“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг хэлэлцлээ
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2018.05.02) хуралдаан 09 цаг 43 минутад 57.9 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдаанаар эхлээд “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг хэлэлцэж, энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар танилцууллаа. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 118 арга хэмжээнд давхардсан тоогоор Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалаас 80.5 хувь нь буюу 95 арга хэмжээ, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрөөс 95.7 хувь буюу 113 арга хэмжээ, бусад бодлогын баримт бичгээс 8.5 хувь буюу 10 арга хэмжээ туссан байна. Нийт 5 бодлого, 17 зорилт, 118 арга хэмжээний биелэлтийг 2017 оны жилийн эцсийн байдлаар үнэлэхэд 79.3 хувийн биелэлттэй байгааг Г.Занданшатар сайд танилцууллаа. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг бодлого тус бүрээр нь авч үзвэл макро эдийн засгийн бодлого 90 хувь, эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого 66.8 хувь, бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого 77 хувь, хүний хөгжил, нийгмийг хөгжүүлэх бодлого 83.4 хувь, засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлого 86.5 хувь байгаа аж.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч С.Оюунбилэг “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн хэрэгжилтэд хийсэн гүйцэтгэлийн аудитын дүгнэлтийг танилцуулав. Дээрх үндсэн чиглэлийн зорилт, арга хэмжээ тус бүрийг холбогдох журмын дагуу үнэлгээний аргачлалаар үнэлсэн бөгөөд 48 арга хэмжээ буюу 40 хувь нь үр дүнтэй, 41 арга хэмжээ буюу 35 хувь нь тодорхой үр дүнд хүрсэн, 25 арга хэмжээ буюу 21 хувь нь эрчимжүүлэх шаардлагатай, 4 арга хэмжээ буюу 3 хувь нь үр дүнгүй хэмээн дүгнэгджээ. Үндсэн чиглэлийн бодлогын хүрээний зорилтыг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг үндэслэлтэй төлөвлөхгүй байгаа нь төлөвлөсөн төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг удаашруулах, дэвшүүлсэн зорилтот түвшин, төлөвлөсөн үр дүндээ хүрэхгүй байх үндсэн шалтгаан болсон хэмээн дүгнэлтэд дурдсан. Дээрх 118 арга хэмжээг улсын төсвийн 353.8 тэрбум, орон нутгийн төсвийн 1 тэрбум, гадаад эх үүсвэрийн 825.1 тэрбум, төр хувийн хэвшлийн 738 тэрбум, хувийн хэвшлийн 3.3 их наяд төгрөг, Хөгжлийн банкны 57.2 тэрбум, зээл, тусламж, сангийн 45.6 тэрбум, бусад эх үүсвэрийн 1.3 тэрбум төгрөг буюу нийт 5.3 их наяд төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрээр санхүүжүүлэхээр төлөвлөсөн. Гэвч урьдчилсан гүйцэтгэлээр нийт 1.4 их наяд төгрөг буюу төлөвлөсөнтэй харьцуулахад 26.4 хувь буюу зорилтот арга хэмжээг бүрэн хэрэгжүүлэхэд хөрөнгө санхүүгийн нөөц хязгаарлагдмал байсан хэмээн дүгнэлтэд дурдагдав. Үндсэн чиглэлд тусгагдсан бодлогын 5 зорилтын хэрэгжилт дунджаар 77.6 хувьтай хэмээн Үндэсний аудитын газар дүгнэсэн байна. Энэ нь өмнөх оныхтой харьцуулахад 18.7 пунктээр сайжирсан үзүүлэлт ажээ. Макро эдийн засгийн бодлогын зорилтын арга хэмжээнүүд амжилттай хэрэгжснээр эдийн засгийн бодитой өсөлт бий болж, үндсэн үзүүлэлтүүд сайжирсан үр дүн гарсан гэлээ. Макро эдийн засгийг богино хугацаанд тогтворжуулах хүрээнд зарим зорилт, арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлсэн хэмээн дүгнэсэн аж. Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлогын арга хэмжээний хэрэгжилт 59.4 хувийн биелэлттэй, хангалтгүй, бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлогын арга хэмжээний хэрэгжилт сайжирч байна хэмээн дүгнэгдсэн бол хүний хөгжил, нийгмийг хөгжүүлэх бодлого 81.1 хувийн биелэлттэй, эрчимжүүлэх шаардлагатай хэмээн дүгнэгдсэн болохыг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч С.