УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2018.05.02/ хуралдаанаар “Цахим бодлогын түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Тус тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаархи Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг хуралдаан даргалагч УИХ-ын гишүүн О.Содбилэг танилцуулав.
Дараа нь хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Болд, цахим бодлого гэсэн нэр томьёо бусад хууль тогтоомжид байгаа эсэх, хууль, тогтоомжтой нийцэж буй эсэхийг тодруулсан бол УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан цахим гэмт хэргийн тоо нэмэгдсээр байгааг дурдаад сүүлийн жилүүдэд хэчнээн гэмт хэргийг илрүүлэн шийдвэрлэсэн талаар лавлаж байлаа. Мөн тэрбээр цахим орчинд бусдын нэр хүндэд халдах, гүтгэх явдал хэрээс хэтрээд байгаа гэж байлаа. Ийм төрлийн гэмт хэргийг зөрчилд тооцон шийдвэрлэх болсон нь хэр зүйд нийцэж байгааг Ажлын хэсгийн гишүүдээс тодруулан асуусан. Түүнчлэн үндэсний ID хаягтай болох асуудал ямар шатанд яваа талаар мэдээлэл авахыг хүссэн юм.
Тогтоолын төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан төрийн албаны үйл ажиллагааг сайжруулж олон нийтэд нээлттэй, ил тод, шуурхай, үр өгөөжтэй болгох, улс орны эдийн засгийн бүх салбарын хөгжлийн хурдцыг нэмэгдүүлэх, хувь хүний нууцаас эхлээд төрийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг бүх салбарт хангах, мэдээллийн нэгдсэн тогтолцоо бүрдүүлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, улмаар улс орны хөгжлийн асуудлыг тодорхойлох замаар мэдээллийн технологийн салбарын концепцийг шинээр боловсруулахад Түр хорооны үйл ажиллагаа чиглэгдэж байгааг тодруулан хэлж байлаа.
Ажлын хэсгийн гишүүдийн хариулснаар цагдаагийн байгууллага цахим гэмт хэрэгтэй гурван чиглэлээр тэмцэж буй аж. 2016 онд 136 цахим гэмт хэрэг, 2017 онд 362 цахим гэмт хэрэг гарч байсан бол 2018 оны нэгдүгээр улиралд ийм төрлийн 86 гэмт хэрэг бүртгэгдээд байгаа ажээ.
2017 оны 07 дугаар сарын нэгнээс хүчин төгөлдөр болсон Зөрчлийн тухай хуулиар гүтгэх гэмт хэргийг зөрчилд тооцон шалган шийдвэрлэх болсон бөгөөд энэ төрлийн гэмт хэргийг Эрүүгийн хуулиар шийдвэрлэх нь зүйтэй гэсэн саналаа цагдаагийн байгууллагаас холбогдох газруудад хүргүүлээд байгаагаа Ажлын хэсгийн гишүүд дуулгалаа.
Үндэсний мэйл хаягтай болох тооцоо судалгааг холбогдох байгууллага хийж байгаа бөгөөд цахим гарын үсэг ашиглах дэд бүтцийг бэлэн болгоод байгаа аж. Түүнчлэн мобайл ID-тай болгох ажил хийгдэж байгааг Ажлын хэсгээс мэдээлсэн юм.
Хэлэлцүүлгийн үеэр гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулсан бөгөөд УИХ-ын гишүүн Л.Болд дээрх түр хорооны нэрийг Мэдээллийн технологийн хөгжлийг дэмжих түр хороо болгон өөрчлөх санал гаргасан ч олонхийн дэмжлэг авсангүй.
Цахим бодлогын түр хорооны бүрэлдэхүүн долоон гишүүнтэй байхаар тогтоолын төсөлд тусгасан ч 20-иод гишүүн тус хорооны бүрэлдэхүүнд орж ажиллах хүсэлтээ ирүүлээд байгааг Байнгын хорооны дарга дуулгасан. Төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр түр хороо 13-аас илүүгүй гишүүнтэй байх нь зүйтэй гэсэн бол Н.Оюундарь нарын гишүүд түр хорооны гишүүдийг тоогоор хязгаарлах шаардлагагүй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж байлаа.
Мөн энэ үеэр Монгол Улсын Их Хурлын тухай хуульд Түр хороо хариуцуулсан ажлын гүйцэтгэлийг хангахдаа Байнгын хороотой адил эрх эдэлнэ хэмээн заасан байдаг учир гишүүдийн тоо Байнгын хороотой адил байх нь зүйтэй гэсэн асуудлыг ч хөндөж ярилцсан. Ингээд түр хороог байгуулах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусган, бүрэлдэхүүнд багтах гишүүдийг намуудын бүлгийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй хэмээн тогтлоо.
Мөн хуралдаанаар “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хаалттай горимоор хэлэлцлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.