Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн бүлгээс санаачлан жил бүрийн тавдугаар сарын 12-нд тохиодог Олон улсын сувилагчдын өдрийг угтан “Сувилагчаа сонсъё” хэлэлцүүлгийг өнөөдөр (2018.05.02) Төрийн ордонд зохион байгууллаа.
Энэхүү хэлэлцүүлэгт Улаанбаатар хотын 1, 2, 3 дугаар шатлалын эмнэлгүүд болон аймаг, орон нутгаас төлөөлөн ирсэн 90 гаруй сувилагч оролцов.
Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга Д.Оюунхорол хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ эрүүл мэндийн салбарын ачааны хүндийг үүрэлцэж яваа сувилагчдын санал бодлыг сонссоноор бодлого боловсруулах болон шийдвэр гаргах түвшинд хийж хэрэгжүүлэх цогц арга хэмжээний гарц шийдлийг эрэлхийлэх зорилготойг тэмдэглэсэн.
Тэрбээр “Эрүүл мэндийн салбарын 11 мянга гаруй сувилагч бараг 100 хувь эмэгтэй. Өнөөдөр авч байгаа 450 мянган төгрөгийн цалингаараа өрх гэрээ тэжээж, үр хүүхдээ өв тэгш авч явахын төлөө зүтгэдэг хүн маш олон. Хийж байгаа ажилтайгаа харьцуулахад харьцангуй бага цалин авдаг. Тэтгэвэр тэтгэмж нь ч харьцангуй бага тогтоогддог хэр нь ард түмний эрүүл энхийн манаанд үргэлж бэлэн зогсохоос халширдаггүй” хэмээн тодотгон хэлэв.
Дараа нь Улсын Их Хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлсэн үгэндээ “УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг нийгэмд тулгамдсан олон асуудлыг шийдэхээр барьж авсны нэг нь сувилагч нараа сонсож, хөдөлмөрийг нь бодитой үнэлдэг болох, нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлд шийдвэр гаргах зорилготой энэ үйл ажиллагаа юм” хэмээн тэмдэглээд ур чадвар, ажилласан жил зэрэг дөрвөн үндсэн үзүүлэлтийг харгалзан сувилагчийн цалингийн шатлалыг нэмэгдүүлж 900 гаруй мянгад хүргэх, ипотекийн зээлд хамруулан 5000 сувилагчид орон сууц хуваарилахаар 2018 оны төсвийн тодотголд тусгах зэрэг асуудлыг шийдвэрлэхэд эмэгтэй гишүүд идэвх чармайлттай ажиллана гэдгийг онцлон хэллээ.
Энэхүү арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан оролцсон. Тэрбээр УИХ-ын дарга М.Энхболдын мэндчилгээг дэвшүүлээд, эмэгтэй гишүүдийн бүлгийн гаргаж байгаа сувилагчдын цалин нэмэгдүүлэх, байр орон сууцаар хангах зэрэг бүх санал санаачилгыг дэмжиж, эхний ээлжинд цалин нэмэгдүүлэхэд шаардлагатай байгаа 64 тэрбум төгрөгийг төсөвт тусган батлуулахад эмэгтэй гишүүдтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
Үүний дараа “Сувилагчийн хөдөлмөрийн үнэлэмжийн өнөөгийн байдал” сэдвээр Монголын сувилагчдын нийгэмлэгийн тэргүүн Д.Нямсүрэн, “Сувилагчийн ажлын ачаалалд нөлөөлж буй хүчин зүйл” сэдвээр Сувилахуйн амьдрал төвийн тэргүүн Т.Сүрэнхай, “Сувилахуйн тусламж үйлчилгээ, хүний нөөцийн өнөөгийн байдал, бодлогын түвшинд хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашдын чиглэл” сэдвээр Эрүүл мэндийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд нар илтгэл тавилаа.
Үргэлжлүүлэн хэлэлцүүлэгт оролцогчид санал бодлоо хэлсэн.
Үг хэлсэн сувилагчид цалин хөлсийг ажлын онцлог, үр дүн, ур чадварыг тооцон тогтоох, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх зэрэгт цаг хугацаа, эдийн засгийн хөшүүрэг хэрэгтэй ч богино хугацаанд шийдвэрлэх талаар чармайлттай ажиллахаа хэлсэн УИХ-ын гишүүдэд талархаж буйгаа илэрхийлэв.
Түүнчлэн тулгамдсан олон асуудлаа нээлттэй ярьснаар шийдвэр гаргах түвшинд үр дүнд хүрнэ гэдэгт итгэж буйгаа зарим сувилагч хэлсэн.
Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Н.Оюундарь, Н.Амарзаяа, А.Ундраа, Б.Ундармаа нар оролцож, байр сууриа илэрхийлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.