Оюунбилэг танилцуулсан юм. Түүнчлэн засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын зорилт, арга хэмжээний хэрэгжилт 85 хувь буюу тодорхой үр дүнтэй хэмээг дүгнэгдсэн байна. Дээрх Үндсэн чиглэлд тусгагдсан зорилт, арга хэмжээг хариуцан хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий 20 байгууллагад тус бүр үнэлгээ өгсөн бөгөөд Сангийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Онцгой байдлын Ерөнхий газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Монголбанк тус бүр 90-100 хувиар үнэлэгдсэн бол Зам, тээврийн хөгжлийн яам, Эрчим хүчний яам, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар тус тус 50-иас доош хувийн биелэлттэй гарсан байна.
Дараа нь “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Дэлгэрсайхан танилцууллаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Л.Болд, М.Оюунчимэг, Ч.Содбаатар, Д.Тэрбишдагва нарын гишүүд ажиллажээ. Ажлын хэсэг дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хуралдаж, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтэд хийсэн аудитын дүгнэлт болон холбогдох бусад мэдээлэлтэй танилцсан байна. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл дэх зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн нөөц хязгаарлагдмал байсан боловч биелэлт нь өмнөх оныхоос сайжирсан үзүүлэлтийг харгалзан дээрх үндсэн чиглэлийн биелэлтийн талаар тусгайлан Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах шаардлагагүй хэмээн Ажлын хэсэг үзсэн байна. Дээрх танилцуулгуудтай холбогдуулан Б.Ундармаа, З.Нарантуяа, Д.Тэрбишдагва, Б.Баттөмөр нар асуулт асууж, ажлын хэсгээс зарим зүйлийг тодрууллаа. Ажилгүйдлийн хэмжээг бууруулсан эсэхийг нягталсан Б.Ундармаа гишүүний асуултад Сангийн дэд сайд хариулт өгсөн. 2016 оны эцсийн байдлаар ажилгүйдэл 10 хувьтай байсан бол 2017 оны эцсийн байдлаар 8.8 хувьд хүрч буурсан бөгөөд энэ оны эцсээр 8 хувьд хүргэх зорилтыг тавьсан байгаа гэлээ. Өнгөрсөн онд Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр, Ажлын байрыг дэмжих хөтөлбөр, Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр, Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр, Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр зэргийг хэрэгжүүлэн 51319 иргэнийг хамруулж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 46.7 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. 9385 байнгын ажлын байр, 16328 түр ажлын байрыг шинээр бий болгосон бөгөөд 2017 оны IV улирлын байдлаар ажилгүйдлийн түвшин 7.3 хувь, жилийн эцсийн байдлаар 8.8 хувьд хүрч буурсан талаар Х.Булгантуяа дэд сайд мэдээлэл өгөв. Аль салбарт эдийн засгийн гол өсөлт явагдсан болохыг гишүүд тодруулсан юм. “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-д эдийн засгийн өсөлтийг 3 хувь байх зорилт тавьсан хэдий ч Үндэсний статистикийн хорооноос гаргасан эдийн засгийн өсөлтийн талаарх тооцоо, мэдээллээр 5.1 хувийн өсөлт гарсан бөгөөд Үндсэн чиглэлийн гол зорилт хангагдсан хэмээн хариулт өгсөн. Үүнд уул уурхайн салбар, тэр дундаа нүүрсний салбар дахь сэргэлт гол нөлөө үзүүлсэн болохыг ажлын хэсэг хэллээ. Нүүрсний экспортын хэмжээ 2017 оны байдлаар 33.4 сая тонн буюу түүхэн дээд хэмжээнд хүрсэн бөгөөд үүнтэй уялдан тээвэр, боловсруулах, үйлчилгээний салбарт эдийн засгийн гол өсөлт гарсан гэлээ. Тухайлбал боловсруулах салбар 22.1 хувийн өсөлт гарсан бол өмнө нь 22-23 хувиар унаж байсан барилгын салбарын уналт саарч 0.2 хувь болж буурчээ. Худалдааны салбарт 7-8 хувийн өсөлт гарсан бөгөөд эдгээрийн үр дүн ДНБ-ий өсөлт 2017 онд 5.1 хувьд хүрч үндсэн зорилтыг хангажээ.
Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа, Х.Болорчулуун, Б.Баттөмөр, Д.Тэрбишдагва, Б.Дэлгэрсайхан нар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлттэй холбогдуулан байр сууриа илэрхийлж, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх үүднээс үндэсний үйлдвэрлэлээ импортын татвараар дэмжих, эдийн засаг харьцангуй өсөлттэй байгаа энэ цаг үед мега төслүүдээ хөдөлгөх, төмөр замуудыг эхлүүлэх шийдвэрийг хурдан гаргах, хилийн боомтуудаар ачаа нэвтрүүлэх чадварыг сайжруулах ажлыг эхлүүлэх, чөлөөт бүсийн үйл ажиллагааг эхлүүлэх зэрэг бодитой ажлыг хийх шаардлага байгааг онцолж байв. Ийнхүү Байнгын хороо “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг хэлэлцэн, энэ талаар тусгайлан Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах шаардлагагүй гэж үзсэн талаарх санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны үйл ажиллагааны тайланг сонсов
Мөн өдрийн хуралдаанд Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн 2017 оны үйл ажиллагааны тайланг танилцууллаа. Тэрбээр тайлангаа зах зээлд гарсан өөрчлөлт, нөлөөллийн талаарх мэдээллээр эхлүүллээ. Санхүүгийн зохицуулах хороонд 2013 оноос хойш зохицуулалттай этгээдийн тоо 2.6 дахин өсч тайлант оны байдлаар 2,125 болжээ. Нийт хөрөнгө 35.4 хувиар өсч, 153.1 тэрбум төгрөгт хүрчээ. Үүнтэй зэрэгцэн хадгаламжийн хэмжээ 100 тэрбум төгрөгт дөхсөн гэдгийг тэрбээр мэдээллээ. Ашгийн хэмжээ нь 2016 онтой харьцуулахад 42.4 хувиар өсч 5.5 тэрбум төгрөг болсон байна. Хадгаламж, зээлийн хоршоодын тоо 2016 оны мөн үетэй харьцуулахад 3.6 хувиар өсөж нийт 290 хоршоо тусгай зөвшөөрөлтэйгөөр төслийн санхүүжилтийг дамжуулан зээлдүүлэх үйлчилгээ, санхүүгийн түрээсийн үйлчилгээ, даатгалын төлөөлөгчийн үйлчилгээ, цахим төлбөр тооцооны төлөөлөгчийн үйлчилгээ, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ, хуримтлалын сан үүсгэх, удирдах зэрэг санхүүгийн бусад үйлчилгээг нэмэлт зөвшөөрөл, зохицуулалтын хүрээнд хүргэж үйлчилж байгаа юм байна. Гишүүдийн тоо өнгөрсөн онтой харьцуулахад 20.4 хувиар буюу 55,624-т хүрчээ. Зээлдэгчийн тоо 25.7 хувь, хадгаламж эзэмшигчийн хувь 43 хувиар өссөн байна. Бүх аймагт хадгаламж зээлийн хоршоо үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2017 онд улсын төсөвт төвлөрүүлсэн татварын хэмжээ өмнөх оноос 28.2 хувиар өсч 859 сая төгрөг болжээ. Даатгалын зах зээлийн хувьд даатгалын нийт хөрөнгө 250 тэрбум төгрөгт хүрсэн бол нөөц сан 118.1 тэрбум төгрөгт хүрсэн байна. Үүнтэй зэрэгцээд хураамжийн орлого, нөхөн төлбөр, болон давхар даатгалын хураамжийн үйл явц өссөн дүнтэй байгааг С.