Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу “Хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээг соёрхон батлах тухай” хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа.
Хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас санаачлан ургамлын генетик нөөцийг хадгалж хамгаалах, тогтвортой ашиглах замаар даян дэлхийн хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах зорилгоор Хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээ (ХХААУГНОУГ)-г баталж, 2004 оноос үйлчилж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар дэлхийн 144 орон нэгдээд байна.
Энэхүү гэрээний үндсэн зорилго нь хүнс хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийг хадгалах, сургалт, судалгаа, шинэ сорт бүтээх зорилгоор тогтвортой ашиглах, түүнийг ашигласнаас бий болсон ашгийг Биологийн олон янз байдлын конвенцийн зарчимтай (CBD) уялдуулан шударга, тэгш хуваарилах замаар хөдөө аж ахуйн тогтвортой хөгжил, хүнсний аюулгүй байдлыг хангах гэж тодорхойлжээ.
Хөрс, уур амьсгалын өөр бүсүүдэд дасан зохицсон таримал болон тэдгээрийн зэрлэг овог, төрөл зүйлийн генетик нөөцийг хамгаалах, хадгалах, ашиглах, мэдээллийн сан байгуулах ажлыг эрчимжүүлэхэд төрөөс тодорхой бодлогоор дэмжихээс гадна олон улсын хамтын нийгэмлэгийн дэмжлэгийг өргөнөөр хүртэх боломжийг бүрдүүлэн ажиллах зайлшгүй шаардлага манай улсад байгаа аж.
Уг гэрээг соёрхон баталснаар манай орны газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, эрчимжүүлэхэд нэн шаардлагатай ган халуун, өвчин хортонд тэсвэртэй, ургац өндөртэй, чанартай хүнс, тэжээлийн шинэ таримал, түүний сортуудыг бий болгох, сайжруулахад дэлхийн таримал ургамлын генетик нөөцийг чөлөөтэй ашиглах төдийгүй энэхүү гэрээний дэргэдэх сангаас хөрөнгө, санхүүжилт авах боломж бүрдэх аж.
Түүнчлэн ургамлын генетик нөөцийг хадгалж, ашиглах ажлыг сайжруулахад шаардлагатай техник, технологийн дэмжлэг авах, боловсон хүчнийг чадавхижуулах чиглэлээр олон улсын хамтын нийгэмлэг болон бусад донор байгууллагуудын дэмжлэгийг хүртэх өргөн боломж нээгдэнэ.
Цаашид хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийг хадгалж хамгаалах, судалж ашиглах чиглэлээр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас хэрэгжүүлэх үйл ажиллагаа, дэмжлэгүүд нь энэхүү олон улсын гэрээний үзэл баримтлалаар явагдах болсныг Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас онцлон тэмдэглэж байна. Тиймээс газар тариалангийн салбарын хөгжил, дэвшилд үзүүлэх ач холбогдлыг харгалзан энэхүү олон улсын гэрээг соёрхон батлах талаар хуулийн төслийг боловсруулжээ.
“Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” УИХ-ын тогтоолын төсөл
УИХ-ын 2009 оны 95 дугаар тогтоолоор “Биеийн тамир спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого”-ыг баталсан юм.
Харин УИХ-аас 2017 оны долдугаар сарын 6-ны өдөр “Биеийн тамир, спортын тухай” хуулийг баталж, 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс даган мөрдөж байна. Энэхүү зохицуулалтын хүрээнд биеийн тамир, спортын талаар баримтлах төрийн бодлогыг шинэчлэн боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатай болсон байна.
Мөн УИХ-аас 2015 онд баталсан “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай” хуулийн 8.4-т “Төрийн захиргааны төв байгууллага өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрөөс баримтлах бодлогын төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулна” гэж заасан байдаг. Биеийн тамир, спортын тухай” хуулийн 6.1.2-т Засгийн газар нь “биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого боловсруулах, батлах, хэрэгжүүлэх”-ээр заасан юм.
Тиймээс “Биеийн тамир спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын 2009 оны 95 дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай тогтоолын төслийг боловсруулжээ.
УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
2018.05.04