УИХ-ын гишүүн, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, М.Билэгт нар “Түрээсийн орон сууцанд зорилтот бүлгийн иргэдийг хамруулах ажлыг зохион байгуулах журам”-ыг эргэн харах, иргэдийн хүсэлт хүлээн авах, бүртгэх, гэрээ байгуулах зэргийг нэг цонхны үйлчилгээний зарчимд шилжүүлэх, орон сууц хүлээлцэх, түрээсийн орлого, түүнийг захиран зарцуулж байгаа байдал, ахмадын болон түрээсийн орон сууцанд хамрагдсан иргэд тухайн байрандаа амьдарч байгаа эсэхтэй газар дээр нь танилцахаар өнөөдөр /2018.05.09/ “Буянт-Ухаа II” хороололд ажиллалаа.
УИХ-ын гишүүд Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо буюу “Буянт-Ухаа II” хорооллын оршин суугч, Түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдсан өндөр настан Н.Дорждэрэм болон иргэн Г.Түмэнжаргал нарынхаар зочилж, тэдний нөхцөл байдалтай танилцаж, санал хүсэлтийг нь сонслоо.
Дараа нь “Буянт-Ухаа II” хорооллын дунд баригдсан 250 хүүхдийн цэцэрлэг дээр тус хорооллын оршин суугчдын төлөөлөлтэй уулзаж, “Түрээсийн орон сууцанд зорилтот бүлгийн иргэдийг хамруулах ажлыг зохион байгуулах журам”-ыг эргэн харах нөхцөл шаардлагыг танилцуулж, иргэдийн асуултад нь хариулт өгөв.
УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг хэлсэн үгэндээ түрээсийн орон сууц зорилтот бүлэгтээ очих ёстой. Гэтэл 2012-2014 оны байдлыг харахад зорилтот бүлэгтээ биш зорилго, санаатайгаар өөр хүмүүсийг хамруулсан явдал байгааг тэмдэглээд, Өргөдлийн байнгын хороонд хаяглаж, ахмадын болон түрээсийн орон сууцанд хамруулж өгөхийг хүссэн 600 гаруй өргөдөл ирээд байна. Үүнээс гадна УИХ-ын гишүүд, аймаг, хотын удирдлагуудад олон тооны өргөдөл байна. Тиймээс иргэдийн хүсэлт хүлээн авах, бүртгэх, гэрээ байгуулах зэргийг нэг цонхны үйлчилгээний зарчимд шилжүүлэх шаардлагатай гэлээ.
Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан Төрийн түрээсийн орон сууцны хөтөлбөрийн хүрээнд “Буянт-Ухаа II” хорооллын хоёрдугаар ээлжийн 972 айлын түрээсийн орон сууц энэ ондоо багтаж ашиглалтад орохоор байгаа. Газар дээр нь ажиллаад иргэдтэй уулзахад олон санал гарч байна. Тухайлбал, шинээр баригдсан хорооллын хувьд ус зайлуулах хоолой, автомашины зогсоол, граж, СӨХ-ийн үйлчилгээ хангалтгүй, сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг, хүрэлцээгүй байгааг хөндөж, цаашид цогцоор нь анхаарахыг сануулж байна. Түүнчлэн зарим иргэд орон сууцаа хувьчилж авах сонирхолтой байгаа бол зарим нь түрээсийн босгыг багасгаж өгөхийг хүсэж байна гэв.
Улсын Их Хурлын гишүүдтэй Барилга, хот байгуулалтын яам, Төрийн орон сууцны корпораци (ТОСК), Нийслэлийн орон сууцны корпорацийн холбогдох албаны хүмүүс явлаа.
Засгийн газрын 2018 оны 81 дүгээр тогтоолоор “Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах тухай” тогтоол батлагдан “ТОСК” ТӨҮГ-ын захиалгын дагуу баригдаж байгаа нийт 1562 айлын орон сууцны барилгыг Хөгжлийн банкны санхүүжилтээр 2018 оны 10 сард багтаан барьж дуусгахаар төлөвлөж байна. Үүнд “Буянт-Ухаа 2”-ын 2 дугаар ээлжийн 972, Говь-Алтай аймгийн 120, Дундговь аймгийн 20, Орхон аймгийн 315, Хөвсгөл аймгийн 135 айлын орон сууц хамаарч байгаа гэж ТОСК-аас мэдээлэв.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн мэдээлэлд Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдан газраа чөлөөлж, түрээсийн байранд амьдарч байгаа 491 айл, өрхөөс Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд 132 өрх, 14-р хороонд 50 өрх, түр оршин суух байргүй, газраа чөлөөлсөн 182 өрхийн 86 өрхийг нийслэл, компаниудаас тус тус хамруулсан, мөн 2018 оны 2 дугаар улиралд 154 айлын орон сууцыг ашиглалтад оруулан газраа чөлөөлсөн 223 айлаас 154 өрхийг түр оршин суух байраар хангаж үлдсэн 69 иргэдийн асуудлыг Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороолол Б хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгч Моннис Урбан девелопмент ХХК-ийн баригдаж байгаа 336 айлын орон сууцнаас шийдвэрлэхээр төлөвлөж байна гэсэн мэдээлэл өглөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.