Даваасүрэн дарга танилцууллаа. Даатгуулагч иргэдийн тоо 48 мянгаар өссөн бол 26 шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн гарчээ. Энэ салбараас улсын төсөвт 3.6 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байна. Бичил, жижиг, дунд, өрхийн бизнес эрхлэгчдэд зээл, валют арилжаа, итгэлцэл, факторинг, цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулга, төлбөрийн баталгаа, хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлээр зөвлөгөө мэдээлэл өгөх, богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх, төлбөр тооцооны хэрэгсэл гаргах зэрэг санхүүгийн үйлчилгээг тусгай зөвшөөрөл, зохицуулалтын хүрээнд хүргэж үйлчилдэг банк бус санхүүгийн байгууллагуудын тоо 2017 оны жилийн эцэст 534 болж өмнөх оны мөн үеэс 3.1 хувиар өссөн аж. Салбарын нийт хөрөнгө 969.2 тэрбум төгрөгт хүрч өмнөх оноос 23.1 хувиар буюу 182.0 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байгаа бөгөөд зээлийн сарын жигнэсэн дундаж хүү өмнөх оноос 0.6 пунктээр буурч 3.4 хувьд хүрсэн үзүүлэлттэй байна гэв. Дүрмийн сан өссөн, өргөжилтийн үр өгөөжөөс үүдэн ажиллагсдын тоо 400 орчмоор нэмэгдсэн байна. Аймаг бүрт банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2016 оны үзүүлэлттэй харьцуулахад зээлдэгчдийн тоо 61.7 хувиар, харилцагчийн тоо 150 хувиар өссөн дүн гарчээ. 11.2 тэрбум төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлсэн гэлээ. 2017 оны жилийн эцсийн байдлаар зах зээлийн нийт үнэлгээ 2.4 их наяд төгрөгт хүрсэн нь улсын хэмжээнд эдийн засгийн өсөлт хамгийн өндөр гарсан 2011 оны түвшнээс 271.6 тэрбум төгрөгөөр давсан үзүүлэлт болж байна.
2017 онд Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхэлж буй 52 компани мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа боловч хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ өссөн дүнтэй байгааг тайланд дурдав. Зах зээлийн үнэлгээ өссөнтэй холбоотойгоор тайлант хугацаанд Т0П-20 индекс өмнөх оны мөн өссөн, арилжаанд оролцож буй хувьцаат компанийн тоо 2016 онд 82 байсан бол 2017 онд 108 болсон байна. Тайланд онд “Ай түүлс”, “Анд Энерги" компаниуд шинээр IPO гаргасан бөгөөд тус бүрийн захиалга 1.5-аас гурав дахин давж биелсэн бөгөөд татвар хураамжийн дараах цэвэр ашиг, борлуулалтын орлогын хувьд эдгээр компанийн эргэлтийн хөрөнгө өссөн дүнтэй байгаа, богино хугацаат өр төлбөрийн хувьд ч нэлээд эерэг үзүүлэлттэй байгаа гэдгийг хэллээ. Ноогдол ашиг тараасан компанийн тоонд өөрчлөлт ороогүй хэдий ч 2016 онд 14.6 тэрбум төгрөг тарааж байсан бол энэ үзүүлэлт 367 хувиар өсч 2017 онд 68.3 тэрбум төгрөгт хүрчээ. хувь, хэмжээ нэлээд хэмжээгээр өссөн гэлээ. Үнэт цаасны зах зээл дээр 2016-2017 онд 20 орчим мянган хүн шинээр данс нээлгэсэн, ипотекийн зээлдэгчдийн тоо 27 орчим хувиар өссөн гэдгийг С.Даваасүрэн дарга тайлагналаа. Үргэлжлүүлэн тэрбээр Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй тайланг танилцуулсан.
Дараа нь Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцүүлэгт бэлтгэх, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Болорчулуун танилцууллаа. Ажлын хэсэг хоёр удаа хуралдаж, хорооны 2017 оны үйл ажиллагааны тайлан, Байнгын хорооны 2017 оны 16 дугаар тогтоолын хэрэгжилттэй танилцаад дараах асуудлаар чиглэл өгөх нь зүйтэй хэмээн үзжээ.
- Банкнаас бусад санхүүгийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр идэвх санаачилгатай ажиллаж Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл болон Эдийн засгийг сэргээх хөтөлбөрт заасан хууль тогтоомжийн төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах
- Банкнаас бусад санхүүгийн салбарын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээг орон нутагт шуурхай хүргэх ажлыг зохион байгуулах, түүнд шаардлагатай төсөв, тооцоог хийж улсын төсөвт тусгуулах
- Эрсдэлд суурилсан хяналт шалтгалтын тогтолцоонд шилжих, хөрөнгийн хүрэлцээт байдал, төлбөрийн чадвар, нөөц санг тооцох аргачлалыг боловсронгуй болгох, өөрийн эрсдэл болон төлбөрийн чадварыг үнэлэх, банкнаас бусад санхүүгийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн сангийн тогтолцоог бүрдүүлэх
- Блокчейн технологи, криптовалютын талаар олон улсад авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, зохицуулалтын талаар судалж, зохицуулалтын арга хэлбэрийн талаархи саналаа холбогдох байгууллагатай хамтран боловсруулах
- Гадаадын хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргасан Монгол Улсын компаниудын талаархи шаардлагатай мэдээллийг авах чиглэлээр гадаад улсын зохицуулагч байгууллага болон олон улсын байгууллагатай хамтран ажиллах зэргийг тусгасан шийдвэрийн төслийг боловсруулжээ.
Танилцуулгуудтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа, М.Оюунчимэг, Б.Дэлгэрсайхан, Б.Баттөмөр, Д.Тэрбишдагва нар тодруулга хийж, ажлын хэсгээс хариулт авсан. Шинээр байгуулагдаж буй банк бус санхүүгийн байгууллагын дүрмийн сан бууруулах, цаашид нь үе шаттайгаар нэмэгдүүлэ, мөн арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хүүг бууруулах чиглэлээр бодитой ажил хийх, санхүүгийн зах зээлийг идэвхжүүлэх, технологид суурилсан санхүүгийн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хийхтэй холбоотой саналуудыг гишүүд хэллээ. Хуралдааны явцад гишүүдээс гаргасан тодорхой саналуудыг чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолд тусган тогтоолыг батлах санал хураалт явуулахад гишүүдийн 69.2 хувь нь дэмжсэн юм.
Энэ өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын даргын 2018 оны 60 дугаар захирамжаар байгуулагдсан шалгалтын ажлын хэсгийн мэдээллийг сонссон бөгөөд тус мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, тодруулга хийх шаардлагагүй хэмээн үзсэн юм.
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэв
Дараа нь Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүдийг томилох тухай асуудлыг хэлэлцэж, Байнгын хорооны дарга Д.Дамба-Очир танилцуулга хийлээ. Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд 2018 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Монголбанк нь Мөнгөний бодлогын хороотой байх, уг хороо нь Монголбанкны Ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч болон Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо нэр дэвшүүлж, Улсын Их Хурлаас зургаан жилийн хугацаатай томилсон орон тооны бус дөрвөн гишүүнээс бүрдэх тухай 273 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг нэмж оруулсан. Хуулийн дээрх заалтыг үндэслэн Байнгын хорооноос Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүдэд Цэрэндоржийн Батсүх, Цэдэвсүрэнгийн Мөнхбаяр, Батдэлгэрийн Түвшинтөгс, Чулуундоржийн Хашчулуун нарыг тус тус санал болгож, тэдгээрийг Мөнгөний бодлогын хорооны орон тооны гишүүдээр томилох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ. Нэр дэвшигчдийг сонгохдоо Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 273 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримталсан байна.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд нэр дэвшигчид болон Байнгын хорооны даргаас асуулт асууж, хариулт авсан.
Эдийн засагч, эдийн засгийн ухааны доктор Ч.Хашчулуун нь 1989 оноос одоог хүртэл МУИС-ийн Эдийн засгийн ухааны тэнхимийн багш, 1996-1999 онд Япон “Жайка”, Монгол Улсын эдийн засгийн төлөвлөлт, дунд хугацааны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн зөвлөх, 2003-2004 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн гадаад харилцаа хариуцсан орлогч захирал, 2004-2009 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн захирал, 2006-2012 онд Монголбанкны захирлуудын зөвлөлийн гишүүн, 2010-2011 онд Монгол Улсын Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга, 2009-2012 онд Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны даргаар тус тус ажиллаж байсан. Тэрбээр 2016-2018 онд Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүн, 2018 оноос Эдийн засгийн докторын ажил хамгаалуулах зөвлөлийн дарга, Үндэсний хөгжлийн газрын Шинжлэх ухааны зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа бөгөөд түүнийг Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнээр томилохыг хуралдаанд оролцсон гишүүд 66.7 хувийн саналаар дэмжсэн.
Математикч мэргэжилтэй, эдийн засгийн ухааны доктор Ц.Батсүх нь 1992-1995 онд ШУА-д эрдэм шинжилгээний ажилтан, 1995-1996 онд МУИС-д мэдээлэл зүйн багш, 1996-1998 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт мэргэжилтэн, 1998 онд Гадаад хэргийн яаманд мэргэжилтнээр тус тус ажиллаж байгаад 1998 оноос өнөөг хүртэл СЭЗДС-д багш, Экономикийн тэнхимийн эрхлэгч, профессороор ажиллаж байгаа юм байна. Түүнийг Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнээр томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Эдийн засагч мэргэжилтэй, Япон Улсын Бодлого судлалын Үндэсний институтэд төрийн эдийн засгийн магистр, Австралийн Үндэсний их сургуулийн санхүүгийн магистр Ц.Мөнхбаяр нь 2001-2005 онд Сангийн яаманд мэргэжилтэн, 2007-2012 онд Монголбанкинд ахлах эдийн засагч, 2012-2013 онд Монголбанкинд хэлтсийн захирал, 2015-2016 онд Монголбанкны Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга, Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байгаад 2016 оноос Улсын Их Хурлын даргын Эдийн засгийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байна. Ц.Мөнхбаярыг Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнээр томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжлээ.
Дээрх хорооны орон тооны бус гишүүнд эдийн засагч Б.Түвшинтөгс нэр дэвшсэн юм. АНУ-ын Манчестерийн их сургуульд мастер, Бостоны их сургуульд докторын зэрэг хамгаалсан тэрбээр 1997-2001 онд Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны газарт эдийн засагч, 2005 онд Бостон Хистори Коллаборэйтив-д судлаач, 2008-2009 онд “Апплайд персонал ресөрч”-д судлаач, 2009-2010 онд Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнд захирал, 2010-2017 онд Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүнээр тус тус ажиллаж байжээ. Төрийн мөнгөний бодлогын төсөл, мөнгөний бодлогын хэрэгслийн хүүг тогтоох, банкны заавал байлгах нөөцийн хэмжээ, зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийн хувь, хэмжээг тогтоох асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх үүрэг бүхий Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнээр эдийн засагч Б.Түвшинтөгсийг томилохыг дэмжих эсэхээр санал хураалт явуулан шийдвэрлэсэн юм. Санал хураалтад оролцсон гишүүд 53.3 хувь нь татгалзсан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.