Цэс

Холбоо барих

Туул голын хамгаалалтын бүсэд хууль бусаар үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагын нөхцөл байдалтай танилцлаа

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг өнөөдөр /2018.05.02/ иргэдийн өргөдлийн дагуу Туул голын хамгаалалтын бүсэд олгосон тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан, хууль бусаар үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын нөхцөл байдалтай танилцлаа.


Өргөдлийн байнгын хороо нь Туул голын бохирдлын асуудлаар 2016 онд ажлын хэсэг байгуулан Байнгын хорооны хэлэлцүүлэг, хурлыг удаа дараа зохион байгуулж, Туул голыг бохирдуулж буй хүчин зүйлүүдийг тодорхойлон Монгол Улсын Засгийн газар болон холбогдох яам, нийслэлд үүрэг өгч ажиллаж байгаа билээ.

Энэхүү ажлын хүрээнд Туул голын эргийн дагуу онцгой, энгийн тусгай хамгаалалтын бүсэд аялал, жуулчлалын үйл ажиллагаа явуулах нэрийн дор тусгай зөвшөөрөл авч бусад чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 52 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцлуулсан. Гэтэл өнөөдрийн байдлаар зарим аж ахуйн нэгж, байгууллага нь Туул голын хамгаалалтын бүсэд олгосон тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан, хууль бусаар үйл ажиллагаа явуулсаар байна.


Тухайлбал, Их тэнгэрийн амны хойно Туул голын эргийн дагуух 5-6 орчим га газарт хашаа хатган дотор нь амины орон сууц барьж байна. Анх 2008 онд аялал, жуулчлалын зориулалтаар Бага тэнгэрийн аманд 3 га газрын зөвшөөрөл олгогдсон боловч амины орон сууц бариулж буй этгээд нь хууль зөрчин газрыг дур мэдэн баруун тийш тэлэн өнөөдөр орон сууц бариулж байна. Өргөдлийн байнгын хороо холбогдох яам, агентлаг, нийслэлд үүрэг, чиглэл өгч тус газарт зориулалтын бус үйл ажиллагаа явуулахыг зогсоох шийдвэрийг 2017 онд гаргуулж, зөвшөөрлийг нь цуцлуулсан. Гэтэл өнөөдөр газар дээр нь танилцахад барилгын ажил ид өрнөж байлаа.


Газар дээр нь ажилласан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг дараах байр суурь илэрхийлэв, “Энэ асуудлыг Төрийн ордонд ярих бус газар дээр нь ажиллаж, шийдвэрлэх зайлшгүй шаардлага үүсээд байна. Монгол Улсад төр гэж байдаг бол хуулийг хэнбугай ч хэрэгжүүлэх үүрэгтэй. Туул голын хамгаалалтын бүсэд олгосон тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан, хууль бусаар үйл ажиллагаа явуулж буй асуудлыг холбогдох газарт мэдэгдэж, шийдвэрлүүлэх болно.

Өнөөдөр Өргөдлийн байнгын хороо холбогдох яам, газартай хамтран ажиллаж байна. Мөн дүүргийн цагдаагийн газар хамтран ажиллах бүрэн боломжтойгоо илэрхийлсэн. Хамтын ажиллагааны хүрээнд Байгаль орчны тухай хуульд цагдааг гэрээгээр ажлуулах талаар өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүсч байна.

Мөн Туул голын эрэг дагуу Баянзүрхийн гүүрнээс Яармагийн гүүр хүртэл 2020 он гэхэд иргэдийн амралт зугаалгын эко бүс байгуулахыг Засгийн газрын тэргүүн Монгол Улсын Ерөнхий сайд бүрэн дэмжихээ илэрхийлсэн болно” гэлээ.


Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэгийн хамт БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр, БОАЖЯ-ны Ой, ус, тусгай хамгаалалттай газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Батзаяа, Богд хан уулын Дархан цаазат газрын захиргааны дарга Ц.Дуламсүрэн, Туул голын сав газрын захиргааны дарга Я.Болдбаатар, НЗДТГ-ын Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын дарга Э.Баттулга, Нийслэлийн Цагдаагийн газрын Дэд бөгөөд нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, хурандаа И.Баттөгс, Нийслэлийн газрын албаны дэд дарга Д.Нямдаваа, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хэлтсийн дарга Д.Бат-Өлзий болон албаны бусад хүмүүс ажиллалаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл