Цэс

Холбоо барих

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт

МЭНДЧИЛГЭЭ

                 Эрхэм сэтгүүлчид ээ,

                 Хэвлэл мэдээллийн байгууллагын нийт ажилтнууд аа,

   Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Та бүхэндээ Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ өргөн дэвшүүлье.

    НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн тавдугаар сарын 3-ныг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэж байхаар 1993 онд шийдвэрлэснээс хойш 25 жил өнгөрчээ.

    Монголын сэтгүүлчдийн хараат бус, хариуцлагатай, чөлөөт сэтгүүл зүйг жинхэнэ утгаар нь төлөвшүүлэх, шударга ёс, үнэний тугч нь байж, нийгмээ эрүүлжүүлэх эрхэм зорилго Монгол оронд өрнөсөн ардчиллын үйл хэрэгтэй хамт дэвшигдсэн билээ.

    Өнгөрсөн он жилүүдэд энэ зорилгоо хэрэгжүүлэх чиглэлд Та бүхэн багагүй амжилт олсон. Шийдэгдэж хараахан амжаагүй, зайлшгүй анхаарвал зохих асуудлууд ч бас бий. Гэхдээ бүхэлдээ Та бүхний 20 гаруй жилийн зүтгэл чармайлт, хөдөлмөр тэмцэл нь чөлөөт хэвлэлийн нэр төртэй түүхэн замнал, монголчуудын оюун сэтгэлгээний хувьсган өөрчлөх хүчит давалгаа байсан гэж хэлж болно.

    Шударга ёсны дуу хоолой болох, иргэн түмний нийтлэг эрх ашгийг төлөөлөх, буруу бусармаг бүхнийг илчлэн тэмцэхийн төлөөх сэтгүүлчийн ажил үйлсийн зам мөр бартаатай хэрнээ бахархалтай.

    Энэ аян сэтгүүлч Танаас ихээхэн мэдлэг ухаан, тэвчээр хатуужил, зориг зүрх шаарддаг. Тэр хэрээр сэтгүүлчийн хөдөлмөрийг олон түмэн, түүний дотор төр, засаг үнэлэн хүндэлдэг билээ.

    Энэ дашрамд төр засгийн бодлого шийдвэрийг түгээн сурталчлагч, төр-ард түмнийг холбогч зууч, Монголоо дэлхий ертөнцөд таниулагч гүүр нь болсоор ирсэн Та бүхэнд талархал илэрхийлье.

     Сэтгүүлчид бол нэг талаас төр, засгийн дотнын нөхөр нь, нөгөө талаас гашуун боловч үнэнийг хэлдэг үнэнч туслагч нь билээ.

   Монгол Улсын хөгжил дэвшил баталгаа дархлаатай, ирээдүй маргааш нь гэгээ гэрэлтэй байх ёстой. Монгол хүн бүр эх орон, ард түмнийхээ сайн сайхны төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж, аливаа бэрхшээлтэй асуудлыг монгол хүний саруул ухаан, эв нэгдлээр даван туулж, ойлголцол зөвшилцөл, нийгмийн тогтвортой байдлыг эрхэмлэх нь нэн чухал байна.

    Үүнд хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн үүрэг онцгой ач холбогдолтой гэдгийг тэмдэглэж хэлье.

   Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурал иргэдийнхээ үнэнийг мэдэх эрх, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр цөөнгүй хууль, тогтоол батлан гаргасан билээ. Цаашид ч хийх зүйл их бий.

   Өнөөгийн Улсын Их Хурал “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай” хуулийг шинэчлэх, “Өргөн нэвтрүүлгийн тухай” хуулийг боловсруулж батлахад онцгой анхаарлаа хандуулах болно.

   Монголынхоо түүхийг өгүүлэхүйн, бичиглэхүйн, дүрслэхүйн ухаанаар урлан бүтээх, Монгол оронд шударга ёс, иргэндээ ээлтэйнийгмийг цогцлоох үйлс тань ямагт бүтэмж төгөлдөр байх болтугай.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД


2018.05.03                                                                                        Улаанбаатар хот.

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл