариалангийн газрын хамгааллын асуудлаар мэдээлэл хийлээ.


Улаанбаатар хотын хөрсөн дэх хүнд металлуудын агууламжийг бэлчээрийн эрүүл хөрстэй харьцуулж үзэхэд хромын агууламж 76,3 хувь, хар тугалгынх 71.1 хувь, цайрынх  80,3 хувь, зэсийнх 65,8 хувь, кадмийн агууламж 48,7 хувь, никелийн агууламж 52,6 хувиар тус тус их байгаа нь судалгаагаар тогтоогджээ.         

Улаанбаатар хотын нянгийн бохирдолтын түвшин 2014 оны байдлаар нийт дээжний 88 хувьд нь нян, хөгц, мөөгөнцөр илэрч хөрс нянгаар бохирдсон байна. Гэр хороолол, томоохон зах орчим, хур хогийн цэг орчмын хөрсөнд нянгийн бохирдолт маш их байгаа бол хотын хүн амын төвлөрөл ихтэй худалдаа үйлчилгээ явуулдаг томоохон төвүүдийн орчимд аммонийн агууламж ихтэй, нийт хөрсний дээжний 72 хувь нь сульфатын бохирдолтой гарсныг Ерөнхий сайд мэдээлэлдээ дурдсан.

Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн лабораторид 2008-2010 онуудад газар тариалангийн үйлдвэрлэлд ашиглаж буй 579,3 мянган га, атаршиж орхигдсон 347,0 мянган га талбайд хөрсний үржил шим, элэгдэл эвдрэлийг тодорхойлох шинжилгээ хийжээ.

Энэхүү шинжилгээний дүнгээр тариалангийн үйлдвэрлэлд ашиглаж буй нийт талбайн 61,4 хувь нь хүчтэй, 34,9 хувь нь дунд, 3,7 хувь нь сул элэгдэлд орсноос тариалангийн гол бүс нутаг болох Сэлэнгэ, Төв, Булган аймгийн тариалангийн талбайн 52,0-81,0 хувь нь хүчтэй элэгдэлд орсон  дүн гарсан байна.

Монгол Улс 112.7 сая га хадлан, бэлчээрийн талбайтай. Өнгөрсөн 2017 оны мал тооллогоор 66.2 сая мал тоологдсон бөгөөд 100 га бэлчээр, хадлангийн талбайд хонин толгойд шилжүүлснээр 92 толгой мал ноогдож буй аж.

Одоо ашиглагдаж байгаа бэлчээр, хадлангийн талбайг 1964 оныхтой харьцуулбал бэлчээрийн талбай 9.4 сая га-гаар багассан бол харин хонин толгойд шилжүүлсэн нийт малын тоо 40,0 гаруй сая толгойгоор өсч, 100 га бэлчээрийн талбайд ноогдох хонин толгойд шилжүүлсэн малын тоо 1.8 дахин нэмэгдээд байгаа юм байна.

Эрдэмтдийн хийсэн судалгаагаар манай орны бэлчээр жилд дунджаар 84.6 сая хонин толгой мал агуулах багтаамжтай боловч бэлчээрийн даац ихээхэн хэмжээгээр хэтэрч, бэлчээр нөхөн сэргээгдэх боломжгүй болж эрчимтэй доройтоход нөлөөлж байна гэлээ

Хүний хүчин зүйлийн нөлөө, уур амьсгалын өөрчлөлтөөс болж бэлчээрийн ургац 5 хувиар буурч, ургамлын зүйлийн бүрэлдэхүүн 15 хувиар цөөрч, бэлчээр талхлагдсанаас нийт бэлчээрийн 70 гаруй хувь нь тодорхой хэмжээгээр доройтсон гэсэн мэдээ гарчээ.
Тариалангийн талбайн хөрсний үржил шимийг сайжруулах хүрээнд жил бүрийн тариалалтад зориулан 2016 онд 7900 тн, 2017 онд 3041тн бордоог Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй нөхцлөөр олгосон ба үүний үр дүнд ургацын хэмжээ 2016 онд  5-10 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй гарсан байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Тариалангийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн, тухайн аймгуудын  Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын санал, хүсэлтэд тулгуурлан 7 аймгийн, 60 гаруй сумдын газар тариалан эрхэлж байгаа газар нутгийг тариалангийн бүсээр тогтоох асуудлыг өнгөрсөн Лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ гэлээ.

Монгол Улсын хүн амыг үр тариа, жимс жимсгэнээр хангаж байгаа, хөрсний үржил шим нь 50-100 жилийн дараа л нөхөн сэргээгддэг үнэт баялаг болсон тариалангийн хөрс, үршил шимийг малын хөлийн талхлалтаас хамгаалах, цаашид эдгээр бүсэд эрчимжсэн мал аж ахуй болон газар тариалангийн аж ахуйг хослуулан хөгжүүлэх зорилгоор ийнхүү тариалангийн бүсийг тогтоожээ.

Тариалангийн бүсийг тогтоосноор малчид, мал бүхий иргэдийн тухайн баг, сумын нутагт оршин суух эрхийг огт хөндөхгүй бөгөөд гагцхүү газар тариалангийн талбайг талхалж, сөрөг нөлөө үзүүлж байгаа, хариулгагүй, хараа хяналтгүйгээр мал сүргийг тариалангийн талбайд бэлчээхгүй байх тодорхой хязгаарлалтыг тогтоож байгаа аж.


"Монгол мал" үндэсний хөтөлбөрт нийт бэлчээрийн 10-аас доошгүй хувийг улс, аймаг, сумын отрын бүс нутаг, нөөц бэлчээр болгон хамгаалалтад авч, цаг хүндэрсэн үед ашиглахаар заасан боловч одоо нийт 6.2 сая га буюу 5.4 хувийг улс болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авчээ.

Цаашид хөрсний бохирдлыг багасгахын тулд хог хаягдлын менежментийг сайжруулах, гэр хорооллыг багасгах, хог хаягдалтай холбоотой хууль тогтоомжийг амьдралд хэрэгжүүлэх, иргэд олон нийтийн ухамсарыг дээшлүүлэх зэрэг олон талын цогцолбор арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг Ерөнхий сайд онцолсон. Мөн Улаанбаатар хот болон бусад суурин газруудын хөрсний бохирдлыг бууруулахын тулд бохирдуулагч эх үүсвэрийг багасгах, арилгах бодлогыг баримталж, хог хаягдлын менежментийг сайжруулах, газар дээр нь ангилан ялгах, дахин боловсруулах,  олон улсад түгээмэл баримталдаг  зарчмыг хэрэгжүүлэх хэрэгтэй болоод байгаа аж.

Нийслэлийн ундны усны эх үүсвэрийн ойролцоо байрлах гэр хорооллын хамрах хүрээг багасгах, айл өрхийг цэвэр бохир усны хэсэгчилсэн сүлжээнд холбох, барилгажуулах, инженерийн дэд бүтцэд холбох гэр хорооллын бүсүүдийг тогтоох, уламжлалт гэр хорооллыг байгаль орчинд сөрөг нөлөөгүй хэлбэрээр хөгжүүлэх зэрэг оновчтой шийдлүүдийг олох ажлыг зохион байгуулах нь зүйтэй хэмээн Засгийн газар үзэж байгаа юм байна.

Тариалангийн талбайн хөрсний үржил шимийг сайжруулахын тулд хөрс хамгаалах бие даасан хуулийг боловсруулан гаргах, Хөрс хамгаалах болон Ургамал хамгааллын албыг байгуулах, Монгол улсад хэрэгжиж буй хөрстэй холбоотой хууль, бодлого, технологийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллах шаардлагатай байгаа аж.

Түүнчлэн дундаас дээш элэгдэл, эвдрэл доройтолд орсон хөрсийг нөхөн сэргээхийн тулд ойн зурвас байгуулах, хашаажуулах, зурваслан тариалах, ногоон бордуурт уринш хийх ажлуудыг жил бүр зохион байгуулах, хөрс элдэншүүлэлтийг цомхотгох, цулгүй уриншийн тоо хэмжээг багасгах, хөрсний үржил шимийг тэтгэх сэлгүүлэн тариалалтыг дэмжих, аж ахуйн нэгжүүдийг нийт талбайнхаа 30-аас доошгүй хувьд тогтмол эрдэс болон шим бордоог хэрэглэх замаар хөрсний үржил шимийг сайжруулах зэрэг олон ажлыг хийх шаардлага бий болсныг Ерөнхий сайд онцолсон.

Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан.

Гишүүд Улаанбаатар хотын гэр хорооллын нүхэн жорлонг шинэчлэх, ариутган халдваргүйжүүлэх талаар тодруулж байлаа.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат болон Ажлын хэсгийн гишүүдийн хариулснаар Засгийн газар хөрсний бохирдлыг бууруулах, гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг шинэчлэх асуудлыг шийдэхээр ажиллаж байгаа аж. Нийслэл хотод 390 мянган өрх амьдарч байгаагийн 220 мянга нь гэр хороололд буй бөгөөд нийслэлд нийт 100 гаруй мянган нүхэн жорлон байгаа гэсэн тоо гарчээ. Өнөөдрийн байдлаар 11.5 мянган өрхийн нүхэн жорлонг, зуслангийн бүсэд буй 4.6 мянган өрхийн жорлонг ариутгажээ. Мөн хогийн цэгийн 34 га талбайд ариутгал хийхээр төлөвлөжээ. Дэд бүтцэд холбогдоогүй гэр хорооллын айлуудын ариун цэврийн байгууламжийг өөрчлөх төслийг Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэхээр болжээ. Эхний ээлжинд 1400 нүхэн жорлонг өөрчилж, төсөл амжилттай хэрэгжвэл нийт нүхэн жорлонгуудыг солих ажил хийгдэнэ хэмээн сайд Н.Цэрэнбат хариулсан.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ

Мөн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ.


Засгийн газрын худалдан авах ажиллагаа ил тод, шилэн байх зарчимд нийцүүлэн цахим худалдан авах ажиллагааны талаархи зохицуулалтыг нэмж буй аж. Үүнтэй холбогдуулан ерөнхий гэрээний хүрээнд цахим дэлгүүрээс худалдан авах харилцаа болон холбогдох бусад цахим худалдан авах ажиллагаатай холбоотой зохицуулалтуудыг тусгажээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асууж, байр сууриа илэрхийлсэн. Энэ үеэр гишүүд хариуцлагын асуудлыг хуульд хэрхэн тусгасан талаар тодруулж байлаа. Тендерт шалгарчихаад ажлаа хийдэггүй, сургууль, цэцэрлэгийн барилга барина гэж мөнгө авчихаад хэдэн он дамнадаг, үнээ нэмдэг гэх мэт сөрөг зүйл гардагийг гишүүд сануулж байсан.

Тендертэй холбоотой гардаг гомдол, маргааныг эцэслэх, хариуцлагатай болгох үүднээс барьцаа төлбөр авах, түүнтэй холбогдох харилцааг хуульд тодорхой тусгасан хэмээн ажлын хэсгийн гишүүд хариулсан. Хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан гишүүд үг хэлж байр сууриа илэрхийлсний дараа хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 84.2 хувь нь хэлэлцэхийг дэмжсэн учир хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Улсын бүртгэлийн багц хуулиудын шинэчилсэн найруулгын төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

Дараа нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Төслийн үзэл баримтлалыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан.


Цахим иргэний үнэмлэхийн хэрэглээг нэмэгдүүлж, иргэний хувийн мэдээллийг иргэний үнэмлэхийн санах ойд тэмдэглэхээр тусгах, уг мэдээллийг ашиглан хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хийхэд ашиглах, иргэний үнэмлэхийг ашиглан төрийн болон хувийн хэвшлийн байгууллагаас үйлчилгээ авах боломжтой байх, иргэний үнэмлэхийг бусдад шилжүүлэх, барьцаалах, санаатайгаар гэмтээх, хууль бусаар ашиглах, хуурамчаар үйлдэхийг хориглох зэрэг суурь зохицуулалтыг төсөлд тусгажээ.

Хуулиас дээгүүр болзол шаардлагыг дүрэм, журмаар тогтоохоос татгалзаж улсын бүртгэлийн суурь харилцааг хуулийн хүрээнд илүү тодорхой, нийтэд ойлгомжтой байдлаар зохицуулах, тухайлан улсын бүртгэлийн үйл ажиллагаанд тавих хяналт, улсын байцаагчийн хэрэгжүүлэх эрх, үүрэг, байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, удирдлагын бүрэн эрхийн талаар холбогдох өөрчлөлтүүдийг оруулсан байна.

Цахим мэдээллийн санд мэдээлэл хүлээн авах, оруулах, төрийн цахим мэдээллийн сан буюу “Үндэсний дата төв”-д улсын бүртгэлийн мэдээллийн санг хадгалуулах, тус төвөөр дамжуулан мэдээллийг бусад байгууллагатай солилцох боломжтой байх, сангийн хадгалалт, хамгаалалтын чиглэлээр мэдээллийн технологийн асуудал хариуцсан нэгжийн хүлээх эрх, үүрэг болон иргэн, хуулийн этгээдэд мэдээллийн сангаас ашиглуулах мэдээллийн төрөл зэргийг нарийвчлан тогтоож, улсын бүртгэлийн цахим мэдээллийн сан дахь мэдээлэл нь цаасан эх хувьтай адил байхаар заажээ.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал болон холбогдох бусад хуулийн төслүүдийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн хэмээн УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар танилцуулсан.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 96.4 хувь нь дэмжсэн учир төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Иргэний улсын бүртгэлийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан.

Хуулийн төсөлд иргэний улсын бүртгэлд бүртгүүлэх одоо мөрдөгдөж байгаа хугацааг хэвээр хадгалж, иргэний бүртгэлийн байгууллагаас баримт бичгийг хүлээн авч бүртгэлийг хөтлөх хугацааг судалгааны үндсэн дээр боломжит байдлаар тогтоож, бүртгэл тус бүрийн хугацааг тодорхой заажээ.

Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүний иргэний улсын бүртгэлийн асуудлыг холбогдох бусад хуультай нийцүүлэх чиглэлээр бүртгэл тус бүрт өөрчлөлт оруулж, сум, дүүрэг, хорооны улсын бүртгэгч, хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрын иргэний бүртгэл хариуцсан ажилтны иргэний улсын бүртгэл хөтлөх үйл ажиллагааг тодорхой болгон өргөжүүлж, зарим төрлийн иргэний улсын бүртгэл хийх боломжийг шинээр бүрдүүлсэн байна.

Шилжилт хөдөлгөөн, Монгол Улсын харьяат болсон, харьяатаас гарсан, иргэний харьяаллаа сэргээн тогтоосны, хүйс өөрчлөгдсний, овог, нэр өөрчлөлтийн бүртгэлээс бусад бүртгэлийг засаг захиргааны нэгжийн харьяалал харгалзахгүй бүртгэдэг байхаар тусгасан байна. Хууль зүйн байнгын хороо хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэн бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи мөн хэлэлцэхийг дэмжсэн учир төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг мөн хэлэлцэхийг дэмжсэн.


Улсын бүртгэлийн гэрчилгээ болон тамга, тэмдгийн хяналтын дугаарыг дахин авах зохицуулалтгүй байдлаас шалтгаалан иргэн, хуулийн этгээдэд ойлгомжгүй байдал үүсэх тохиолдлууд байсаар байгаа аж. Харин хуулийн төсөлд тусгаснаар гэрчилгээ болон тамга, тэмдэг ашиглах боломжгүйгээр элэгдэж хуучирсан, гэмтсэн, тамга, тэмдгийн өнгө, загвар, хэлбэрийг өөрчлөх хүсэлт гаргасан, хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийн хүрээнд гэрчилгээг дахин авах хүсэлт гаргасан, гэрчилгээ болон тамга, тэмдгийг хаяж үрэгдүүлсэн, гэрчилгээ болон тамга, тэмдэг устсан, улсын бүртгэлийг хүчингүйд тооцсоны улмаас гэрчилгээ болон тамга, тэмдгийг ашиглах боломжгүй болсон зэрэг тохиолдлуудад хуулийн этгээдэд гэрчилгээ болон тамга, тэмдгийн хяналтын дугаарыг дахин олгохоор заажээ.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлд хамаарах бүртгэлийн хугацааг шинэчлэн тогтоох замаар гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн байгууллагаар үйлчлүүлэх хугацааг багасгах, өргөдөл гаргагчийн хуулийн этгээдийн нэрээ баталгаажуулснаас хойш 10 хоногийн дотор бүртгэлийн байгууллагад өргөдлөө гаргахаар заасан хугацааг уртасгаж хуулийн төсөлд тусгажээ.

Хууль зүйн байнгын хороо хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэн бөгөөд нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи мөн хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Мөн хуралдаанаар Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн.

Хуулийн төсөлд зарчмын шинжтэй дараахь өөрчлөлтийг тусгасан хэмээн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан.

Хуулийн төслөөр эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах бөгөөд хамрах хүрээний хувьд Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа бүх төрлийн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрхийг өмчийн хэлбэр, өмчлөгчийн иргэний харьяалал  харгалзахгүй бүртгэхээр тусгасан байна.

Монгол Улсад 1997 оноос үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг бүртгэж эхэлсэн бөгөөд газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг газрын эрхээс нь салангид бүртгэж байгаа нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн олон улсын стандартаас зөрж, бүртгэлийн нэгдмэл, үнэн зөв байдал алдагдах үндсэн нөхцөл болж байгаа тул барилга, байгууламжийн эрхийг түүний доорхи болон орчны нэгж талбар газрын эрхэд үндэслэн бүртгэх зохицуулалтыг шинээр тусгажээ.

Улсын бүртгэлийн үйлчилгээг бүрэн цахим хэлбэрт шилжүүлэх, төрийн үйлчилгээг шуурхай болгох нөхцөл бүрдүүлэх зорилгоор банк, санхүүгийн байгууллага, нотариат зэрэг хувийн хэвшлийн мэргэжлийн байгууллагын оролцоотойгоор улсын бүртгэлийн мэдээллийн санд хандаж цахим бүртгэл хийх тогтолцоог бий болгох заалтуудыг шинээр тусгасан байна.

Одоогийн хуульд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар “өмчлөх эрх баталгаажна” гэж заасныг хэвээр хадгалж, өмчлөх эрхтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн хүчин төгөлдөр байдал нь улсын бүртгэлд бүртгэснээр баталгаажихаар заажээ.

Хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй хэмээн Хууль зүйн байнгын хороо үзсэн бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэхийг дэмжсэнээр улсын бүртгэлийн багц хуулиудын шинэчилсэн найруулгын төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл